Пүрэв гарагт Москва хотноо Валдай олон улсын мэтгэлцээний клубийн чуулганд үг хэлэхдээ Украинд зэвсэг нийлүүлж буй улс орнуудыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шүүмжилсэн юм.
Ингэхдээ тэр Өмнөд Солонгосыг жишээ болгон дурдсан байна. “Хэрвээ бид Умард Солонгост зэвсэг нийлүүлж эхэлбэл Бүгд Найрамдах Солонгос Улсад ямар санагдах бол?” гэж Путин энэ үеэр хэлжээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр Путиний хэлсэн үгийг няцаасан байна.
“Бид олон улстай эв санааны нэгдэлтэй байгаагийн илрэл болгож Украинд хүмүүнлэгийн болон энхийн тусламж үзүүлж байгаа. Харин үхлийн аюултай зэр зэвсэг хэзээ ч нийлүүлж байгаагүй. Энэ нь манай бүрэн эрхт байдлын асуудал мөн боловч бид дэлхийн бүх улс оронтой, тэр дундаа ОХУ-тай энх тайванч, сайн харилцаатай байхыг эрмэлздэг” гэж тэр мэдэгджээ.
(LEAD) Yoon says S. Korea has never provided lethal weapons to Ukraine https://t.co/x2JN1WRAj8
— Yonhap News Agency (@YonhapNews) October 28, 2022
Хэдийгээр Өмнөд Солонгос нь АНУ-ын гол холбоотнуудын нэг боловч өнөөдрийг хүртэл Украинд сумнаас хамгаалах хантааз, дуулга зэрэг зэвсгийн бус чанартай хэрэгслийг нийлүүлж байгаа.
Энэ нь Оростой эдийн засгийн харилцаагаа муутгахгүй байх, бас Умард Солонгосын дэглэмд үзүүлэх Москвагийн нөлөөтэй холбоотой гэж ажиглагчид тайлбарладаг.
Өчигдөр Путинээс Европ болон АНУ-ын жирийн иргэдэд хандсан үг хэлэхийг хүсэхэд тэр “Орос улс бол та нарын найз нөхөр. Бид хоорондын харилцаагаа сайжруулахын төлөө олон арван жилийн турш чадах бүхнээ хийсэн, цаашдаа ч хийх болно” гэж хариулжээ.
Эх сурвалж: Aljazeera