Дэлхийг нөмөрсөн цар тахал хилийн чанадад байгаа монголчуудад хамгийн хүндээр тусч буй. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж байгаагаас хамгийн түрүүнд ажилгүй болж цаашлаад орох орон, идэх хоолгүй болсон олон монголчууд хилийн гадна бухимдацгааж байна. Тэдэнд нэн шаардлагатай зүйл эх орондоо ирэхээс гадна мөнгө төгрөгийн тусламж гэдгийг бүгд ам нэгтэйгээр хэлж байгаа.
Тэгвэл Улсын онцгой комисс өнгөрсөн 8 дугаар сарын 20-нд гадаадад байгаа тусламж нэн шаардлагатай монгол иргэдэд зориулж 300.000.000 төгрөгийг Улсын төсвөөс гаргах тушаалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгчээ. Үүний дагуу 300.000.000 төгрөгийг 9 дүгээр сарын 28-нд энэ хөрөнгийг Гадаад харилцааны яаманд шилжүүлсэн байна. Гадаад харилцааны яам “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах аян” гэж шилэн дансандаа тэмдэглэжээ.
300 сая төгрөг гэдэг их хөрөнгө. Цөөнгүй монгол иргэдэд тусламж болох мөнгө. Гэвч энэ хөрөнгө яг ямар хүмүүст очсон талаарх мэдээлэл өнөөг хүртэл тодорхойгүй байна. Бүр нарийн яривал гадаадад байгаа монголчууд энэ тусламжийг авч чадаагүй талаар маргаан ч одоо цахим сүлжээнд өрнөж байна.
Ямар иргэдэд ямар шалгуураар өгсөн талаарх мэдээлэл гараагүй байхад тусламжийн мөнгө дууссан хэмээн гадаад дахь Монголын Элчин сайдын яамдууд иргэдэд мэдэгдэж эхэлжээ.
Тиймээс 300 сая төгрөгийг яг ямар шалгуураар хэчнээн зуун иргэдэд тусламж болгож өгснөө Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ард түмэндээ тайлагнах ёстой болж таарч байна.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА