Монголын залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан өндөр чансаатай 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.
Тэгвэл 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдийн дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн байна.
Энэ талаар МҮБХ-оос мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүн МУ-ын заан Ц.Магалжав “Дөнгөж сая Допингийн үндэсний төвөөс манайд 18 бөхийн допингийн шинжилгээг ирүүллээ. Харамсалтай нь, дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрлээ. Өнөөдөр бөхчүүдэд шинжилгээний хариуг илгээлээ. Бөхчүүд В сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа 10 хоногийн дотор өгнө. Хэрвээ В сорьцоо шинжлүүлэхгүй гээд, А сорьцны хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана” гэв.