
Засгийн газрын өнөөдрийн /2026.11.25/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
-Засгийн газрын хуралдаанд Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг танилцуулан дэмжиж, ирэх Баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хууль батлагдсанаар,
- Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана,
- Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ,
- Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,
- Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна.
- Хураан авсан хөрөнгийн сан байгуулна. Сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.
- Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох,
- Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулахаар тусгажээ.
Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд тогтолцоогоор нь харж өнөөгийнхөө асуудалд дүн шинжилгээ хийж, өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Анхаарах ёстой зайлшгүй асуудал байна. Жилээс жилд авлигын индекс буурч байгаа. Гэмт хэрэг илрүүлэх төдий бус ил тод байдлаа сайжруулах, хяналтаа сайжруулах, хүнээс хамааралтай тогтолцоо, процессын оролцоог бууруулах. Мэдээлэл технологийн шинэчлэлийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлага байна. Энэ хүрээнд төрийн аль байгууллага дээр ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна, хэнээс үүсээд байна гэдэг асуудлыг деталчилж оролцоог нь өөрчлөх шаардлага байна гэж үзсэн.
Монгол Улс авлигатай тэмцэх хүрээнд нэн даруй таван хуулийн төслийг УИХ-аар батлах шаардлага бий.
Ил тод байдлыг дээшлүүлэх хүрээнд Төрийн нууцын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төр юуг нууцлахаа илүү тодорхой болгох.
Төрийн өмчит компани, албан байгууллага гэрээ, үйл ажиллагаагаа нууцалдаг байж болохгүй.
Энэ хууль батлагдсанаар илүү нээлттэй, ил тод болно. Албаны нууц нэрийн дор давуу байдал олгодог, сонгон шалгаруулалтаас зугтаадаг байх ёсгүй. Энэ хууль ирэх арванхоёрдугаар сард батлагдаад 2027 оноос хэрэгжих болломжтой гэж үзэж байгаа.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, Засгийн газраар оруулж дэмжүүлээд өргөн барихад бэлэн болсон. Ингэснээр ирэх арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. Авлига, албан тушаал болоод түүнтэй холбоотой гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэх, тухайн шүгэл үлээсэн хүнээ хамгаалах эрх зүйн орчин бий болно, нууцлалыг хамгаалах тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Нэг талдаа өнөөдөр хууль хяналтын байгууллага цаг хугацаандаа ажлаа хийхгүй, гэмт хэргийг цаг хугацаанд нь түргэн шуурхай шийдвэрлэхгүй байна гэдэг асуудал хөндөгддөг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Арванхоёрдугаар сардаа багтаан боловсруулж дуусгавал УИХ-д өргөн мэдүүлнэ.
Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Прокурорын байгууллага дээр үүссэн хэрэг одоо яг ямар шатанд явна. Прокурор дээр хэр хугацаа алдсан байна, ямар үндэслэлээр буцаагдсан байна, шүүх рүү явсан бол хэд хоногт шийдэх ёстой юм, процесс ажиллагаа нь ямар явж байна. Эрүүгийн гэмт хэрэг дээр цагдан хорих саатуулах зэрэг албадлагын арга хэмжээ авах шаардлага үүсдэг. Түүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ч гарах ёстой. Шүүхийн шийдвэр үндэслэл хоног хугацаагаараа нэгдсэн цахим мэдээллийн санд ордог байх ёстой.
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна гэлээ.
Нөмрөгийн дархан цаазат газарт 3.3 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/БОУАӨ/-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Түймэр 484 мянган га газар нутгийг хамарсан, үүний 431 мянган га нь Нөмрөгийн дархан цаазат газар, орчны бүсийн 52 мянган га газар түймэрт өртсөн. БОУАӨ-ийн яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран түймрйин улмаас учирсан хохирлын үнэлгээг хийж дуулсаа. Шатсан талбайн дийлэнх хэсэг бага болон дунд зэрэглэлээр шатсан. Нийт шатсан талбайн 81 мянган га талбай их болоод маш их зэрэглэлээр шатсан гэдэг судалгааны дүн гарсан. 14,7 мянган га ой түймэрт өртөж хөрс ус амьтан ургамлын амьдрах орчинд тодорхой хэмжээнд доройтол үүссэнийг тогтоосон.
Хохирлын хэмжээ бол эцсийн шийдвэр биш ажлын хэсэг эхний байдлаар гаргасан гэдгийг тодотгоё. Хууль хяналтын байгуулагаас шүүх, шинжилгээний байгууллагад хандаж мэргэжлийн шинжээч гаргаж, ажлын хэсгийн гаргасан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосноор эцсийн дүн гарна.
Холбогдох хууль аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр үнэлж, улсын тусгай хамгааллалттай газар нутагт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтын хүрээнд нийтдээ хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг гэж ажлын хэсэг тайландаа гаргасан.
Түймрийг унтраах ажиллагаанд орон нутгийн төсөв, Тусгай хамгаалалтын газрын захиргаа, Хил хамгаалах болон Онцгой байдлын байгууллагаас 346.6 сая төгрөгийн шууд зардал гарсан, энэ дунд орсон. Түймрйин хохирлын актыг холбогдох журмын дагуу баталгаажуулж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг асуудал хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтын шатанд үргэлжилж байна. Шинжээчдийн дүгнэлтээр Нөмрөгийн дархан цаазат газарт зарим хэсэгт байгалийн нөхөн сэргээлт явагдах боломжтой боловч их хэмжээний шаталттай талбай, ойн экс систем болон эмзэг бүсүүдэд төрөөс чиглэсэн нөхөн сэргээлт хамгаалалт урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Эко системийн нөхөн сэргээлт, түймрийн дараах мониторингийн судалгааны ажлыг үе шаттай хийхэд урьдчилсан байдлаар 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэлээ.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!