Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улс зэвсгийн экспортын өсөлтөөр дэлхийд тэргүүлэгч болсныг албаны тоо баримт харуулжээ.
Өнгөрсөн онд тус улсын зэвсгийн экспортын хэмжээ $7 тэрбумыг давсан нь түүхэн дээд өсөлт болсныг Солонгосын Экспорт-Импорт банкны шинэ тайланд дурдсан байна.
Тухайлбал Өмнөд Солонгос улс 2017-2021 онуудад 2012-2016 онуудын үеэс 177 хувиар илүү зэвсэг экспортолжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын дотор хамгийн өндөр өсөлт юм байна.
Дэлхийн топ 20 зэвсэг экспортлогч дотор Австрали 98, Франц 59 хувийн өсөлтөөр Өмнөд Солонгосын дараа удаалжээ.
Дэлхийн зэр зэвсгийн зах зээлд эзлэх Өмнөд Солонгосын хувь хэмжээ энэ хугацаанд 1 хувиас 2.8 хувь болж, бараг гурав дахин өссөн байна.
Одоо тус улс Ази тивд зөвхөн Хятадын дараа бичигдэх экспортлогч болжээ. 2000 онд Ази тивд 31 дүгээр байрт бичигддэг байсантай харьцуулбал энэ нь маш хурдтай өсөлт юм.
Өмнөд Солонгосын 2022 оны зэвсгийн экспортын хэмжээ $10 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Тус улсын борлуулсан зэвсгийн 16 хувь Филиппин, 14 хувь Индонез улсад оногдсоноор хамгийн том худалдан авагчид болжээ. Сүүлийн жилүүдэд зах зээл нь Ази тивээс хальж, Европ тивд хүрсэн байна.
Саяхан НАТО-гийн гишүүн Польш улс Өмнөд Солонгосоос танк, нисэх онгоц, их буу худалдаж авах болсноо зарласан юм. Энэ удаа 48 ширхэг FA-50 сөнөөгч онгоц, 180 ширхэг K2 “Хар ирвэс” танк, тодорхой тооны K9 их буу худалдаж авахаар болсныг Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блащак өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
Эх сурвалж: Korea Times