fbpx Дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн” дундах Монголын “мэдэгдэл”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
29 минут 28 секунд

Дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн” дундах Монголын “мэдэгдэл”

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчиллаа. Энэ айлчлал сүүлийн хэдэн өдөрт олон улсын анхааралд байв. Дэлхий Монголын Ерөнхий сайдын айлчлалыг урьдынхаас илүү “сонирхсон” нь учиртай. Өнөөдөр ковид, Украйны дайнаас улбаатай дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн” үүсчихээд байна. Яг ийм үед ОХУ, БНХАУ-ын дунд оршдог “жижигхэн” Монголын Ерөнхий сайд АНУ-д айлчилсантай холбоотой юм.

Ерөнхий сайдын “халаасалж” очсон Монголын хүсэлт

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ айлчлалд нэлээд бэлтгэсэн нь харагдсан. Учир нь энэ айлчлалын өмнө “Монгол, АНУ-ын хамтын ажиллагааг цаашид бодлогын түвшинд улам өргөжүүлэн бэхжүүлэх “боломжууд”-ын талаар санал солилцож, ярилцахаар төлөвлөсөн. Энэ нь Ерөнхий сайд АНУ-тай хөгжүүлэх Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөөтэй таван асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвээр санал солилцож, яриа хэлэлцээ хийнэ. Тэр дундаа АНУ-ын талд сэргээгдэх эрчим хүчний салбарт бодлогын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сансрын хамтын ажиллагаа, хоёр улсны хооронд шууд нислэг эхэлснээр иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, англи хэлний багш нарыг бэлтгэх, сургах чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн засаглал, авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцана” хэмээн Хэвлэлийн албанаас нь мэдээлж байв.

Л.Оюун-Эрдэнэ, Камала Харрис нар хэвлэлийн мэдэгдэлдээ юуг онцолсон бэ?

АНУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлал зургаа хоног үргэлжиллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар 2023 оны наймдугаар сарын 2-нд Цагаан ордон дахь Дэд Ерөнхийлөгчийн Хүндэтгэлийн өрөөнд албан ёсны хэлэлцээ хийв. Үүний өмнө хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийсэн юм. Мэдэгдлийг бүрэн эхээр нь сийрүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш эрчимтэй өргөжин хөгжиж байна. Монголыг эзэн Чингис хааны өлгий нутаг, Их Монгол Улсын гайхамшигт түүх, ногоон тал нутаг болон мөнх хөх тэнгэр зэргээр хамгийн их мэддэг. 1990-ээд онд Монголын ард түмэн ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон. Америкчууд биднийг “Ардчиллын баянбүрд” хэмээн үздэгт талархдаг. Бидний хувьд АНУ нь стратегийн гуравдагч хөрш төдийгүй ардчиллын үнэт зүйлийг чиглүүлэгч “Алтан гадас” юм.

Энэ завшааныг тохиолдуулан ардчилсан шинэчлэлт хийх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжсээр ирсэн АНУ-ын ард түмэнд талархал илэрхийлье. Ардчиллын өнгөрсөн 30 жилийн түүхэн замнал хялбар байгаагүй ч монголчууд бид үргэлж урагш тэмүүлсээр ирсэн, цаашид ч тэмүүлсээр байх болно. Нелсон Мандела нэгэнтээ “Ялагч гэдэг бол хэзээ ч бууж өгдөггүй мөрөөдөгч юм” хэмээн хэлсэн байдаг. Монголчууд бид ардчиллынхаа төлөө мөрөөдсөөр, тэмцсээр байх бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилтуудаа ирэх 30 жилийн туршид хэрэгжүүлэхийн төлөө хичээх болно.

Миний бие Дэд Ерөнхийлөгч Тантай манай хоёр улс болон иргэд хоорондын хэлхээ холбоог илүү ойр дотно болгох Стратегийн түншлэлийн талаар нээлттэй, үр дүнтэй яриа хийхийн төлөө байна. Өндөр технологийн шийдэл, хиймэл оюун ухаан, сансар болон уур амьсгалын өөрчлөлт, геополитик зэрэг дэлхий дахиныг хамарсан асуудлуудаар ярилцах болно.

Миний айлчлалын дүнгээр манай хоёр улс “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл” гаргаж, “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурах гэж байгаад баяртай байна. Эдгээр стратегийн баримт бичиг нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-аас илүү их хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Манай улс уул уурхайд голлон суурилсан эдийн засагтайг Та мэдэх биз ээ. Зэсийн хувьд бидэнд ирээдүй бий. Монгол Улс удахгүй зэс үйлдвэрлэгч дэлхийн эхний дөрвөн улсын нэг болно. Цахилгаан машин, өндөр технологийн шийдлүүдэд нэн шаардлагатай тул Оюу Толгойн уурхайн зэс нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ач тусаа өгнө. Түүнчлэн энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтын нэгэн хэсэг болж буй юм.

Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, түүний дотор ноолуур, тээвэр ложистик зэрэг уул уурхайн бус олон салбарт бидэнд мөн ихээхэн нөөц бий. АНУ нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж ирсэнд талархалтай байдаг.

Монгол Улс далайд гарцгүй ч оюун сэтгэлгээний хувьд түгжигдмэл биш үндэстэн билээ. Монгол Улс нь далайд гарцгүй 40 гаруй улс орны нэг. Бид тээвэр, ложистикийн ихээхэн сорилттой нүүр тулдаг тул далайд гарцгүй улс орнуудын эдгээр асуудлыг олон улсын тавцанд гаргахад та бүхнээс дэмжлэг хүсч байна.

Энэ удаагийн айлчлалаар манай хоёр Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Монгол, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэгтэй болох гэж байгаад маш их баяртай байна. Энэ нь аялал жуулчлал, худалдаа, бизнес болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон боломж юм.

Бид хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн түншлэлд зориулан хууль эрхзүйн орчноо сайжруулах, түүний дотор Үндсэн хуулийн реформ, цахим шилжилт болон авлигатай тэмцэх зэрэгт чиглэгдсэн олон алхмыг хийсэн.

Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар саяхан хуульчилсан. Энэ нь тодорхой сорилт дагуулж ирсэн, энэ шийдэлд хүрэхийн тулд бид 20 гаруй жилийг зарцуулжээ. Энэ нь хойч үеийнхээ боловсролыг дэмжих томоохон алхам болсон гэдэгт итгэл төгс байна. Эдгээр амжилт нь гагцхүү АНУ зэрэг ардчиллыг удаан хугацаанд хөгжүүлж ирсэн улс орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн хүрээнд хадгалагдаж чадна. Дашрамд дурдахад манай Засгийн газар “Google” компанитай цахим шилжилт болон боловсролыг дэмжих тухай гэрээг энэ долоо хоногт байгуулж байна.

Миний айлчлал нь манай хоёр орны найрамдал, стратегийн түншлэлд шинэ хуудас нээсэн түүхэн айлчлал болно гэдэгт найдаж байна. Дэд Ерөнхийлөгч Таныг Монгол Улсад хүлээн авахдаа таатай байх болно” гэлээ.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис “Бид Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлалыг хүсэн хүлээж байлаа. Бидний хувьд манай хоёр орны харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцох олон зүйл байна.

Монгол Улс нь өнгөрсөн гуч гаруй жилийн туршид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тулхтай ардчилсан улс, анд нөхөр байж ирсэн. Манай хоёр орны түншлэл нь бүс нутаг дахь тогтвортойбайдал, хөгжил цэцэглэлийг хангахад тус дэм болж ирсэн.Америкийн ард түмний хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ирээдүй рүү харсан үлэмж ашиг сонирхол бий. Номхон далайн гүрэн гэдгээрээ бахархдаг манай орны хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь нээлттэй, харилцан холбоотой, хөгжин цэцэглэсэн, аюулгүй болон бат бөх байх нь бидний ашиг сонирхолд чухлаар нийцэж байгаа юм. Ийм учраас Ерөнхийлөгч Жо Байден бид хоёр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тус бүр гурван удаа айлчлаад байна. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгчийн хувиар миний бие айлчлах үеэрээ, олон улсын арга хэмжээнүүдийн хүрээнд тус бүс нутгийн гуч гаруй орны лидертэй Та бидний өнөөдөр ийнхүү уулзаж байгаа шиг Вашингтон хотноо тус тус уулзаж байсан болно.

Ерөнхийлөгч бид хоёр албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа эл бүс нутаг дахь аюулгүй байдлын оролцоогоо нэмэгдүүлж, батлан хамгаалахын болон сөрөн зогсох үүрэг амлалтуудаа улам бүр бэхжүүлэхэд төвлөрөх зорилт тавин ажиллаж байна.Бидний хувьд тус бүс нутгийн болон АНУ-ын ард түмэнд өсөлт авчрахад чиглэгдсэн нэлээд амбицтай, урагшаа харсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж байна. Холбоотон, түнш орнуудын хамтаар бид хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын тулгуур болсон олон улсын дэг жаяг, хэм хэмжээг тус бүс нутагт болон дэлхий дахинд хамгаалж ирсэн. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийгдэж буй дээр дурдсан нийт ажил нь Байден-Харрисын Засаг захиргааны тэргүүлэх чиглэл болох бүс нутаг дахь холбоотны болон түншлэлийн харилцааг бэхжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй юм.

Ерөнхий сайд аа, эдгээр нь бидний өнөөдрийн уулзалтын чухал сэдвүүд байх болно.

Бидний хувьд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг үргэлжлүүлэн бэхжүүлэх, уур амьсгалын хямрал зэрэг дэлхий дахиныг хамарсан сорилтуудыг хамтран давахад хийгдэж ирсэн ажлаа үргэлжлүүлэх болон ардчилал, хүний эрхийг дээдлэн хамгаалах, олон улсын эрх зүйт тогтолцоонд учирч буй аюул заналхийлэл зэрэг сэдвээр ярилцах бодолтой байна.

Өнөөдөр бид түншлэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд чиглэгдсэн дараачийн алхмуудын талаар ярилцахыг зарлаж байгаадаа таатай байна. Ялангуяа бид сансрын хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар ярилцах болно. Саяхан Та бид хоёр шинэ эрин үе эхэлж байгаа талаар болон энэ нь Таны хувьд, Таны алсын зорилтод хэрхэн тусч буй талаар товч ярилцсан билээ. Сансрын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь мэдээж эдгээр сэдвийн нэг нь байх бөгөөд ялангуяа сансрын хамтын ажиллагаагаараа дамжуулан бид манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг хэрхэн бэхжүүлэх талаар ярих болно.

Түүнчлэн бид Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд энэ нь АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох боломжийг нээх юм.

Бидний зүгээс соёлын солилцоо, түүний дотор Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх болно.

Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтуудыг хэрхэн дэмжиж болох талаар хамтран ярилцана.

Эдгээр нь АНУ-ын зүгээс Монгол Улс болон бүс нутаг дахь манай анд нөхдийн төлөө тууштай байгаагийн илэрхийлэл юм. Эрхэм Ерөнхий сайд аа, Та дахин тавтай морилно уу. Тантай ярилцахдаа таатай байх болно” гэв.

Монгол Улс, АНУ-ын “яриа” буюу айлчлалын шийдвэрүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулахаар болсон. Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн юм. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж, Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис “АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчилж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэв.

Ингээд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, АНУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргахаар болсон юм.

/Жич: Бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала нарын албан ёсны хэлэлцээний дараа гаргасан “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэн хүргэх болно./

Олон жил ярьсан “Америкийн шууд нислэг” ажил хэрэг болов

Албан ёсны хэлэлцээний дагуу АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж наймдугаар сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ингээд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа талууд онцолсон юм. Мөн энэ үеэр “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын ЗТХЯ, АНУ-ын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.

“Монголын Зэвсэгт хүчин АНУ-ын энхийг санхиулагчидтай олон жил мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн.

Стратегийн түншлэлийн “Замын зураглал”, Агаарын тээврийн хэлэлцээрийг баталгаажуулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-нд хүлээн авч уулзаж Монгол, АНУ-ыг Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар гарын үсэг зурсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

“Google” компани 10 000 багш бэлтгэж, 1000 залууг сургана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 04-нд дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочилсон. Тэндэх уулзалтын үр дүнд “Google”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрийг Монголд оруулж ирэхээр болов. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах хамтарсан мэдэгдлийг талууд гаргасан юм. Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Мөн “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10 000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна. Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлэхээр болов.

“Монгол Улсын авлигатай тэмцэх ажиллагаа, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлт үр дүнтэй байна”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Гамшгаас хамгаалахад NASA -тай хамтарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (NASA)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон NASA, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ NASA -тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдсэн юм.

“Олон”-ы анхаарлыг татсан Америк дахь айлчлалын дүн буюу Монгол “мода” болох уу?

Ерөнхий сайдын АНУ-д хийсэн энэ айлчлал Монголын лидерүүдийн урьд урьдын айлчлалуудаас илүүтэй олон улсын анхаарлын төвд байв. Эхэнд хэлсэнчлэн энэ нь дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн”-тэй холбоотой юм. Энэ утгаараа уг айлчлал туйлын эмзэг цаг үед болсон гэсэн үг. Дээрээс нь, үүнээс илүүтэйгээр уг “хөдөлгөөн”-ий гол тоглогчид нь манай мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ байдагт хамаг учир байгаа юм. Тэдний тэг дунд нь оршдог Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилж, айлчлахдаа юу ярьж, ямар байр суурь илэрхийлэх нь гадаад ертөнцийн сонирхлыг татсан хэрэг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал олон талаараа Монголдоо “анхны” хэмээх үр дүнгүүдийг авч ирлээ. Шууд нислэг үйлдэх, англи хэлний багш нар бэлтгэх зэрэг бодитой шийдвэрүүдэд хүрсэн. Мөн NASA, Google, Пентагоноор зочилж томоохон тохироонд хүрэв. Ямартай ч Ерөнхий сайдын айлчлалын үеэр манайхыг хэд хэдэн чиглэлээр реформ хийж, тэдгээр нь үр дүнд хүрсэн хэмээн үзэж байгаа нь анзаарагдсан. Магадгүй, энэ хандлага нь дэлхий өөрчлөгдөж, улс орнууд хөгжлийг урт хугацаагаар төлөвлөх хандлага бий болж байгаатай холботой биз. Хамгийн гол нь шийдвэрийг улстөрчид биш дата гаргах нөхцөл байдал руу гулсаж байна. Тиймээс, нэгдүгээрт “Алсын хараа-2050”-аараа том реформын суурь, чиглэлээ зөв тодорхойлсон. Хоёрдугаарт, авлигын эсрэг тэмцлийн хүрээнд орлогын тэгш бус байдлыг засахын төлөөх үйл ажиллагаа. Гуравдугаарт, тогтвортой засаглалын суурь болох Үндсэн хуулийн өөрчлөлт. Дөрөвдүгээрт, Оюу толгойн гүний уурхайг эхлүүлж, өр тэглүүлсэн гэрээ хийснээр хөрөнгө оруулалтын орчин сайжирсан. Тавдугаарт, Монголын шинэ үе “Совет”-д бэлтгэгдээгүй учраас е-засаглал, англи хэлний зэргийг бодлогын хэмжээнд гаргасан. Зургадугаарт, боомт ба экспорт, аялал жуулчлал, эдийн засгийн огцом өсөлт. Эдгээрийг онцолж байгаа нь харагдлаа.

Түүнчлэн айлчлалын хамгийн чухал нь Ерөнхий сайдын түвшинд АН-тай анх удаа хамтарсан мэдэгдэл гаргалаа. Том ч дуугарлаа. Ер нь Монгол Улс ингэж байр сууриа илэрхийлж байсан тохиолдол бараг үгүй юм байна. Хамтарсан хэвлэлийн мэдэгдлийн үеэр хэлсэн үг нь гадна ч, дотор ч анхаарал татаад байна. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Америкчууд биднийг “Ардчиллын баянбүрд” хэмээн үздэгт талархдаг. Бидний хувьд АНУ нь стратегийн гуравдагч хөрш төдийгүй ардчиллын үнэт зүйлийг чиглүүлэгч “Алтан гадас” юм” хэмээсэн нь гэхэд л олон талын дүгнэлт, анализ хийхэд хүргэжээ. Манай дотоод хандлагыг харвал Ерөнхий сайдын мэдэгдэлд эмзэглэж, бас шүүмжилж байна. Ингэхдээ “ОХУ тог цахилгаан таслах вий, БНХАУ экспортыг маань хаах вий” гэцгээж байна. Харин ч эсрэгээрээ. Магадгүй, энэ айлчлалын дараахнаас Монгол “мода” болж мэдэхээр л боллоо. Мөн энэ айлчлал гадаад бодлого, хоёр хөрштэй харилцаан дээр шал өөрөөр бууна.

Дэлхий нэг тулгуурт төвөөс олон тулгуурт төв рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл, айлчлалын талаарх гадаад хандлага, үнэлэлт дүгнэлт өөр байгааг олон улсын мэдээллийн агентлагуудын өгч буй мэдээллүүдээс харж болно. Тэндхийг маш товчоор “орчуулахад”, тэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалыг “Монгол бие даасан, эрх чөлөөт, тусгаар улс учраас л геополитикийн энэ хөдөлгөөнтэй үеийн байр суурь, дуу хоолойгоо мэдэгдлээ” хэмээн ойлгож хүлээж авч байна.

Д.ОТГОНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эхний хагас жилд импортын 47 хувийг гашуунсухайт боомтоор тээвэрлэжээ
Эхний хагас жилд импортын 47 хувийг гашуунсухайт боомтоор тээвэрлэжээ
 
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​