fbpx Тэнцүү олгосон нэртэй с зөвшөөрлийн ард сингапур, хятад ноёд туйлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
33 минут 58 секунд

Тэнцүү олгосон нэртэй с зөвшөөрлийн ард сингапур, хятад ноёд туйлж байна

Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын "Open extractives" төслийн дэмжлэгтэйгээр Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн таван сарын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй мэдээллийг ашиглан бэлтгэв.

Ж.Алтангэрэл аялал жуулчлалын компанид ажилладаг байсан ч цар тахал дэгдэж хил хаагдсанаар гэртээ суужээ. “Цар тахлын үеэр ганц орлоготой хүмүүс нүүрс тээврийн жолооч нар л харагдаж байсан. Тиймээс хүнд даацын машиныг банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэйгээр 240 сая төгрөгөөр зээлж авсан” гэж Ж.Алтангэрэл яриагаа эхлэв. Гэвч тэр С зөвшөөрөл авч чадаагүйгээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа тээвэрт явсангүй. Харин машиныхаа зээлэнд сар тутам дөрвөн сая төгрөг төлж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 50 орчим сая төгрөг салхинд хийсгэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn цахим хуудсандаа өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард байршуулсан жагсаалтаас үзэхэд нүүрс тээврийн 188 компанид 4017 С зөвшөөрөл олгохоор хуваарилсан байлаа. Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ) Ж.Ганбат “Улс төрд хамаарал бүхий нүүрс тээврийн компаниудад С зөвшөөрөл олгохгүй” гэсэн мэдэгдлийг ажлаа авсан даруйдаа хийж байв. Тэгвэл өнгөрсөн хоёр сард олгосон 4017 С зөвшөөрлийн 1231 нь буюу гуравны нэг нь төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий болон гадны компаниудын эзэн хэдхэн хүмүүсийн гарт эргэлдэж байгааг нээлттэй өгөгдөл өгүүлж байна.

С зөвшөөрөл гэдэг Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1991 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийн хүрээнд гурван сар тутамд олгогддог олон удаа хил нэвтрэх байнгын ачаа тээврийн зөвшөөрөл юм. Товчхондоо нүүрс тээврийн “ногоон карт” гэсэн үг. С зөвшөөрлийг богинын тээвэр буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх Цагаан хад суурьшлын бүсээс Гашуун сухайт-Ганц мод боомт хүртэл 25 км газарт нүүрс зөөдөг жолооч нарт олгодог журамтай.

Ж.Алтангэрэл шиг олон монгол залуус С зөвшөөрлийг төрийн ямар нэгэн хүнд сурталгүй авч, тээвэр хийн амьжиргаагаа залгуулах ёстой нэг төрлийн ажлын байр юм. Гэвч өнөөдөр энэ алга дарам цаас хэдэн арван жолооч нарын амь нас, эрүүл мэндээр үнэлэгдэж, цаашлаад төрийн авлигын том сүлжээ болтлоо дүрээ хувилгажээ. ХЭҮК-оос 2018 онд хийсэн Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хийсэн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд “2010-2012 онд хатуу хучилттай болон шороон замаар нүүрс тээвэрлэлт явагдаж байхад жилд 300 гаруй зам тээврийн осол гарч нийт 30 хүн нас барсан байдаг. 2010-2018 онд Гашуун сухайтын нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас наад зах нь 50 гаруй хүн амь нас үрэгдсэн” гэжээ.

Нүүрс тээвэр хийхийг хүссэн 26400 мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны 12 дугаар сарын 21-нд Төрийн ордонд болсон нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын үеэр дурдсан. Жолооч нар дангаараа С зөвшөөрөл авах эрхгүй, заавал нэг компанид харьяалагдах ёстой. Тиймээс Ж.Алтангэрэл хүнд даацын машинтай болчихоод Б гэх компанид харьяалагдаж, С зөвшөөрөл авахын тулд 10 сая төгрөг хахуульд өгчээ. Энэ тухай тэрбээр “С зөвшөөрөл гаргаж өгнө гэхээр аргагүйн эрхэнд мөнгө өгсөн. Гэвч 2022 оны зургаадугаар сараас эхлээд С зөвшөөрлийг тендерээр өгнө, өгөхгүй гэж явсаар он дууссан. 2023 он гараад хувь тэнцүүлсэн гэдгээр өгч бид мэтийн жолооч нар орж чадаагүй. Компани олдож байгаан хувьдаа өөрсдийн үндсэн машинаа л явуулдаг юм байна. Гуйж түүж орсон над шиг жолооч өнөөдрийн С зөвшөөрлийн журмаар тээвэрт явах боломжгүй. Над шиг ингэж ажилгүй хүлээж байгаа жолооч нар үй олноор байгаа” гэж ярьсан юм.

99 мянган төгрөгийн үнэтэй С зөвшөөрөл АТҮТ-ийнхнийг хөлдөө чирсэн нь

С зөвшөөрлийг авахын тулд улсад төлдөг хураамж нь ердөө 99 мянган төгрөг. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төв С зөвшөөрөл олгож ирсэн сүүлийн 10-аад жил авлига, албан тушаалын хэрэг тус төвөөс тасраагүй. Үүнийг батлах хамгийн сүүлийн жишээ бол АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн С.Онон, Г.Мэндбаяр нарын хэрэг. К.Айдос, Г.Мэндбаяр нар албан тушаалаа урвуулж БНХАУ-ын иргэн Ву Юун далай болон хэд хэдэн компанид давуу байдал бий болгожээ. Жишээ нь, К.Айдос 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Г.Мэндбаяр нь нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн АТГ-ын мөрдөгчид яллагдагчаар татсан байдаг.

Эдүгээ ид дуулиан дэгдээж буй нүүрсний хэргийн нэг төрөл нь С зөвшөөрөлтэй холбоотой авлига албан тушаалын хэрэг болох нь тодорхой болсон. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 12 дугаар сарын 9-нд мэдэгдэл хийж, АТҮТ-ийн 30 гаруй ажилтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар зарласан. Ингээд энгийн жолооч тээвэрчид, жижиг компани С зөвшөөрлийг ном журмын дагуу авна гэдэг хоосон мөрөөдөл болж, хүнд суртал, авлига гаарсныг Засгийн газар сая нэг анхаарч, С зөвшөөрлийг АТҮТ-өөс салгахаар шийдвэрлэсэн.

БЭТ Ж.Ганбат: Нүүрс тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдийг шалгаад, С зөвшөөрлийг олгоно.

Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны 362 дугаар тогтоол батлагдаж, 2023 оноос С зөвшөөрлийг уурхайнууд өөрсдөө олгодог болох зохицуулалт хийсэн. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдсон БЭТ Ж.Ганбат 2023 оны нэгдүгээр сарын 9-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “С зөвшөөрлийн мэдээллийг вэб сайтад ил болгож буй учир тэндээс шалгуур үзүүлэлт, хэний мэдлийн компани гэдгийг нээлттэй мэдэж болно. Бид Боомтынсэргэлтийн Үндэсний хорооноос баталж битүүмжилсэн тээврийнбаг АТҮТ-ийн нэгдсэн системд бүртгэгдсэн, журмынхаа дагуу хүсэлтээ ирүүлж, шалгуураа хангасан тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдийг хянаж шалгаад С зөвшөөрлийг олгоод явна” гэж байв.

2023 оны I улиралд нийт 7200 С зөвшөөрөл олгох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 хувь, “Энержи ресурс” ХХК 25 хувь, орон нутгийн “Таван толгой” ХХК 15 хувийг компаниудад олгох эрхийг авчээ. Ингэхдээ компаниудад хувь тэнцүүлсэн журмаар олгоно гэсэн хэдий ч бидний олж мэдсэнээр тухайн С зөвшөөрөл хүсэгч компанийн тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч 38-50 хүртэлх хувьд нь С зөвшөөрөл олгож буй аж. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд “Манай компани С зөвшөөрлийг хувь тэнцүүлэн олгохдоо хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар давуу эрх олгохгүйгээр бү хмэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, С зөвшөөрөл олголт ил тод нээлттэй, тэгш хуваарилалттай хяналттай болсноор худалдан борлуулах, хууль бусаар олгох асуудал байхгүй” гэсэн мэдэгдлийг цахим сайтдаа байршуулсан байв аа.

Тэгвэл энэ шинэ зохицуулалт С зөвшөөрлийг авлигаас ангид байлгаж чадсан уу, жолооч нар шударгаар тээвэр хийх эрхийг олж авч чадсан уу, С зөвшөөрөл авсан компаниудын ард эрх мэдэл, албан тушаал өндөртэй хүмүүс байгаа юу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 9-нд, хоёрдугаар сарын 20-нд шинэ зохицуулалтаар хуваарилсан С зөвшөөрлийн жагсаалтыг ett.mn цахим хуудастаа байршуулсан юм. Тус жагсаалтад нүүрс тээврийн 188 компанид 4017 С зөвшөөрөл олгохоор хуваарилсан байлаа.

Авлигын эрсдэл дагуулдаг, энгийн жолооч тээвэрчид авч чадахгүй байгаа энэ зөвшөөрлийг авч чадсан 188 компанийн талаарх эрэн сурвалжилгыг дата шинжээч, судлаачидтай нэгдэн хийснээ хүргэе.

Хамгийн олон монгол компанийг нэгтгэж, С зөвшөөрлийг түүсэн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте”

С зөвшөөрөл эзэмшиж буй 188 компанийн талаарх эрэн сурвалжилгын явцад хамгийн анхаарал татахуйц баримт бол олон компанийн ард нэг эзэмшигч байсан явдал юм. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлээр С зөвшөөрөлтэй 188 компанийн 148-ыг хувь хүн эзэмшдэг бол 40-ийг нь хуулийн этгээд буюу дахин өөр нэг компани эзэмшдэг дүр зураг харагдаж байлаа. Давхар эзэмшилтэй 40 компанийн наймынх нь ард нэг эзэмшил байсан нь анхаарал татсан. Эдгээр найман компанийг задалж харуулбал:

  1. “Эко глобал ложистикс” ХХК
  2. “Алтан нууц” ХХК
  3. “Аранзал-алаг” ХХК
  4. “Шанхын хэц” ХХК
  5. “Цэций гуа” ХХК
  6. “Дэлгэрэх цагаан овоо” ХХК
  7. “ВВ транс” ХХК
  8. “Хан сахиус” гэх компаниуд нэг л эзэнтэй. Хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Сингапур улсын “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компани ил боллоо. Дээрх найман компани нийт 285 С зөвшөөрөл эзэмшиж байгаа юм.

Түүгээр зогсохгүй дээрх найман компани цаашлаад өөр компанитай ч хамаарал бүхий байх мэдээллүүд олдсон. Тодруулбал, “Аранзал-алаг” компанийн гүйцэтгэх захирал Улсын бүртгэлийн ерөнхий газрын дата санд Батзориг овогтой Төрмөнх гэж тэмдэглэгджээ. Тэгвэл Батзоригийн Төрмөнх нь С зөвшөөрөл эзэмшдэг “Бридж гүрэн транс” компанийнгүйцэтгэх захирлаар 2022 оны наймдугаар сарын 1-нд бүртгүүлсэн байв. “Бридж гүрэн транс” нь ETT.mn цахим хуудаст байршсан С зөвшөөрөлтэй 188 компанийн нэг бөгөөд энэ удаа 41 С зөвшөөрөл авчээ. Тус компанийн хувь эзэмшигч нь Бүгд найрамдах Сингапурын улсын “Global Coking Coal Pte” Ltd байлаа.

С зөвшөөрөлтэй компаниудын харилцах утасны дугааруудыг шүүж үзэхэд дээрх найман компанийн нэг болох “Шанхын хэц”компанийн удирдлагын эзэмшлийн 8088-66...дугаар нь өөр нэгэн С зөвшөөрөлтэй компанийн дугаартай тохиров. Тэр нь Баясгалан овогтой Номингийн эзэмшдэг “Говь хангайн хөдөлмөр” гэх компанибайв. Б.Номин нь МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоогийн охин юм.

Ийнхүү хоорондоо гүйцэтгэх захирал, эзэмшил, өмчлөлөөрөө хамаарал бүхий нийт 10 компани байна. Тэдний эзэмшиж байгаа С зөвшөөрөл 371болж байна. Энэ нь компаниудад олгосон нийт С зөвшөөрлийн 9.2 хувийг эзэлж байв.

Өөрөөр хэлбэл, нэг компани дороо олон компаниар дамжуулж С зөвшөөрөл эзэмшин давамгай байдал бий болгож, нүүрс тээвэр хийдэг хууль бус нөхцөл байдал харагдаж байна.

“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компанийг хэн удирддаг вэ?

С зөвшөөрлийн 9.2 хувийг дангаар эзэлж байгаа “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте”компани нь нүүрс тээвэрт 2021 оноос монгол компаниудаар дамжуулан С зөвшөөрлийг маш олноор эзэмшдэг болсон талаар жолооч тээвэрчид ч ярьж байв. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн жолооч “Энэ компани 2022 онд 1000 орчим машинаар нүүрс тээвэрлэсэн. Тээврийн компаниуд дотроо хамгийн том нь. Энэ онд 800 машин нь тээвэр хийж байгаа” гэлээ.

“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте”компанийн охин компани “Шанхын хэц”-д өнгөрсөн оны сүүлчээр жолоочоор ажиллаж байсан Б ингэж ярив. “Таны нэрлэсэн компаниуд /“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компанийн охин компаниудыг нэрлэж асуусан болно/ жолооч нарын ярьдгаар бол “Санхиа” гэж компанийн машинууд. Манайхан “Санхиа” компани гэдэг. Монгол дахь нүүрс тээвэр, монгол компаниуд хариуцсан компани нь гэж ойлгодог. Хятад эзэдтэй, маш том компани. Цагаан хад болон Гашуунсухайт боомт дээр өөрсдийн нүүрс буулгах талбайтай. Богино, урт, терминал, дотоод терминал, дотоод цэнэг гээд бүх тээвэрт машинууд нь явдаг. “Рийч рөүд” гэж өөр нэг охин компани бий. /Тус компани нь охин компани мөн бөгөөд гүйцэтгэх захирал Батзоригийн Төрмөнх гэдэг нь УБЕГ-ын бүртгэлээр таарч байв/. “Санхиа” бол 2000 машинтай. Энэ зөвхөн нэг эгнээ нь. /Нүүрс тээврийн машинуудыг эгнүүлээд зогсоосон зураг үзүүлэв/.Томоохон кемпүүдтэй. Миний мэдэхээр өнгөрсөн нэгдүгээр сард /С зөвшөөрөл авсан 188 компани/ С зөвшөөрөл олгоход богинын тээвэрт явж байсан машинудаас нэг нь ч хасагдаагүй. Эндэх захирал нь А.Ариунболд гэж хүн бий” гэсэн мэдээллийг өгсөн. Түүний ярьснаар А.Ариунболд нь “Дэлгэрэх овоо” охин компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

Дээрх баримтуудад анализ хийхэд “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” нь нүүрс тээвэрт нэгэнт монопол болжээ. Тэгвэл тус компанийн ард хэн байдаг вэ?

“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” нь Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлгүй, монгол дахь цахим хуудаст нь компанийн эзэмшил, эцсийн өмчлөгчдийн талаарх мэдээлэл нуугдмал байдаг аж. Түүнээс гадна тус компанийн өмнөх нэр нь “Винсвей Монголиан транспорт” гэх бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ-д нүүрс нийлүүлэх хил дамнасан тээвэр хийдэг байжээ. 2012 “Чалко” компани хувьцааных нь 30 хувийг авах хэлэлцээ хийж байсан ч нүүрсний ханш унаснаар зогссон гэдэг.

Тэгвэл “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компанийн охин компаниудын бүртгэлийн бүх мэдээлэлд ТУЗ-ийн дарга БНХАУ-ын иргэн Zhu Jinzhu гэх нэг л хүн бүртгэгдсэн байх бөгөөд эцсийн өмчлөгчөөр мөн л БНХАУ-ын иргэн Yi Han Wang гэх иргэн бүртгүүлжээ. Харин Монгол Улсын талд тус компанийг ямар хүн хариуцдаг болох талаар баттай нэгэн эх сурвалж “Энэ компанийн асуудлыг зохицуулдаг монгол хүн бий. Уул уурхайн яам зэрэг нэг бус яаманд олон жил менежер хийж байсан хүн тус компанитай холбоотой” гэсэн сэжүүрөгсөн юм.

Тэгвэл үүнийг баталж болох нэгэн баримт гарч ирсэн нь “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” ХХК-ийн охин компани“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэрэнпүрэв овогтой Амгалан гэж бүртгүүлжээ.

Ц.Амгалан бол Үндэсний стастикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр. АТГ-ын мөрдөгчид 1000 тонн нүүрсийг БНХАУ руу хууль бусаар гаргасан гэх хэргийн мөрдөх ажиллагааны хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 9-нд нэр бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийсний нэг нь Б.Батдаваагийн гэр байв. Энэ нь түүний эхнэр Ц.Амгалантай холбоотой гэж АТГ мэдэгдсэн. Түүний удирддаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” компани болон толгой компани нь нүүрсний дээрх хэрэгт хамааралтай гэж хуулийнхан үзжээ. Нэгжлэгийн үеэр Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар бэлнээр хурааж авсан шуугиан дэгдсэн. Энэ тухай Б.Батдаваа хэвлэлийнхэнд тайлбарлахдаа “250 мянган ам.доллар тийм их хэмжээний мөнгө биш. Тухайн үед валют олдохгүй байсан. Тиймээс эхнэр маань төгрөгийн хадгаламжаа доллар болгохоор хадгалж байсан мөнгө” гэж тайлбарласан байдаг.

Б.Батдаваагийнх маш бийлэгжүү айл. Түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс харахад 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, 2 авто зогсоол эзэмшдэг. Дотоодын банкинд 5.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай, гадаадын санхүүгийн байгууллагад 57.1 сая төгрөгтэй тэнцэх гадаад валютын хадгаламжтай. Жилийн нийт орлого /2021 он/ 111.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. ХОМ-ээс нь анхаарал татах нэг хэсэг нь түүний эхнэр Ц.Амгалангийн орлого байв. Тэрбээр 2019 онд 984.9 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн бол 2020 онд 1.5 тэрбум, 2021 онд хоёр тэрбумд дөхөж очжээ.

Хэвлэлд гарсан мэдээллээр Ц.Амгалангийн аав Т.Цэрэнпүрэв нь Түлш эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэс баялаг эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого хариуцсан газрын дарга зэрэг томоохон алба хашиж явсан нэгэн. Хамгийн сүүлд тэрбээр Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллажээ. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийн хэлсэн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компанийн арыг даадаг хүн нь Т.Цэрэнпүрэв байх магадлалтай.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшилд байсан компани Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй

С зөвшөөрөлтэй 188 компаниас өөр нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship & Fortune S Corporation”юм. Тус компани нүүрс тээврийн таван монгол компанийг эзэмшдгийг нэрлэвэл “Ивээл сар”, “Дагалай шарга наян найм транс”, “Хишиг сайхан ундрах”, “Дайлангийн хишиг тээвэр”, “Азын хишиг дэлгэрэх” юм. Эдгээр компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын BaoyinHexige, Wu YUN DALAI нарыг улсын бүртгэлд бүртгэжээ. Wu YUN DALAI нь нийтлэлийн эхэнд дурдагдсан АТҮТ-ийн нэр бүхий ажилтнуудад нөлөөлж, С зөвшөөрөл хууль бусаар авсан хэрэгт шалгагдаж буй.

Зургаа дахь нь “ОБА транс” ХХК бөгөөд “Friendship & Fortune S Corporation” компанийн эзэмшилд бус Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Mon Walker Corporation”-ын охин компани аж. Харин гүйцэтгэх захирлаар дээрх компаниудыг удирддаг Baoyin Hexige гэгч давхар бүртгэлтэй гарч ирснээр холбоотой гэдгийг баталсан. Ингэснээр эдгээр зургаан компани хамааралтай болж байна. Тэдний нийт эзэмшиж байгаа С зөвшөөрөл 144.

Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй гэдэг бол оффшор компани байх магадлалтай гэсэн үг. Энэ нь Монголын нүүрс тээвэрт эргэлдэж байгаа хөрөнгө оффшор бүстэй холбогдохсэжүүр юм.

Түүнээс гадна дээрх компаниудын жагсаалтад байгаа “Дайлангийн хишиг тээвэр” болон “Ивээл сар транс” компанийн эзэмшлийн асуудал мөн л анхаарал татлаа. https://www.opendatalab.mn/ цахим хуудас дахь дата мэдээллээр “Дайлангийн хишиг тээвэр” өмнө нь “Тэнгри транс” нэртэй байжээ. Хувь эзэмшигчээр хамгийн анх Монгол Улсын иргэн Б.Урьхан байсан бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 14-нд нэрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон БНХАУ-ын Урдын дунд хошууны “Жунчуань нүүрс интерэйшнл трейд” компанид шилжсэн байна.

Тэд 2019 оны наймдугаар сарын 30-нд УБЕГ-ын бүртгэлээс нэрээ зэрэг хасалт хийлгэж, 2021 оны есдүгээр сарын 30-нд Британийн виржини арлууд дахь “Friendship & Fortune S Corporation”-д шилжүүлжээ. “Ивээл сар транс” компанийн эзэмшлийн түүх бас ийм. “Ульгансартранс” гэх компанийг“Ивээл сар транс”ХХК болгон өөрчилж, Б.Урьхан гэх иргэнээс бас л УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон БНХАУ-ын Урдын дунд хошууны “Жунчуань нүүрс интерэйшнл трейд” компанийн нэр дээр 2018 оны гуравдугаар сарын 13-нд шилжүүлэн авчээ. Ингээд “Friendship & Fortune S Corporation”-ын нэр дээр “Дайлангийн хишиг тээвэр”-ийн адилаар 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр зэрэг шилжүүлсэн байгаа юм. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн одоо ч энэ компаниуддаа хамааралтай байдаг тухай нүүрс тээврийн жолооч нар ярьдаг.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг АТГ-аас нүүрс тээврийн хэрэгт яллагдагчаар татсан 17 хүний нэгээр зарласан. Түүнийг нүүрс тээврийн С зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компаниудад олгохын тулд албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгааг хуулийнхан олон нийтэд ил болгосон билээ.

“Качфлов энержи”-гийн охин компаниуд С зөвшөөрлийг олноор авчээ

Анхаарал татсан дараагийн баримт бол “Качфлов энержи” компанийн тухай юм. Тус компанийн мэдэлд С зөвшөөрөл авсан таванкомпани хамаарч байна. Тодруулбал, “Качнис ложистик”, “Камелнис ложистик”, “Силвер титан интернэйшнл” гэх охин компани нь байгаа бол БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Адали-Инк”, “Төмөр туурай” компаниуд эцсийн өмчлөгчөөрөө холбогджээ. “Качфлов энержи” компанийн эзэмшлийн дээрх таванкомпани нэгдүгээр сарын С зөвшөөрлийн хуваарилалтаас 181-ыг авчээ.

“Качфлов энержи” нь 2019 оны нэгдүгээр сарын 2-нд үүсгэн байгуулагдсан. Эзэмшигч нь Хонконгийн “Global Full Corporate limited”. Гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Han Haiming бүртгүүлсэн бол эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Xu Kaiqi гэжээ.

Гүйцэтгэх захирал, хаягаараа холбогдсон 16 компанийн задаргаа

Харин одоо 188 компанид хувь тэнцүүлсэн журмаар олгосон гэх 4017С зөвшөөрлөөс 338-ийг хоорондоо хамаарал бүхий 16компани авсан баримтыг хүргэе. Бүртгэлийн дата мэдээллээр “Дорнын өртөө”, “Мөнхийн буухиа”, “Ди эф өү” гэх гурванкомпанийн хувьцаа эзэмшигч нь Р.Мөнхбаяр гэх иргэн байгаа.

Мөн С зөвшөөрөлтэй “Си Эйч Эй Эн Эй” компанийн гүйцэтгэх захирал нь Хээшиг овогтой Ариун-Энх. Х.Ариун-Энх нь “Ди эф өү” ХХК-ийн өмнөх эзэн байжээ. Эдгээр компанийн 7011-70.., 9688-92... харилцах утасны ижил дугаарууд дээр өөр гурван ч компани бүртгэлтэй байгаа юм. Тэд Амгалан овогтой Мягмаржав хувь эзэмшигч, захиралтай “Хос ялгуун”, “Залаатноёон хайрхан”, “Амгалансэври” ХХК.

Үүнээс цааш өөр ч хамаарлууд гарч ирэх нь анхаарал татна. А.Мягмаржав захиралтай “Хос ялгуун” компанийн бүртгэлтэй “Өмнөговь, Даланзадгад, гуравдугаар баг, Далан, Говийн хөгжлийн ордон, 202” гэсэн хаяг дээр “Тэнгис охь”, Их говийн аяныхан”, “Галбын түмэн хөлөг”, “Ээлийн цагаан харгуй”, “Өвөр транс”, “Их говийн жим”, “Тэргэл жим” гэх долоон компани бүртгүүлжээ. Сүүлд дурдагдсан “Их говийн жим”, “Тэргэл жим”-ийн эцсийн өмчлөгчид Ганбаатар овогтой Ундармаа, Төмөрболд нар байгаа юм. Мөн тэдний хамаарал байж болох Ганбаатар овогтой Уянга нь “Буян зангилаа” ХХК-ийг эзэмшиж байна. Эдгээр компанийн хаяг хоорондоо давхцахаас гадна харилцах утасны дугаарууд ч давхцаж байгаа нь эцсийн нэг өмчлөгчтэй, хоорондоо хамаарал бүхий гэдгийг харуулж байгаа юм. Энэ 16компани бүгд нийлээд 338 С зөвшөөрөлтэй.

Эдгээр баримтыг нэгтгэвэл 4017 С зөвшөөрлийн 1231 нь буюу 30 орчим хувь нь монгол, хятад, сингапур цөөн хэдэн хүний гарт эргэлддэг болох нь харагдаж байна. Үүнээс гадна хоорондоо хамаарал бүхий компаниудын дахиад өөр есөн хувилбар бүхий 23 компанийн мэдээлэл давхцаж байлаа. Тэдгээрийн авсан С зөвшөөрлийн тоо 413 байв.

БЭТ амалсандаа хүрсэнгүй

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрс тээврийн бас нэг урсгалыг нээсэн нь биржээр худалдаалах явдал байлаа. Биржийн худалдаа амжилттай болж, нүүрсний нэг тонн тутам нь 170-180 ам.доллараар үнэлэгдэж буй. Харин уурхайн аман дээрээс тонн тутмыг 100 хүртэлх ам.доллараар зардаг. Үүнээс харахад биржийн үнэ бол хил гараад борлуулагдах үнэд илүү дөхөж очих тооцоолол юм. Уурхайн амнаас тонн тутмыг 100 ам.доллараар ачаад хилийн цаана хамгийн багадаа 70-80 ам.доллар нэмж зардаг гэж харж болох үндэслэл. Зарим эх сурвалж, Хятадын гүнд нүүрс худалдаалах үнэ тонн тутам нь 200-300 ам.долларт хүртэг гэж ярьдаг.Тэгвэл С зөвшөөрөлтэй нэг жолооч сард дунджаар гурван удаа нүүрс тээвэр хийдэг. Нэг удаагийн тээвэр хийхийн тулд 10 хоног хүлээж, чиргүүлтэй автомашинаар 130 тонн нүүрсийг тээвэрлэдэг. Тонн тутмын ашгийг багадаа 70 ам.доллараар тооцоход нэг С зөвшөөрлийн ард 30 гаруй сая төгрөг ашиг болж компанид очдог тооцоо гарч байна.

“И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс Пте” компани гэхэд өөрийн хамаарал бүхий 10 компанийн нэр дээрх 371С зөвшөөрлөөр өнгөрсөн нэгдүгээр сарын нүүрс тээврээр 8.7 тэрбум төгрөгийн орлогоолсон байх боломжтой. Харин жолоочийн хувьд ашиг орлого нь өөр. Жолооч нэг рейс хийгээд 4-5 сая төгрөг цалин болгож авдаг гэнэ. Гэхдээ энэ нь бүгд жолоочийн орлого болдоггүйг тээврийн замд олон жил явсан Ш.Гүрдорж ярьсан. “Нэг С зөвшөөрөл гаргахад тонн тутмаас 25 юань татдаг. Тэр мөнгө мэдээж зөвшөөрөл гаргасан эрх мэдэлтэй хүний халаас руу орж байгаа гэсэн үг. Нэг рейс хийхдээ 130 тонн ачдаг гэхээр 1.7 сая орчим төгрөг С гаргаж өгсөн хүн рүү явдаг. Сард 3 удаа рейс хийлээ гэхэд авлигын хэмжээ үржигдээд л явчихна. Жолооч тэр татаасаа өгч, мөн дээр нь бензин тосоо хийгээд гар дээр 3 сая гаруй төгрөг авдаг. Үүний төлөө л монгол залуус амь нас, эрүүл мэндээ дэнчин тавин явж байна шүү дээ” гэж тэрбээр ярив.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар улс хоорондын ачаа тээврийн тендер будилаантай, хууль бус үйлдэл их гарч байгаа талаар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлэл хийхдээ “С зөвшөөрөл 15 сая төгрөгт хүрч, дамлагдаж байгаа” гэсэн нь ноцтой мэдэгдэл байв.Үүнийг тээврийн жолооч нар ч батлан ярьж байв. “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн П.Баярхүү “С зөвшөөрөл АТҮТ олгодог байхад ч авлига цэцэглэж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компани олгодог боллоо. Байдал сайжирсангүй. Ахиад л өөр хэлбэрээр авлига үүсэж эхэлсэн. С зөвшөрөөл гарсан компаниуд хоорондоо наймаалцдаг болж эхлээд байна” гэж батлан ярьсан. Нэрээ хэлэхийг хүсээгүй нүүрс тээврийн нэгэн компанийн захирал “С зөвшөөрлийг 22 сая төгрөгөөр арай ядан авлаа” гэж ам алдаад өнгөрсөн. Тэрбээр үргэлжлүүлж мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.

С зөвшөөрлийг тойрсон нөхцөл байдал ийм байна. Шинэ хуваарилалт өмнөхөөс дээрдсэнгүй. Зөвхөн 2023 оны нэгдүгээр сард олгосон С зөвшөөрлийн 188 компанийн мэдээлэлд дүн шинжилгээ, эрэн сурвалжилга хийхэд ноцтой олон хамаарлууд, төрийн өндөр албан тушаалтан, гадаад эзэнтэй цөөн хэдэн компани, цөөн хүний гарт л төвлөрч байгаа нь тодорхой боллоо. Нөгөө талд С зөвшөөрлийг шударгаар авч, ажил амьдралаа залгуулах хүсэлтэй Ж.Алтангэрэл шиг олон залуус зээлийнхээ хүүнд дарлагдаж, дараагийн сард боломж гарах болов уу гэсэн горьдлого тээн суугаа.

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбатын гурван сарын өмнөх “С зөвшөөрлийн олголтыг шударга явахад бид хянана” гэсэн мэдэгдэл ажил хэрэг болсонгүй. Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат амлалтандаа хүрсэнгүй. С зөвшөөрлийг дагасан авлига хээл хахууль, албан тушаалын нөлөөг үгүй болгож, шударгаар хувь тэнцүүлж жолооч тээвэрчид, компаниудад олгохоор Засгийн газрын хэмжээнд ажил болж эхлүүлэн шинэ зохицуулалт. Гэвч үгүй аж. Хувь тэнцүүлсэн, шударга нэрийн дор өнөөдөр 4017 С зөвшөөрлийн ард Хятад, Сингапур эзэд л туйлж сууна.

Эцсийн дүндээ С зөвшөөрлийн олголт АТҮТ-д ч, уурхайнуудад ч очоод ашиг сонирхлоос ангид байж чадсангүй. Шинэ зохицуулалт хэрэгжүүлж болно. Түүнийг хянах механизм зайлшгүй хэрэгтэй. Гэвч С зөвшөөрөлд хяналт хангалтгүй байгааг монгол компаниудаар дамжуулан хятад, сингапур эзэд л нүүрс тээвэр хийж байгаагаас харж болох. Үүнийг албаныхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Н.Элдэв-Очир “Манай шаардлагыг л хангаж байгаа бол бид С зөвшөөрөл өгөх нь тодорхой. Яахав, Ашиг сонирхлын тухай хууль батлагдахаар дараа нь журмаар зохицуулагдах байх. Одоогоор улс төрд нөлөө бүхий, өндөр албан тушаалтай этгээдийн хамаарал бүхий компанид олгож байна уу, ямар компаниуд аваад байна гэдэгт хяналт тавих боломжгүй” гэж бидэнд хэлсэн юм...

Ц.БАЯР

Сэтгүүлчид: Ц.Мягмарбаяр (Зууны мэдээ сонин), Б.Энхзаяа (Өдрийн сонин), Ц.Энхдулам (Майнинг инсайт сэтгүүлч) А.Маралмаа (newspress.mn)

Дата дүрслэл-Монголын дата клуб

Ерөнхий редактор- Д.Мөнхчимэг (Пресс хаб төвийн сургагч багш, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх)

“Тендерийн хуулиар чанаргүй эм орж ирж байна”
“Тендерийн хуулиар чанаргүй эм орж ирж байна”
 
Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг
Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг

Шинэ мэдээ

Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг

Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг

Н.Алтанхуяг хөрөнгөө ард түмнээс нуух дуртайд ямар учир байна вэ!!!

Н.Алтанхуяг хөрөнгөө ард түмнээс нуух дуртайд ямар учир байна вэ!!!

“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын нам заавал ялах ёстой” гэлээ

“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын нам заавал ялах ёстой” гэлээ

Б.Билэгсайхан: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хиймэл оюунаар турших боломжтой

Б.Билэгсайхан: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хиймэл оюунаар турших боломжтой

Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид

Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид

Улсын дээд шүүхийн “улс төрийн шийдвэр”  удахгүй шүүхээрээ шүүлгэх вий?!

Улсын дээд шүүхийн “улс төрийн шийдвэр” удахгүй шүүхээрээ шүүлгэх вий?!

ТӨВ: Хонийг нэг минутад ноослох технологи танилцуулав

ТӨВ: Хонийг нэг минутад ноослох технологи танилцуулав

Озоны давхаргыг задалдаг хортой хийн хэмжээ багасаж байгааг бүртгэжээ

Озоны давхаргыг задалдаг хортой хийн хэмжээ багасаж байгааг бүртгэжээ

Г.Нямдорж: “Дарга“ л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

Г.Нямдорж: “Дарга“ л байвал хэрэлд гэдэг хүн дараа нь Н.Номтойбаярын үгэнд ор гэж хэлсэн. Би үгэнд нь ороогүй болохоор хонгилдуулсан

Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжинэ гэв

Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжинэ гэв

Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

ХХБ-наас 2 сая доллар залилсан гэх Б.Бямбадоржийг дахин эрэн сурвалжилж эхэлжээ

ХХБ-наас 2 сая доллар залилсан гэх Б.Бямбадоржийг дахин эрэн сурвалжилж эхэлжээ

Дроны эсрэг атомын бөмбөг л үлджээ!

Дроны эсрэг атомын бөмбөг л үлджээ!

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

Боомтын Сайд Б.Тулгын ажлын үр дүн- боомтод гацсан 10 300 чингэлэг

Боомтын Сайд Б.Тулгын ажлын үр дүн- боомтод гацсан 10 300 чингэлэг

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

Төв төрөө чанаржуулах юмсан!

Төв төрөө чанаржуулах юмсан!

“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв

“Туйлбаргүй“ Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв

Сонгуулийн шоу: Багаараа сонгогдоод ямар ч ид шидгүй, хэрсүү байцгаая!

Сонгуулийн шоу: Багаараа сонгогдоод ямар ч ид шидгүй, хэрсүү байцгаая!

МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ

МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ

Л.Оюун-Эрдэнэ: Айх хэрэггүй, тэртэй тэргүй үнэн ялна

Л.Оюун-Эрдэнэ: Айх хэрэггүй, тэртэй тэргүй үнэн ялна

Өмгөөлөгч Г.Жалбуу: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг сурталчилдаг хэвлэлийг торгох заалтыг зөрчлийн хуульд оруулах ёстой

Өмгөөлөгч Г.Жалбуу: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг сурталчилдаг хэвлэлийг торгох заалтыг зөрчлийн хуульд оруулах ёстой

Ч.Өнөрбаяр: Хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал

Ч.Өнөрбаяр: Хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа

Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа

Сонгуулийн луйврын анхны маргаан “Морьтой Аравт“-ын тойргоос гарлаа

Сонгуулийн луйврын анхны маргаан “Морьтой Аравт“-ын тойргоос гарлаа

Н.Хүрэлбаатар СХД-т хамт дэвшиж буй багийнхныгаа муухай харагдуулж байна

Н.Хүрэлбаатар СХД-т хамт дэвшиж буй багийнхныгаа муухай харагдуулж байна

Дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү?

Дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү?

“Комедиан“ Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

“Комедиан“ Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​