
Хоёр өдрийн тусгай дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Брюссель хотноо цугларч, тус холбооны 7 жилийн төсөв, ирэх онд Украинд олгох 45 тэрбум еврогийн нэмэлт зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн хэмжээ болон Киевийг санхүүжүүлэхэд зарим улс оролцох эсэх асуудлаар оролцогчдын дунд санал зөрөлдөөн үүссэн нь зөвшилцөх явцыг хүндрүүлж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар төсвийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрч чадахгүй бололтой. Дипломат эх сурвалжуудын үзэж байгаагаар, 12 дугаар сард болох ээлжит дээд хэмжээний уулзалтаар асуудал шийдэгдэхээр байна. Харин зарим гишүүн улсууд төсвийн хэлэлцээрийг хүлээхгүйгээр Украинд зээл олгохыг дэмжихэд бэлэн байна.
Украины хувьд 2027 онд нэмэлт зээл хэрэгтэй байгаа бол ЕХ-ны ирэх 7 жилийн төсөв нь 2028-2034 оныг хамаарч байгаа юм. Тэгэхээр энэ бол хоёр өөр асуудал, шийдэл гэсэн үг. Гэхдээ шинэ зээлийн үйлчилгээний эхний зардлууд 2028 онд үүсэх тул ЕХ Украины өмнөөс зээлийн хүүг төлөх үү гэдэг нь дараагийн төсвийн хүрээнд шийдэгдэх асуудал юм. Герман улсын хувьд, олон жилийн төсөвт Украиныг урт хугацаанд санхүүжүүлэх асуудлыг тусгах, Киевт туслах ажиллагаанд бүх гишүүн 27 улсыг хамруулахыг эрмэлзэж байна. Үүнийг Нидерландын Ерөнхий сайд Роб Йеттен дэмжжээ.
Харин Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш хэлэхдээ, Украиныг санхүүжүүлэх асуудлыг холбооны төсвөөс тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Мөн Францын талын үзэж байгаагаар, Украинд үзүүлэх тусламжийг ЕХ-ны бусад хөтөлбөртэй холбож уялдуулах нь төдийлөн оновчтой биш ажээ. Украинд шинээр зээл олгохыг Европын комисс 11 дүгээр сард санал болгосон байна. Зээлээс 25 тэрбум еврог батлан хамгаалахын салбарт, 20 тэрбумыг нь Украины төсвийг дэмжихэд зарцуулна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!