fbpx ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ГАВЬЯАТУУД ГАЗРЫН НАЙМААЧИД, БАРИЛГЫН ЭЗЭД БОЛЦГООВ УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 41 секунд

ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ГАВЬЯАТУУД ГАЗРЫН НАЙМААЧИД, БАРИЛГЫН ЭЗЭД БОЛЦГООВ УУ

Тун удахгүй Төрийн ордонд Улаанбаатар хотын газрын наймааны хэргүүдийн нээлттэй сонсгол болно. Нээлттэй сонсголд М.Энхболд, Ц.Батбаяраас эхлээд хотын дарга нар нэртэй үе үеийн “газрын наймаачид”, “Мон-уран”-ы Б.Наранхүү, “Алтай констракшн”-ы Х.Бат-эрдэнээс эхлээд бизнесмен нэртэй үе үеийн “газрын шагчид” дуудагдах хүлээлттэй байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын газрын наймааны уг нээлттэй сонсголд хотын дарга, барилгын компаниудын эзэдтэй “хөтлөлцөөд” урлагийн үе үеийн гавьяатууд, ардын жүжигчид ч дуудагдаж болзошгүй бололтой. Маш ноцтой нэгэн баримтыг танилцуулъя.

“Монголын урлагийн ажилтны холбоо” гэх төрийн бус байгууллага бий. 1975 онд Ардын жүжигчин Э.Оюун агсан санаачлан байгуулж, тэр цагаас Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад удирдаж ирсэн. Одоо “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын тэргүүнээр МУГЖ Б.Тунгалаг, гүйцэтгэх захирлаар нь МУУГЗ Ч.Даваасүрэн ажиллаж буй бол Ардын жүжигчин Б.Зангад өөрөө зөвлөх сэтэртэйгээр араас нь чиглүүлдэг. Харин Удирдах зөвлөлд нь МУГЖ Г.Урнаа, МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУУГЗ Н.Буянбаатар, МУУГЗ Н.Ганхуяг, СГЗ Ж.Баяр, СТА Д.Золбаяр, СТА З.Баянзул нар багтдаг ажээ.

Ноцтой нь, хөдөөгийн театруудын урын санг баяжуулах, үндэсний урлагаа дэлхийд сурталчлах, залуу уран бүтээлчдийн авьяасыг нээх чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг гэх “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ өдгөө Төрийн ордны зүүн хойхно байх Кубын Элчин сайдын яамны газрын эзэн болчихсон, хашаанд нь 13 давхар орон сууцны барилга бариулж байгаа. Илүү ноцтой нь, тун удахгүй Кубын Элчин сайдын яамны барилгыг нурааж, суурин дээр 16 давхар оффисын барилга, дахиад нэг 13 давхар хоёр орон сууцны барилга бариулахаар бичиг баримтаа бэлдчихсэн байна. “Алтан намар” дуугаараа ард түмэнд алдаршсан Ардын жүжигчин Б.Зангад, “Тусгай салаа”, “Ээжийн дайсан” зэрэг УСК-гоороо хүндлэгдсэн МУГЖ Б.Тунгалаг, Улсын филармонийн дарга гэж танигдсан МУУГЗ Ч.Даваасүрэн нар Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн газрын эзэд болчихсон, 70 гаруй жилийн түүхтэй Кубын Элчин сайдын яамны барилгыг нурааж, хувийн оффис, орон сууцны барилга болгохоор гүйж явна гэхээр даанч итгэмгүй юм.

Эхэнд нь, тэд Кубын Элчин сайдын яамны барилга ба газарт нь анх яаж эзэн суусныг нь танилцуулъя.

Тайлбар: Кубын Элчин сайдын яам, 2014 он

“Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ анх 1989 онд Кубын Элчин сайдын яамны барилгын зүүн жигүүрт түр толгой хорогдохоор орж байжээ

Сүхбаатар дүүргийн VI хороо, МУИС-ийн V байрнаас урагшаа Төрийн ордон явах зам дагуу байрлах Кубын Элчин сайдын яамны хоёр давхар барилгыг мэдэхгүй хүн цөөн байх. Хоёр зуун дамнан Кубын Элчин сайдын яам байрласан учраас ингэж танигдсан хэрэг л дээ. Энэ барилга 1950 онд ашиглалтад орсон, тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны эзэмшлийн байр байсан. 1960 онд Монгол-Куба улсын хороонд дипломат харилцаа тогтоож, 1970 оноос Кубын Элчин сайдын яам энэ барилгад байрлаж эхэлсэн. Гэтэл 1986 онд Кубын Элчин сайдын яам өөр байр руу нүүсэн. Тэгмэгц нь засвар хийгээд 1989 онд зүүн жигүүрт нь “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-г түр оруулсан байгаа юм. Харин баруун жигүүр нь тухайн үеийн Монгол Улсын Дэд ерөнхийлөгч Р.Гончигдоржийнх орсон гэдэг. Гэтэл 1990 оны сүүлээр Кубын Элчин сайдын яам хуучин байрандаа буцаж ирэх хүсэлт гаргасан. Энэ дагуу 1991 оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэрээр Р.Гончигдоржийн амьдарч байсан хэсэг буюу барилгын баруун жигүүрийг нь Кубын Элчин сайдын яаманд буцаан өгч, зүүн жигүүрийг нь “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-т үргэлжлүүлэн түр ашиглуулахаар болсон байдаг.

Төрийн өмчийн хороо “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ыг 1997 онд Кубын Элчин сайдын яамны барилгаас “хөөсөн” ч яваагүй, эсрэгээрээ 2001 онд өмчлөгч нь болсон

Зах зээлийн шуурга намжсаны дараа төр өмчөө дахин бүртгэлжүүлж эхэлснээр 1997 онд Төрийн өмчийн хорооны 294 дугаартай тогтоолоор энэ барилгыг бүхэлд нь Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар”-ын мэдэлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Кубын Элчин сайдын яам энэ барилгад байрлах боловч барилгын эзэмшигч нь “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” болсон гэсэн үг. Дээрх 294 дугаартай тогтоолын дагуу “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ыг барилгын зүүн жигүүрийг чөлөөлж нүүхийг үүрэг болгосон байгаа юм. Гэтэл 2001 онд Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржийн 500 дугаартай тогтоолоор энэ барилгын зүүн жигүүрийг “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-т эзэмшүүлэхээр шилжүүлсэн байгаа юм. Улмаар “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан 2002 онд энэ барилгад 2203008848 дугаартай эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, мөн Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 101 дугаартай захирамжаар барилгын доорх 3770м2 газрыг нь өөрсдийн болгосон байгаа юм. Тэр бүү хэл, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан энэ барилгын баруун жигүүрийг ч өөрсдөд нь өг гэж “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар”-т хандсан байгаа юм.

Тайлбар: "Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ Кубын Элчин сайдын яамны барилга болон газрын эзэмшиж буй кадастр зураг

Тайлбар: "Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ эзэмшиж буй газар буюу Кубын Элчин сайдын яамны хашаа, баригдаж 13 давхар барилга

Төрийн өмчийн хороо 2019 онд “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-аас Кубын Элчин сайдын яамны барилгыг салгаж авах гээд хүчрээгүй

Харин 2019 онд Төрийн өмчийн хорооны дарга З.Мэндсайхан 142 дугаартай тогтоол гаргаж, 2001 оны Л.Пүрэвдоржийн 500 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Кубын Элчин сайдын яамны барилгыг “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-аас хураан авч, буцаагаад Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар”-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Кубын Элчин сайдын яамны барилгыг 2001 онд хууль бусаар “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-д шилжүүлж, төрийн өмчийн барилгыг төрийн бус байгууллагад нэг ч төгрөгийн түрээс, төлбөргүйгээр 18 жил өмчлүүлсэн гэж үзсэн. Ингээд төр өмчөө буцаан авч, Гадаад харилцааны яаманд буцааж эзэмшүүлсэн байдаг.

Гэтэл “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан Төрийн өмчийн хороог шүүхэд өгсөн. Тэд “Бид энэ барилгад 1990 оноос хойш байрласан, тиймээс бүхэлдээ бидний өмч” гэж шүүхдсэн байдаг. Хоёр жил гаруй шүүхдсэний эцэст 2022 онд “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан Төрийн өмчийн хороог ялж, Кубын Элчин сайдын яамны барилгад нэг мөр эзэн суусан. Гавьяат, Ардын жүжигчдийн “арми”-ийг Төрийн өмчийн хороо яаж чадаагүй ялагдсан гэх. Товчхондоо, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан анх Кубын Элчин сайдын яамны барилгын зүүн жигүүрт түр орогнож байгаад эцэст нь бүр мөсөн өөрсдийн болгоод авчихжээ.

“Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын Б.Зангад тэргүүтэй удирдлагууд Кубын Элчин сайдын яамны барилгыг нурааж, суурин дээр нь 16 давхар оффис, 13 давхар хоёр орон сууцны барилга бариулах захиалга өгчээ

Өдгөө “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан “Асар өргөө” ХХК-д захиалга өгч, Кубын Элчин сайдын яамны хашаан дотор 13 давхар орон сууцны барилга босгож, цутгалтаа хийчихсэн байгаа. Одоо гадна фасатны ажлаа эхлэх гэж буй. Хамгийн ноцтой нь, тун удахгүй “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан тун удахгүй Кубын Элчин сайдын яамны барилгыг бүхэлд нь нурааж, газар дээр нь 16 давхар оффис, дахиад нэг 13 давхар хоёр орон сууц бариулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрлөө авчихсан байгаа ажээ. Төрийн ордны хажууханд, хотын “А” зэрэглэлд 16 давхар оффис, 13 давхар хоёр орон сууцны барилга барьж худалдах нь хэдэн арван тэрбумаар тоологдох ашигтайг энд дурдах нь зүйтэй байх. Бас нэг ноцтой баримт байгаа нь, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын удирдлагууд болон “Асар-Өргөө” ХХК-ийн удирдлагууд дээр дурдсан 16 давхар оффис, 13 давхар хоёр орон сууцаа ашиглалтад орсны дараа хувааж авахаар гэрээ байгуулсан. Ингэхдээ “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын удирдлагууд урьдчилгаа болгож “Асар-Өргөө” ХХК-ын өмнө нь барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас тус бүр нь гурван өрөөтэй зургаан ширхэг орон сууц авч, өөрсдөдөө авсан гэх мэдээлэл байна.

Тайлбар: Кубын Элчинс сайдын яамны хашаанд баригдаж буй "Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ-ын захиалгатай 13 давхар орон сууцны барилга

Тайлбар: Кубын Элчин сайдын яамны хашаанд "Монголын урлагийн ажилтны холбоо" ТББ-ын захиалгаар баригдаж буй хоёр орон сууцны зураг төсөл

Кубын Элчин сайдын яамны барилгыг “булуухад” Б.Зангадад М.Энхболд, Л.Пүрэвдорж нар тусалсан уу

Эцэст нь, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын удирдлагууд буюу Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Б.Тунгалаг, МУУГЗ Ч.Даваасүрэн нар Кубын Элчин сайдын яамны барилгад эзэн суухад төрөөс хэн тусалсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт хайж үзвэл өнөөх л “газрын наймааны эцэг” гэгдэх М.Энхболд руу хөтлөх ажээ. Нэгдүгээрт, 2001 онд 500 дугаартай тушаал гаргаж, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-т Кубын Элчин сайдын яамны барилгыг өмчлүүлсэн хүн нь 2000-2004 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажилласан Л.Пүрэвдорж. Харин 2002 онд 101 дугаартай захирамж гаргаж, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-т Кубын Элчин сайдын яамны барилгын доорх 3770м2 газрыг олгосон хүн нь 2000-2005 онд Хотын дарга байсан М.Энхболд. Эндээс нэг схем гарч ирнэ. Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан Л.Пүрэвдорж Ховдынх. “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын тэргүүн байсан, одоо зөвлөх хийж байгаа Б.Зангад бас Ховдынх. Харин тухайн үед Хотын дарга байсан М.Энхболд нь Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржийн төрсөн дүүгийн хүүхэд У.Барсболдтой нэг ангийн, маш дотно найзууд. Тэгэхээр 2001, 2002 онд Кубын Элчин сайдын яамны барилга, газартайгаа Б.Зангадад шилжсний ард Л.Пүрэвдорж, М.Энхболд нарын туслалцаа их байсан дүр харагдаж байгаа юм.

Хоёрдугаарт, Б.Зангадын буюу “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын захиалгаар Кубын Элчин сайдын яамны газар дээр оффис, орон сууц барьж буй “Асар-Өргөө” ХХК нь анх 2011-2014 онд ХУД-ийн 15-р хороо, Home Plaza-гийн баруун урд талд тус бүр нь 16 давхар, дөрвөн блок бүхий “Хансвилл” хотхоныг “Тектоник” ХХК-тай хамтарч барьснаар барилгын салбарт хөлөө олсон. Мөн “Хансвилл” хотхоны борлуулалтыг “Асар-Өргөө” ХХК-ийн охин компани болох “Асар пропертиз” ХХК нь хариуцаж байсан. Харин “Тектоник” ХХК нь 2000-2005 онд Нийслэлийн ерөнхий архитектороор ажиллаж асан М.Цэлмэгийн компани. Тэгэхээр “Асар өргөө” ХХК нь М.Цэлмэгээс нэг их холдохгүй гэсэн үг. 2000-2005 он хүртэлх таван жилийн хугацаанд Хотын дарга М.Энхболд газар олгож, Ерөнхий менежер Т.Бадамжунай олгосон газруудыг нь дамлан зуучилж, Ерөнхий архитектор М.Цэлмэг өнөөх газрууд дээр нь орон сууц, оффис барих зөвшөөрөл батлах замаар шадар гурван цэрэг шиг хамтарч байсан түүхтэй. Ингэж харвал, “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ынхан 2002 онд М.Энхболдоос авсан Кубын Элчин сайдын яамны газар дээрээ оффис, орон сууцны хотхон бариулахдаа “Асар өргөө” ХХК-ийг зүгээр ч нэг сонгоогүй гэсэн үг юм.

Үргэлжлэл бий...

Олон тоглогчоос долоо дахь Ерөнхийлөгч тодрох 2027 оны сонгууль айсуй…
Олон тоглогчоос долоо дахь Ерөнхийлөгч тодрох 2027 оны сонгууль айсуй…
 
Судлаач Д. Чулуунжав: Хүмүүс бид чинь хэн юм бэ? Хаана, хэрхэн бүтээгдсэн юм бэ?
Судлаач Д. Чулуунжав: Хүмүүс бид чинь хэн юм бэ? Хаана, хэрхэн бүтээгдсэн юм бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Судлаач Д. Чулуунжав: Хүмүүс бид чинь хэн юм бэ? Хаана, хэрхэн бүтээгдсэн юм бэ?

Судлаач Д. Чулуунжав: Хүмүүс бид чинь хэн юм бэ? Хаана, хэрхэн бүтээгдсэн юм бэ?

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ

Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ

Монгол хэлээ мохоож байна

Монгол хэлээ мохоож байна

О.Алтангэрэл сайдаа, Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү...

О.Алтангэрэл сайдаа, Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү...

Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ

Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?

Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар “туг тахив“ уу?!

Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар “туг тахив“ уу?!

Баабар: Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс

Баабар: Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс

“Улаан чулуут”-тай хувь заяагаа холбосон Жулиа Вэлүү

“Улаан чулуут”-тай хувь заяагаа холбосон Жулиа Вэлүү

Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?

Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?

Цас зуд давагдашгүй хүчин зүйл, Сайханбилэг бас давагдашгүй хүчин зүйл гэж үү?

Цас зуд давагдашгүй хүчин зүйл, Сайханбилэг бас давагдашгүй хүчин зүйл гэж үү?

Судлаач Ганаа: Бидний огт мэдэхгүй дайн

Судлаач Ганаа: Бидний огт мэдэхгүй дайн

Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ

Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ

Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан

Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан

Трамп & Харрис

Трамп & Харрис

“Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана

“Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана

“Морь цоллоход монгол омогшил төрж, хийморь сэргэдэг“

“Морь цоллоход монгол омогшил төрж, хийморь сэргэдэг“

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Итгэл алдсан Л.Энхболд эргэн ирэхийг санаархаж байна

Итгэл алдсан Л.Энхболд эргэн ирэхийг санаархаж байна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг иргэдийн эрх ашигт нийцүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг иргэдийн эрх ашигт нийцүүлнэ

Эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх үү!

Эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх үү!

Судлаач Ганаа: Халх голын дайн ба ноён Баабарын урвалт

Судлаач Ганаа: Халх голын дайн ба ноён Баабарын урвалт

С.Зориг агсны нүдний шилнээс ДНХ илэрч, улстөрчид нууц уулзалтууд хийж байна

С.Зориг агсны нүдний шилнээс ДНХ илэрч, улстөрчид нууц уулзалтууд хийж байна

Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!

Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!

О.Батханд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад өгнө

О.Батханд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад өгнө

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 100 сая төгрөгийн босго тогтоож, шаардсан мөнгийг нь өгөхгүй бол орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэжээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 100 сая төгрөгийн босго тогтоож, шаардсан мөнгийг нь өгөхгүй бол орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэжээ

Монгол улс, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улс, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​