“...Нүүрсний хулгай” гэж хэдэн жил ярьсан. “...Энэ хулгайтай тэмцье” гэцгээгээд нэг жил болсон. “...Нүүрсний сонсгол явуулж бодит үнэнийг сонсъё” гээд найман сар өнгөрсөн. Тэр сонсгол энэ долоо хоногт эхэллээ. “...Арай ч дээ” гэтэл идэж уужээ. Сонсгол эхлээд л “чих өвтгөсөн тоо”-нуудаар бөмбөгдлөө. Солиорсон өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Тэгэхээр “...Тавантолгой дээр яагаад ингэж улстөрчид тарвалзах болсон бэ” гэдгийг углуургаар нь ухаж гаргаж ирэх, ядаж хөндөж чадах уу. Чадвал сайн.
Ерөөсөө, Монголын төр, хууль шүүхийн байгууллага энэ хулгайг л нэг тийш болгож, эхнээсээ улайсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс оршин байхын утгагүй аж. Ер нь бол, хууль тогтоож, хэрэгжүүлж, сахиулж байгаа хүн бүрийн үүрэг нь, мөрдөгч, прокурор, шүүгч нарын ажил нь энэ юм байна.
Нөгөөтэйгүүр, нүүрсний хулгай зогсвол сонсголын үр дүн тэр болно. Тэгэхийн тулд нүүрсний хулгайн “эд анги” бүрийг бүгдэд мэдүүлэх нь чухал юм. Мөн сонсголоос юу үлдэх вэ гэдгийг олон нийт ч, зохион байгуулагчид ч сайтар анзаарах хэрэгтэй. Яагаад гэхээр учир мэдэх хүмүүс “...Энэ сонсгол том, жижиг Тавантолгой, ялангуяа ганцхан нүүрсний асуудал биш, Монголын төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой хулгайн тогтолцоог нураахад чухал нөлөөтэй” гээд байгаа юм.
Нүүрсний хулгайн гол гэрчүүд нь Тавантолгойн захирлууд
Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “...Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “...Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “...Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “...Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”, “...Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг байна. Тэдний үг маш ноцтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирал Б.Энэбиш “...Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм. Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн. Хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Гуравдугаарт, буруу дугуй худалдаж авсан гэдэг. Хувь хүний үүднээс хэлэхэд, намайг хэлмэгдүүлж, шударга бусын хонгилоор чирэх гэсэн учраас гадаадад амьдарсан” гэв.
Бас тус компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “...Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. “...Нүүрс удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм” гэсэн PR-ыг маш хүчтэй явуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа юм. Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна” гэсэн юм.
Мөн, хоригдоод жил болж байгаа Б.Ганхуяг хоёр сар гаруйн өмнө шүүх дээр “ ...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан. Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. ...Би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ” гэж ярьсан. Тэрбээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ энэ сонсголыг эхэлснээс хойш тавьсан. Гэхдээ Б.Ганхуяг сонсголд оролцож чадсангүй. Үүнд УИХ, шүүх, прокурорын аль нь хаалт хийгээд байгааг одоогоор хаанаас ч мэдээлсэнгүй. Ирэх долоо хоногт үргэлжлэх сонсголд оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхийдөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлуудын үгийг маш анхааралтай сонсох учиртай. Учир нь, сонсгол дээр яригдсан олон тэрбум, их наядын хулгай яагаад үргэлжлээд байсныг тэд л хэлж өгч чадна. Тэгэхээр Б.Ганхуяг ч нүүрсний сонсгол дээр заавал байх ёстой. Түүнээс гадна, жил гаруй гадаадад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал ч ирж сонсголд үгээ хэлэх учиртай юм. Товчхондоо, Тавантолгойн захирлуудгүйгээр, тэдний үггүйгээр нүүрсний хулгай шийдэгдэх боломжгүй. Тэр утгаараа, тэд энэ хулгайн хамгийн гол гэрчүүд юм. Нэг үгээр хэлбэл, нүүрсний сонсгол тэдэнгүйгээр үргэлжлэх нь үр дүн муутай гэсэн үг.
Булсан нэр нь бултайгаад гарч ирсэн “нүүрсчид”
Монголын “топ”-ууд нүүрсээр л томорчээ. Хамгийн том намууд, хамгийн нөлөө бүхий улстөрчид, хамгийн ланжгар бизнесмэнүүд бүгдээрээ л нүүрстэй холбоотой байна. Сүүлийн арав илүү жилийн “гол дүр”-үүдийн дийлэнх нь энэ жагсаалтад бичигдэнэ. Тэгээд бас “...Нүүрсний хулгайд холбогдсон” гэдгийг бус “..Холбогдоогүй” хэдийг нь тоолох юм бол арай амар бололтой. Нүүрсний хулгайн эхний үеийн таван өдрийн сонсголоор л гэхэд санаанд оромгүй улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, бизнесмэнүүдийн нэр ч “...Нүүрсчид”-ийн жагсаалтад бичигдлээ. “...Булавч бултайна” гэдэг. Түүн лүгээ өнөөдрийг хүртэл булж ирсэн ч бултайгаад л гарч ирэв бололтой. Сонсгол эхэлснээс хойш тэр хавиар нэр нь дурдагдсан хүмүүсийн томоохноос дурдахад Д.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Д.Дорлигжав, Д.Баясгалан, Ш.Адьшаа, Лу.Гантөмөр, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, М.Энх-Амгалан нар байна. Шулуухан хэлэхэд, Тавантолгойн орд төрд шилжиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулснаас хойшх 12 жилийн хугацаанд тодорч байсан бүхэн нүүрстэй их бага хэмжээгээр холбогджээ. Иймээс энэ жагсаалт ирэх долоо хоногт улам урт болно.
“...Намууд нүүрснээс санхүүждэг” гэдгийг Лу.Гантөмөр гэрчлэв
“...Монголын улс төрд “Нүүрсчдийн нам” гэж бий” гээд л дуулддаг байв. Итгэдэг ч үгүй, ойлгодог ч үгүй байлаа. Сонсгол эхэлснээс хойш харах нээ, нүүрсэнд МАН, АН-гүй хутгалджээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ынх гарч ирж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний жилүүд, жижиг “Тавантолгой” зэргийг ярьж буй болохоор тэр. Ирэх долоо хоногт МАН-ынхан яригдана. “...Нам” гээд байгаа нь учиртай. Яагаад гэхээр “...Намууд нүүрснээс санхүүждэг” гээд байдаг нь үнэн бололтой. АН-ын дарга Лу.Гантөмөр гэрчлэв. Уржигдрын сонсгол дээр Б.Энхбаяр “...АН-ын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог” гэсэн танилцуулгыг хийсэн. Энэ явдалд АН-ын харьяалалтай долоон улстөрч өөрөө болон ойрын хамаарал бүхий хүнээрээ холбогджээ. Нэг нь АН-ын дарга Лу.Гантөмөр байв. Тэрбээр “...Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Энэний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15-16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор АН-ыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна. Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байлаа. МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед “..УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя. Клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё” гээд тухайн үед компани байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гарсан. Бусад нөхдүүд клуб байгуулсан нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр компани хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм миний хувьд мэдэх зүйл байхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани лиценз аваад, бизнес хийгээд явсан гэж би мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй” гэсэн юм. Лу.Гантөмөрийн хэлснээр АН-ын МҮДН фракцынхан оффистой болохоор эхнэр хүүхдийнхээ нэр дээр нүүрсний компани байгуулжээ. Энэ бол АН-ын нэг л фракцын ганцхан жишээ шүү дээ. Энэ байдлаараа дахиад ч ийм кэйс гарч ирж таарна. Мөн ирэх долоо хоногт МАН-ын баримтууд ч хөвөрнө дөө.
Аймгууд уурхайгаа “ухаад” үзээрэй, араас нь “Ажнай”-нууд гарч ирэх вий
Өмнө нь Хөгжлийн банкны сонсголын дараа“...Улстөрчид орж ирэхээрээ сонсголыг өөртөө ашигтай болгоод гараад явчих юм” гэсэн яриа үлдэж билээ. Оргүй үг биш бололтой. Нүүрсний сонсголын эхний хоёр өдөр жижиг “Тавантолгой” ХК-ийг тойрч ярив. Тэр үеэр “Ажнай “ Д.Бат-Эрдэнэ ярьж байна. Тэрбээр “...Энэ индрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе. Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг Монголын ард түмэн үзэж байна. Нэгнээ муулж Монгол хөгжих юм уу. Нам гэсэн маск доор хэцүү байдалд орж байна. Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна. Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой гэсэн байр суурь баримталсан. Ингэж байж улс орны эдийн засаг ашигтай байдаг. Хамгийн хямд үнээр хөрс хуулалтууд хийж байсан. Том машинтай том компаниуд ордоггүй байсан. БЭТ томилогдсоноос хойш Улаанбаатарын том компаниуд орж, үнийг өсгөсөн. Үүнийг шалгасан уу. Өмнөговьчууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч, би ярьж хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав гэж ярьж байна. УИХ яагаад хүн айлгах, байцаан шийтгэх хэв маягтай болчихов оо. Яагаад нэгнийгээ айдсаар барих гээд байгаа юм. Шалгаж болно. Гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энд дандаа миний дүү нар байна. Би зааж сургаад, зөвлөгөө өгөөд явуулдаг. Энэ хүмүүс өнөөдөр айдастай байна. Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй. Айлгах, нухах, гүтгэх гэсэн асуудал байж болохгүй” гэж ярив. Д.Бат-Эрдэнийн хувьд том улстөрч үү, тийм. Том бизнесмэн үү, тийм. Гэвч тэрбээр нөгөөх л нүүрс дагасан улстөрч, бизнесмэн гээд байдгийн томоохон жишээ нь болчихоод байгаа юм. Бас энд түүний үгийг л хүргэсэн нь учиртай. Үйлдлийг нь Нүүрсний сонсголын ажлын хэсгээс мэдээлсэн. Бас л “аймаар тоо”-нууд гарч ирнэ лээ.
Уг нь жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговийн ИТХ-ын мэдэлд байдаг. Тэр утгаараа Өмнөговийн иргэд л энэ компаниа мэдэх ёстой. Гэтэл өнгөрсөн 10 гаруй жилд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л мэдэж ирсэн. Тэгээд ч энэ сонсголоор жижиг “Тавантолгой” дээр болсон бүх булхайг дэлгээгүй нь тодорхой. “...Жижиг “Тавантолгой” компанийн 49 дээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ яаж илүүрхэх хувьцаатай болсон бэ”, “...Аймгийн ИТХ-ыг энэ компанид ямар оролцоотой болгосон бэ” гээд л яривал их том асуудал үүснэ. Гэтэл “...1937 оны хэлмэгдүүлэлт шиг байна. Айлгаж ичээгээд байна” гээд байх жишээтэй. Хамгийн гол нь эндээс орон нутгийн өмчтэй орд газруудад түшиглэсэн уурхайнууд хэний мэдэлд яаж ажиллаад байгааг л ойлгоод авах хэрэгтэй. Тухайлбал, Өвөрхангайн Баянтээгийн уурхай гэж бий. Аймгийн ИТХ-ын мэдэлд 70 хувь нь байдаг. Гэсэн атлаа эрхийг хувьцаа эзэмшигчид хийгээд улстөрчид хэрэгжүүлдэг. Бас л булай, булхайгийн далай тэндээс гарч ирнэ.
Ер нь бол ийм компаниудын байдал хоёр жилийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн судалгаагаар илэрч байсан юм. Тухайлбал танилцуулгад нь “...Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны байгууллагын дарга, мэргэжилтнийг оруулж байна. Тухайлбал, сум, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэх зэрэг албан тушаалтныг томилох байдал нийтлэг байна” гэсэн байдаг. Эндээс эрх мэдлийнх нь схем тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс аймгууд уурхайгаа “ухаад” үзээрэй. Араас нь “Ажнай”-нууд гарч ирэх вий.
Тавантолгойг “бялуу” болгосон тогтолцооны гажиг
“Эрдэнэт”-ийг “саалийн үнээ” гэдэг. Улстөрчид сүүг нь хөхдөг. Тавантолгой ч ялгаагүй. Улстөрчдийн угж нь болчихсон.
Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөдрийг хүртэл 12 жил явж байгаа засаглалын хэлбэр өөрөө нүүрсний хулгайн эх үндэс болоод байгаа юм. Захирлаар нь дараа нь золиход амар гэдэг үү, хамгийн өндөр эрх мэдэлтэн нь итгэлтэй хүнээ тавьдаг. Эцэст нь золиос болоод дуусдаг. Уг нь гол шийдвэрийг ТУЗ нь гаргадаг. Тэнд нь бас л тухайн үеийн эрх баригчдын гар хөл очиж суудаг. Тэгэхээр хэн тэр компанийг удирдах нь тов тодорхой юм. Лав иргэд эзэмшдэг хувьцааныхаа хэмжээгээр дуу хоолойгоо тус компанийн үйл ажиллагаанд хэзээ ч оруулж байгаагүй юм. Хэзээ ч хүртэж байгаагүй, хүртэх эсэх нь тодорхойгүй хувьцааг нь ТУЗ-өөр нь дамжуулж, эрх баригчид ийш тийш нь болгосоор өнөөг хүрсэн түүхтэй. Яагаад ч юм, энэ тогтолцооны гажгийг засахыг, засаглалыг нь өөрчлөхийг ямар ч дарга сэддэггүй юм. Тиймээс энэ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалын хэлбэрийг хөндөх нь нийтийн эрх ашигт бүрнээ нийцнэ.
Бас анхнаасаа Тавантолгойн ордыг төрд авахдаа жижиг “Тавантолгой”, “Энержи Ресурс” хоёрт тасалж үлдээсэн байдаг. Анхаарах ёстой. Түүнээс хойш Тавантолгойд IPO хийх гэсэн оролдлогууд бүтэлгүйтсэн. Дандаа л улстөрчдийн эрх ашиг явж байсан байдаг. 2020-2021 онд л гэхэд IPO хийх зорилготойгоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэдэг компани байгуулж, өндөр зардал гаргаж ажиллуулж байгаад татан буулгасан. Энэ бүхэн нүүрсний хулгайн салшгүй хэсэг. Тэр бүү хэл, үндэс сууриудынх нь нэг гэхэд болно. Түүнчлэн төмөр замуудын гацаа ч энэ нүүрсний хулгайтай шууд холбоотой. Автомшинаар нүүрс тээвэрлэх нь ашигтай учраас төмөр замыг гацааж ирсэн. Өнөөдөр АТГ-т бүртгэлтэй нүүрс тээврийн 398 компани байна. Тэдгээрийн дийлэнхийнх нь ард улс төрд нөлөөтэй этгээдүүд байх жишээтэй. Энэ мэдээлэл нүүрсний хоёрдугаар шатны сонсголоор яригдах л учиртай. Хэрвээ улс төр орж, эрх мэдлээр нам дарчихгүй бол шүү дээ. Нүүрс тээврийг дагаад С зөвшөөрлийн авлигын асуудал бас босож ирэх учиртай.
Ер нь бол хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” гэсэн таван чиглэлээр томъёолон шалгаж байгаа юм. Тэгэхээр “...Нүүрсний сонсголыг ч энэ хүрээнд хийвэл зохино” гэж олон нийт харж байна. Тэгэхээр энэ сонсгол “сонирхуулаад” л өнгөрөх үү, эсвэл нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү. Энэ асуулт хоёрдугаар шатны сонсголоор тодорхой болно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин