fbpx А.Баатархуяг: Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа“ буюу нисэж буй луу, гэтэгч бар...
 
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
19 минут 31 секунд

А.Баатархуяг: Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа“ буюу нисэж буй луу, гэтэгч бар...

7 хоногийн өмнөх судалгаанаас хойш АН-ын рейтинг өсөхгүй байна. АН-ын рейтинг 19 орчмоос уруудаж байхад “Шинэ”, ИЗНН зэрэг намуудад өсөлт ажиглагджээ. Өөрөөр хэлбэл АН-ын дэмжигчид хэзээ ч МАН-д саналаа өгөхгүй тул бусад буюу гуравдагч намууд руу шилжиж байна. ХҮН нам руу хотынхон, залуучууд шилжиж эхэлжээ. Гэхдээ огцом шилжилт ажиглагдахгүй байгаа нь МАН-ын жагсаалт залуучуудыг татаад байж магадгүй. Нөгөө талаас энэ сонгуулийн системийн онцлогийг заавал харгалзаж үзэх ёстой. АН-ын рейтингийн бууралт зөвхөн жагсаалтад нөлөөлөх байх, харин тойрогт нам биш хүн сонгоно.

Сонгуулийн төгсгөл

Ерөөсөө МАН, АН-ын хатуу электорал суурь 17-19 хувиас хэтрэхээ байсан, нийлээд 37-38 хувь хүрдэг ба цаана нь задгай 60 гаруй хувь бий. Үүнээс дэмжигчдээ татахын тулд сонгуулиар өрсөлддөг. Хэн илүү татсан нь ялна. Гэхдээ МАН-д засаг захиргааны арвин нөөц бий. МАН-тай энэ талаараа арай дөхүү өрсөлдөгч ганцхан нам нь АН юм. Орон нутгийн сонгуульд АН УИХ-ын сонгуулиас илүү амжилттай оролцдог.

Сонгуульд амжилтгүй оролцож буй шалгаан нь АН-ын дээд удирдлага дахь зөрчил, түүнийгээ шийдэж чадалгүй удсанд байна. Үүнийг чадварлаг, ажилсаг, хүний эвийг сайн олдог дарга сонгож байж шийддэг. Тэр нь лав Ц.Элбэгдорж биш, тэр сайн нэр дэвшигч болохоос сайн менежер биш.

Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын хослол намыг сүүлийн дараалсан ялалтад хүргэсэн. Сөрөг хүчинд санхүүгийн дутагдал ямагт байдаг, гэхдээ түүнийг үл харгалзан ялж болдгийг 2017 онд Х.Баттулга харуулсан. АН яг феодалын бутралд байгаа мэт удаж байна. Дурын, тохиолдлын хүмүүс АН-ын дарга болж байлаа. Хаангүй болсон улс мэт. Аль нэг хүчирхэг овог хааны эрх мэдлийг булаадаг шиг хотын аль хүчтэй дүүрэг намын эрхийг булаагаад авчихаад салж өгөхгүй байсан үе ч бий. Ер нь АН-д үе халах ёстой гэсэн шаардлагыг нийгмээс тулгаж байна. Гэтэл АН-д сүүлийн үед элссэн хүмүүс нь улстөрийн туршлага, тэвчээр дутаж тойргоо сүйтгэж байна.

Хатуужилтай, шаргуу, тэмцэгч чанар нь алдагдаж, сарнин бутарсан нам эрх баригч болох боломжгүй гэсэн дохиог нийтийн далд ухамсарт гүн бат суулгачихжээ.

АН-ын нэр дэвшилтэд хэдийгээр харьцангуй залуу хүмүүс орсон боловч түүнийгээ зөв таниулж чадсангүй. Хууччуулаас Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л байсан. АН дахь нөлөөгөө хадгалах гэсэн хуучин улстөрчид Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуягийн гурвалсан тэмцэлд Лу.Гантөмөр сөхөрчихлөө. Тэр ерөөсөө удирдагч биш, харизм муутайг АН-ынхан өөрсдөө эртнээс тодорхойлж өөр хүн нэхэж байсан, тэр нь ч үнэн байж. Уг нь тэр хэнээс ч үл хамааран намаа удирдах байсан юм. Түүний алхмыг харвал ерөөсөө хувиа бодсон улстөрчийн зальжин нүүдэл л хийжээ. Тэр намын дарга болсон, түүндээ аргалж байгаад тэсч үлдсэн. Жагсаалтын нэгдүгээрт өөрийгөө бичсэн. Одоо УИХ-ын гишүүн болно. Ингээд зорилго нь биелсэн. АН угаасаа ялагдана…

Гурвал.

АН-ын үндсэн зөрчил Ц.Элбэгдорж ба Х.Баттулга гэсэн хоёр туйлтай байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буугаад, Ц.Элбэгдоржид хавчигдаж намаасаа салсан уг нь гурвалд оролцох боломжтой Н.Алтанхуяг, иргэний хөдөлгөөний төлөөлөл С.Ганбаатар нарыг талдаа татаж хүчээ зузаалаад МоАХ-ны дарга болж, нам дахь нөлөөллөө тэлэхээр ажиллажээ. Ингэснээр тэр Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш тасралтгүй өс авахаар зүтгэж байсан “шоронгийнхноос” найдвартай хамгаалагдах зорилготой байв.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Хурц, сахал Д.Эрдэнэбилэг, С.Баяр, Сү.Батболд, Н.Номтойбаяр, М.Энхсайхан, МCS-ийнхэн түүний эсрэг нэгдсэн байв. Өөрөөр хэлбэл тэдний нэгдлийн шалтгаан нь ганцхан Х.Баттулга.

Энэ нэгдлийн АН дахь толгой нь Ц.Элбэгдорж, МАН-д У.Хүрэлсүх хоёр агаад энэ хоёр Х.Баттулгын өмнөх ба дараах Ерөнхийлөгч нар юм. Энэ хүчирхэг бүлэглэлийн эсрэг тэсч үлдэх нь ихээхэн ухаан, тэвчээр, уйгагүй ажил шаардана. Ц.Элбэгдорж МоАХ-г алдсанаар намын хувьсгалч суурийн дэмжлэгээс таслагдсан байна. Хэдий нийгэмд хүчтэй нөлөөгөө алдсан ч МоАХ-ны нэр сүр АН-д чухал хэвээр байв. Хэрэв Ц.Элбэгдорж МоАХ-г нөлөөндөө барьж байсан бол Х.Баттулгад орон зай үлдэхгүй байв. Энэ үйл явцын дунд АН-д эсрэгцсэн хоёр фракц бий болжээ. Ганцаардаж байсан Х.Баттулга С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг талдаа татах нь зүй.

Х.Баттулга Ерөнхий сайд болгосон ачийг нь хууран мэхлэлтээр хариулсан У.Хүрэлсүхэд таагүй хандлагатай байсан ба нөгөөх нь ч болгоомжилж байв. Ёс суртахууны хувьд түүний өмнө гэмтэй мэт санагддаг байсан биз.

Улс орны удирдагч, өндөр албан тушаал хашиж байсан, байгаа хүмүүсийн дунд зөвхөн бодлогын, том эрх ашгийн зөрчил л байдаг юм биш, тэд ч гэсэн хүн! Х.Баттулга ганцаардсан ч Ерөнхийлөгч байсан үеийнхээ нэр хүндээр нам дахь нөлөөгөө сонгуулиас өмнө богино хугацаанд сэргээж чаджээ. АН богино настай “бага хаадын” үеийг туулж байх зуур түүний ханлиг бэхжиж амжсан хэрэг.

Энэ бол бараг Ерөнхийлөгч болсонтой нь адил хэцүү ажил байв. Мань эр Балжун нуураас шавартай ус ууж явсан гэж боддог байх. Гэхдээ түүний МАН дахь тулгуур нь Л.Оюун-Эрдэнэ байсан юм. У.Хүрэлсүхийг бодвол Л.Оюун-Эрдэнэ арай хүнлэг байв.

Том өрөг дээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар нэг талд нөгөө талд У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, түүнээс гадна Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”, “Хүн” нам байв. Н.Номтойбаяр дээр МАН-ын хуучин хотын бүлэглэл, МҮАН, харин “ХҮН” намд МҮАН-ын лидер М.Энхсайхан очжээ.

Сонгуулийн өмнөх бэлтгэл

АН дотоод зөрчил нэр дэвшилтийн сөргөлдөөндөө автаж, харин Лу.Гантөмөр ийм юм байхгүй мэт дүр эсгэж байв. Тэр зорилгодоо хүрэхэд энэ чухал байсан. Хэрэв зөрчлийг хурцатгасан бол сонгуулийн өмнө түүнийг ч өөрчилчихөж болзошгүй тул Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын дунд тэнцвэр хангах нь илүү чухал байсан юм. Харин МАН сонгуулийг эрт эхэллээ. Ингэхдээ “улстөрөөс холдсон” Ц.Элбэгдоржийг хүчээр босгож байгаад балбаж эхэлжээ. Сэдэв нь хуучирсан мэт С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг байв.

АН аюулыг олж хараагүй буюу тоогоогүй юм. Үнэндээ АН-д өөр бариад авчих хэн ч, юу ч байсангүй, найман жил төсвөөс алсарч, төрөөс хөндийрсөн нам. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан.

Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшилтийг өөрийн хүссэнээр хийв. У.Хүрэлсүх жагсаалтаа тавьж туугаад тойрогт хүмүүсээ байршуулахыг яарав. Нөгөө талд Х.Баттулга жагсаалтаа тавьж туугаад тойрогт хүмүүсээ байршуулахад анхаарав. Ингээд зөрсөн эвсэл үүссэнийг өмнөх “Х” сонгууль өгүүлэлдээ бичсэн. Сонгуулийн компанит ажил эхэлмэгц АН-ын жагсаалт МАН-ын дайралтад сүйрэв. Мордохын хазгай болсон АН жагсаалтаа хамгаалж чадалгүй сүйтгүүлээд сөрөг дайралтын сиймхий хайж байх зуур МАН-ын нөлөө дотор нь ороод Лу.Гантөмөрийг гөнжиж эхлэв. Ер нь сонгууль болгон яг ийм байдлаар явж байсан түүх давтагдлаа.

М.Энхсайханы сонгуулийн үед Г.Уянга бөөрний дутагдлын аппаратын сэдвээр босголт хийж Н.Энхбаярын рейтингийг бууруулах гэж оролдож байсан. Хөвсгөлийн нөхөн сонгуулийн үеэр О.Энхсайханыг гаргах гэж мөн л мотоциклтэй хүн осолдсоныг ашиглахыг оролдож байсан.

Гэвч санаачлагаа алдсан бол буцааж авахад илүү хүчтэй цохилт, санхүүгийн нөөц, гол нь эв нэгдэл хэрэгтэй болдог. Тэр нь байгаагүй, сая ч байсангүй, харин ч зөрчилдөөний галыг өрдөв. Эцэст нь сонгогчид дотоод зөрчлөө дийлэхгүй эмх замбараагаа алдсан энэ нам эрх баривал улсыг баллаж мэдэх нь гэлцэж эхэлжээ. Явж явж Л.Оюун-Эрдэнийн эмгэнэлийг “дипломат” байдлаар хүлээн авсан Лу.Гантөмөр Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн фракцтай зөрчилдөж, эцэст нь МАН-ын хангайн бүс биш, АН-ын Сонгинохайрхан сүйрэв. Сонгинохайрхан сүйрсэнд Ц.Элбэгдорж нэг их харамсахгүй, учир нь тэнд Н.Алтанхуяг унаж байгаа шүү дээ! Сонгуулийн ширүүн өрсөлдөөн явц ил харагдах нь МАН-АН-ын хооронд мэт авч бодит байдалд өнөө л “Х” хувилбараар явж байгааг харж болно.

МАН-ын үзэл суртлын машин АН-ын нэр дэвшигчид рүү хүчлэн дайрч байгаа мэт авч нарийн харвал голлон Ц.Элбэгдоржийн “Гранд” фракцаас дэвшсэн горилогчид руу чиглэж байгаа юм.

Харин МоАХ фракцаас нэр дэвшигчид тойргуудад ямарваа дарамтгүй өрсөлдөж л байна. МАН-ын хар PR намын жагсаалт, Эбэгийн фракц руу дайрснаар (хоюуланд нь Элбэгдоржийн хүмүүс бий) дараагийн парламентын бүтцийг тодорхойлох боломж бидэнд гарч ирж байна.

Дараагийн парламент

Хэрэв АН-ын рейтингийн дээд дүнгээр нь 19 хувь гэж үзвэл жагсаалтын дээд боломж нь 10-12 парламентын гишүүн. Үүн дээрээс тойргуудаас орж ирэх хүмүүсийг тооцвол 25-26 орчим хүн байна. АН-ын бүлгийн дотоод харьцааг харвал МоАХ фракц жин дарах ёстой. Тиймээс сонгууль дуусан дуустал Ц.Элбэгдоржийн фракцийнхныг шахах “МАН-МоАХ” дарамт үргэлжилнэ. Лу.Гантөмөр намаа эмхлэх чадамжаа алдсанаараа алсдаа парламент дахь бүлгээ ахлах боломжоо алдаж байна.

Тулаан их бууны бэлтгэл, агаарын дайралт, морьт цэрэг, явган цэрэг гэсэн дарааллаар өрнөдөг бол МАН эхэлж давшаад их бууны цохилтоо жагсаалт руу нь амжилттай хийж, агаарт буюу үзэл суртлын талбарт бүрэн ноёлоод одоо явган давшиж, эсрэг этгээдээ ялган бүсэлж, онилон хяргаж эхэлснээс ялгаагүй дүр зураг харагдаж байна.

С.Эрдэнэ Баянголдоо тэсч үлдэхийг хичээж, Баян-Өлгийг зөнд хаяж, Сонгинохайрханд АН бүрмөсөн сүйрч, зүүн бүсэд Л.Оюун-Эрдэнэ АН-ыг тэглэх зорилт тавьж, харин Х.Баттулга хойд бүсэд тайван бөгөөд давамгай байдлаа хадгалахыг хичээж байгаа гэх мэт дүр зураг.

МАН бүхлээр, Ардчилсан нам аанай л араасаа олон чиргүүлтэй байлдаж байна. АН сарних бүрт жижиг намууд тарсан саналыг хувааж авахаар чадлаараа зүтгэнэ. Хэрэв АН тойргуудад чансаатай хүн дэвшүүлсэн бол санал нь хүнээ дагаж үлдэх байсан ч нэр дэвшилт бас л чанаргүй болсон. Жишээ нь аймгийн дарга, ИТХ-ын дарга нар олноор дэвшсэн авч олон аймагтай мега тойргуудад нэг аймгийн суурь дэмжлэг нөгөө 2-3 аймагтаа дарагдаад юу ч болохгүй байна. Тиймээс МАН санаачлагыг бүрмөсөн гартаа авахын тулд “багаар нь дэмжих” уриалгыг түлхүү явуулж байгаа юм. Одоо үндсэндээ эсэргүүцэл нийтийн сүлжээ, сарнисан хөвөгч сонгогчдод л байгаа болохоос АН-д алга байна.

Ийм нөхцөлд дараагийн парламент МАН хэт давамгайлсан, АН-аас МоАХ голлосон сөрөг хүчин, гуравдагч намуудын 20 шахам гишүүдтэй бүрдэх төлөвтэй болчихлоо. Гол цөм нь МАН-МоАХ гэсэн холбоо байх нь.

АН дахь стратегийн нэг алдаа нь нийгмийн дэмжлэг авахын тулд “гудамжнаас татсан” “No war” хөдөлгөөнийхөн байв. Ц.Элбэгдоржийн хараанд өртөхийн тулд идэвхийлсэн үү? Өөр нөлөөтэй байсан уу, хойд хөрштэй илэрхий зөрчилдсөн уриа хашгирдаг “радикал” идэвхтнүүдийг намын буурь суурьтай, нэр нөлөө бүхий улстөрчид ч аялдан дагалдаж, дэмжиж байсан нь алсдаа хор уршиг дагуулсан юм. Хэрэв АН ялбал дайны байдалтай хойд хөршөөс тэднийг хашраах гээд “крантаа хаахад хүргэх” зөрчилдөөний хөрөнгө исч байгаа юм биш биз гэх болгоомжлол нийгэмд бий. Сонгогчдыг “тэнэг” гэж тооцдог сэтгэл хөдлөлд тулгуурласан, жижиг сегментүүдийг цуглуулах харалган ойрын улстөр эцэстээ ийм сүйрэлд хүргэдэг. Өөрөөр хэлбэл ийм саланги бүлгүүд хэзээ ч нэгддэггүй. Харж байгаа биз дээ, Лу.Гантөмөрийг тэд “радикал байсангүй” гэж бичлэг хийж байна. Нэгэнт МоАХ сөрөг хүчний орон зайд байгаа нөхцөлд гадаад бодлогод тэнцвэр хангаад байх бололцоо бүрдэнэ. Мэдээж “Женко” бол Оросын … гэлцдэг авч саяхан ОХУ-д явж байхдаа бидний сонссоноор бол батлаад баймгүй хараатай юм билээ л дээ, оросууд…

Шинэ орчин

Сүүлд Лу.Гантөмөрийг уучлал гуйж ярихад нь ганцхан юм асуусан. “Та нар ялна гээгүй юм уу?”…

Үйл явцын өрнөл дунд одоо харахад АН-ын гол фракцууд нэгнээ нухчин дарахаа бодсон, Лу.Гантөмөр завдаж парламентаар дамжуулж өөрийн фракцыг бий болгох гэсэн далд санаанууд нь хун, хавчаахай, цурхай гурвын үлгэр болж, АН-ыг сонгуулийн кампанит ажлын явцад бүрмөсөн задалжээ.

Парламентад АН орно, гэхдээ МоАХ давамгайлснаар АН дахь Ц.Элбэгдоржийн фракцыг тэр чигээр нь улстөрийн тавцангаас арчиж, Х.Баттулгын удирдлага дор зангидах бололцоо бүрдэнэ.

Л.Оюун-Эрдэнэ ч парламентад өөрийг нь сөрөөд, сөргөөд байдаг ядаргаанууд байснаас найдвартай холбоотон байсан нь дээр гэж тооцсон байж болно, эсвэл хамтдаа тохирсон уу? Х.Баттулга ч парламент дахь бүлэгтээ тулгуурлаж АН дахь эсрэг фракцаа гартаа оруулж авахыг хичээнэ. Магадгүй АН дотор томоохон хагарал ч үүсэх уур амьсгал бүрдэж байна. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн дараа сөрөг хүчин, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, алдарт МоАХ-ыг хүндэтгээд аж ахуйн чиглэлийн нэг яам гардуулж магадгүй. Ингэснээр парламент дахь дэмжлэгээ бүр ч сайнаар бататгах эрх мэдэл түүнд одоо үүсч байна. Үүгээр дамжуулж АН-ыг бүрэн бүтнээр нь ойролцоо уяад байхыг хичээх биз, тэгэхгүй бол гудамжинд тоос босч эхэлнэ. Ингэснээр У.Хүрэлсүхийн фракц энэ холбооны өмнө мөн л хүчин мөхөстөж эхэлнэ.

Хэдийгээр яг намдаа У.Хүрэлсүх нөлөө ихтэй ч парламентад буюу төр дэх төлөөлөл, нөлөөлөл нь буурчихаж байна. Л.Оюун-Эрдэнийн листэнд бичигдсэн улстөрийн туршлага багатай, үй олон эрдэмтэд зөвхөн түүний хүслээр кноп дарна, тэд улстөрч болж бойжтолоо өдий… Ийм дуулгавартай “сүрэг” юу ч хийхэд таатай хөрс болно.

Ийм засаглалын үед Засгийн газар үнэмлэхүй эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх болно. Энэ үе бол… би дахин дахин хэлээд л байгаа шүү, яг Н.Энхбаярын үеийг санагдуулж байна. Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулгын улстөрд тавьж байсан зорилтууд ижил тул цаашдаа стратегийн ордуудыг улсын мэдэлд авах ажил үргэлжилж ингэснээр улстөрд хүчтэй нөлөө үзүүлж байсан 30 гэр бүлийн олигархуудыг буланд шахах болно. Мэдээж тэд эзэмшсэн, эзэгнэсэн бүхнээ зүгээр өгчихгүй л байх, гэхдээ Х.Баттулга АН-ыг тэднээс зааглаж байгаа үед тэд олон нийтийн дэмжлэгээс таслагдах болно. Үүний дараа л Л.Оюун-Эрдэнэ энэ улсын “Бүрэн засагч” болно.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь алхам бүрийг хянаж байгаа МАН-ынхны нүдэн дээр төсвийн мөнгөнөөс ихээр авч зарцуулахгүй байх хэмжээний хашир болгоомжтой хүн. Тиймээс санхүүжилт энэ холбооны дундын хөрөнгөөр боссон, Л.Оюун-Эрдэнэ намдаа өргүй, харин ч тэднийг ялуулсан, суудал бэлэглэсэн буянтан болж намдаа шүтэгдэхийн гараан дээр зогсож байна. Гадаад дэмжлэгийн хувьд манай гуравдагч хөршүүд өөрт сургасан олон арван хүмүүсийг парламентад Л.Оюун-Эрдэнээр дамжуулан оруулсан байна. Өөрөөр хэлбэл тэд Монголын улстөрд үе халах үүргийг амжилттай гүйцэтгэсэн Л.Оюун-Эрдэнэд эхний шагнал өгч, эдийн засгийн таатай амлалтууд өгч магадгүй. Ийм үед “No war” ч тэдэнд хэрэггүй болох байх. Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулгын холбоо хэр удаан эв найртай үргэлжлэхийг таашгүй. Ямар боловч Х.Баттулга зүтгэснээрээ парламентын гишүүний бүрэн эрхээр хуяглаж, шоронгийнхны өөдөөс салаавч үзүүлээд суух болно. Хэрэв эвтэй байвал дараагийн сонгууль энэ хоёр хүний толгойлсон хүчнүүдийн дунд болно…

А.Баатархуяг

Ж.Алдаржавхлан найман жил Засаг дарга хийхдээ ус зайлуулагч ч хийж чадсангүй
Ж.Алдаржавхлан найман жил Засаг дарга хийхдээ ус зайлуулагч ч хийж чадсангүй
 
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлал өндөрлөлөө

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлал өндөрлөлөө

Дональд Трамп зэвсэгт халдлагад өртжээ

Дональд Трамп зэвсэгт халдлагад өртжээ

У.Хүрэлсүх: Төр, засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

У.Хүрэлсүх: Төр, засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

Чингис хааныг доромжилж танхайрсан гадаадын иргэнд торгох шийтгэл оноов

Чингис хааныг доромжилж танхайрсан гадаадын иргэнд торгох шийтгэл оноов

С.Амарсайханыг гомдоохгүйн тулд л Шадар сайдын орон тоог дахин нэгээр нэмжээ

С.Амарсайханыг гомдоохгүйн тулд л Шадар сайдын орон тоог дахин нэгээр нэмжээ

МАН, АН, ХҮН эдийн засгийг багадаа 2 дахин тэлэхийн төлөө хамтарч байгаа гэв

МАН, АН, ХҮН эдийн засгийг багадаа 2 дахин тэлэхийн төлөө хамтарч байгаа гэв

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөе!

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөе!

ОХУ-ын зүүн хэсэгт үзүүлж буй АНУ-ын нөлөө

ОХУ-ын зүүн хэсэгт үзүүлж буй АНУ-ын нөлөө

А.Баатархуяг: “Х” парламент

А.Баатархуяг: “Х” парламент

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Хоёр Ерөнхийлөгчийн “харц“-ны цаадах...

Хоёр Ерөнхийлөгчийн “харц“-ны цаадах...

Н.Энхбаяр: Дахин МАНАН байгуулж болохгүй

Н.Энхбаяр: Дахин МАНАН байгуулж болохгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр уулзана

ШУУРХАЙ: Туркт амьдардаг монголчууд архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Туркт амьдардаг монголчууд архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ

Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилжээ

Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр тусгай албаны ажилтан асан гурван хүнийг саатуулжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр тусгай албаны ажилтан асан гурван хүнийг саатуулжээ

АН-д туйлширсан либералууд биш Х.Баттулга, Н.Алтанхуяг шиг лидерүүд хэрэгтэй гэдгийг сонгогчид нотоллоо

АН-д туйлширсан либералууд биш Х.Баттулга, Н.Алтанхуяг шиг лидерүүд хэрэгтэй гэдгийг сонгогчид нотоллоо

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

Баабар: Хамтарсан засгийн паян

Баабар: Хамтарсан засгийн паян

А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-ын гишүүнээс хасчээ

А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-ын гишүүнээс хасчээ

СЕХ дараах 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо

СЕХ дараах 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо

“Үндэсний Эвсэл“ Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ

“Үндэсний Эвсэл“ Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгохыг зөвшөөрчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгохыг зөвшөөрчээ

М.Нарантуяа Нара: Олон гоё гоё юм хийх гэж бодож байна...

М.Нарантуяа Нара: Олон гоё гоё юм хийх гэж бодож байна...

УИХ-д суудалтай бүх нам хамтарч, Засгийн Газар байгуулахаас өөр зөв зам байхгүй!

УИХ-д суудалтай бүх нам хамтарч, Засгийн Газар байгуулахаас өөр зөв зам байхгүй!

Хойд Солонгост нарны шил зүүвэл хувьсгалын эсэргүү болно

Хойд Солонгост нарны шил зүүвэл хувьсгалын эсэргүү болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​