Монголын барилгын салбарын талаар Барилга дэд бүтцийн Олон улсын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх инженер, эрх зүйч Б.Баасансүрэнтэй ярилцлаа. Тус салбарын сүүлийн үеийн шинэ содон мэдээ мэдээллийг энэ ярилцлагаас уншина уу.
-Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) дэргэдээ Барилга, дэд бүтцийн Олон улсын арбитрыг байгуулжээ. Цаг үеэ олсон чухал ажил гэж тус салбарынхан ам сайтай байна. Энэхүү ОУ-ын мэргэшсэн Арбитрыг байгуулах болсон шалтгаан, үр дүн, хэтийн зорилтын талаар мэдээлэл өгнө үү?
-Монголын барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Дагаад барилга, дэд бүтцийн салбарт Олон улсын томоохон төсөл хөтөлбөр, мега төслүүд хэрэгжиж эхэллээ. Аливаа төслүүд амжилттай хэрэгжихэд хамгийн гол нь тухайн төсөл нэмэлт зардал үүсэлгүй, төсөвтөө багтах нь чухал байдаг.
Үүний тулд ажлууд төлөвлөсөн хуваарийн дагуу, хугацаандаа хийгдэж дуусах ёстой. Төсөл ингэж амжилттай хэрэгждэг. Төслийн үр дүнд тухайн төслийн санаачлагч, хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчид гэхчлэн төсөлд оролцогчид санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлдэг. Дараа дараагийн ижил төстэй төсөлд оролцоход мэргэжлийн ахисан ур чадвар, сайн туршлага нь эдийн засагт хэмнэлт үүсгэж, үр дүн нь хурдан хугацаанд хэрэглэгчдэд хүрдэг. Энэ бүх үр дүнгийн ард заавал хийгдэх ёстой ажлууд бий. Маш чухал.
-Тэр нь юу билээ?
-Төслийн явцад оролцогч талуудын ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд үл ойлголцол гарч, маргаан дагуулдаг. Энэ нь тухайн төслийн ажил сунжрах, хугацаа хоцрох, үүнээс улбаалан зардал нэмэгдэн, санхүүжилт хүрэлцэхгүй болж, бүр даамжирвал ажил зогсох хүртэлх эрсдэлд хүрнэ. Ийм байдалд орсон төслүүдийн жишээ олон байна. Өнөөдөр шүүх дээр шийдэгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээний маргааны 40-өөс илүү хувийг барилгын маргаан эзэлж байгаа юм.
-Бас л том хувийг эзэлж байна шүү?
-Тийм болчихоод байгаа юм. Мэдээж хөгжиж дэвжиж байгаа салбарт сайнаа дагаад сөрөг үр дагавар гарах нь тодорхой. Хаа хаанаа бүгд хичээгээд, засч залруулаад явахыг хичээж байна. Ер нь барилга, дэд бүтцийн төслийг хугацаанд нь амжилттай дуусгахад талууд хоорондын маргааныг богино хугацаанд, мэргэжлийн талаас нь оновчтой зөв шийдвэрлэх л чухал. Шийдвэрлэхдээ аливаа нөлөөллөөс ангид, хараат бус, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх. Үүнийг л барилгын салбарынхан маань маш их хүсч байгаа. Ялангуяа Олон улсын томоохон мега төслүүд эхэлж байгаа энэ цаг үед төслийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг бууруулж, хурдан арилгах нь цаг үеийн нэн шаардлагатай ажил болчихоод байна. Энэ шаардлагын хүрээнд сая дурдсан төслийн оролцогч талуудын маргааныг Шүүхийн бус аргаар шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэх үйл ажиллагаа юм. Цаг үеийн энэхүү нэн шаардлагатай ажлыг МБҮА Төрийн бус байгууллагын зүгээс соргогоор мэдэрч, барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгууллаа. Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.
-Энэ талын мэдээлэл авахыг барилгын салбарын олон хүн хүсч байна. Та тодорхой тайлбарлаж өгөх үү?
-Энэхүү Арбитрын маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд МБҮА-ын зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй. Хараат бус байдлыг хангаж байхаар зохион байгуулсан. Арбитрчдыг нээлттэй сонгон шалгаруулалт, тодорхой шалгуураар сонгож, энэ сарын 4-ний өдөр арбитрчийн тангараг өргүүлөх ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулсан. Арбитрын үйл ажиллагааны дараагийн алхам нь Олон улс дахь харилцаагаа өргөжүүлж, туршлага солилцох, Олон улсын бусад байгууллага, гадаадын арбитрчдыг урих ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэхийг зорьж байна.
-Гадаад харилцааныхаа талаар жаахан тодруулж яриач?
-Азийн зарим улс орнууд тухайлбал, БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур зэрэг орнуудтай санал солилцох түвшинд явж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд, ялангуяа энэ салбарын ирээдүйг авч явах залуу инженерүүдээ дотоодын болон Олон улсын хууль, эрх зүйн мэдлэгтэй болгох зайлшгүй шаардлага үүссэн. Залуустаа үндсэн мэргэжлээс нь гадна эрх зүйн боловсрол цогцоор олгох нь Монголын барилгын салбарын хөгжилд том хувь нэмэр болох юм.
-Барилгын салбарт өөрчлөлт авчирч байгаа юм байна?
-Ер нь бол дэвшил гэж болно. Барилга, дэд бүтцийн Олон улсын арбитр нь цаашид инженерүүд болон салбарын мэргэжилтнүүдийг арбитрчаар бэлтгэхэд чиглэнэ. Дотоодын болон олон улсын эрх зүйн сургалтуудыг сайн зохион байгуулах, инженер бус бусад мэргэжлийн арбитрчдад зориулж барилгын мэргэжил, технологиийн талаар, барилгын төслүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулна. Барилгын салбарт тавигдах шаардлага, төслийн удирдлага зэргээр олон төрөл сургалтуудыг тогтмол зохион байгуулж хэвших ёстой юм билээ. Ингэж байж барилгын технологийн мэдлэгтэй, мэргэшсэн арбитрчдыг бий болгож, улмаар тэдний датаг үүсгэх, жагсаалттай болох зорилго тавин ажиллаж байна. Энэ нь нөгөөх л барилгын төслүүдэд саад болдог цаг хугацаа, зардал хэмнэхэд онцгой нөлөө үзүүлнэ. Салбарын тогтвортой хөгжилд тодорхой ахиц дэвшлийг авчирна. Үүний төлөө л зорьж байна.
-Танаас бас нэг тодруулах мэдээлэл байна. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо буюу ФИДИК-т түншлэгч гишүүнээр элссэн байна лээ. Монголын барилгын салбар Олон улсын энэ байгууллагад элссэнээр ямар үр дүн гарах вэ?
-Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо буюу ФИДИК нь 1913 онд үүсгэн байгуулагдсан 112 жилийн түүхтэй байгууллага. Тус байгууллага нь дэлхийн 92 улсын 40 мянга гаруй мэргэжлийн холбоод, 1.2 сая орчим зөвлөх инженер, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Олон улсын том байгууллага. Манай МБҮА нь тус байгууллагад 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор түншлэгч гишүүнээр элссэн. Одоо ФИДИК-т Монгол Улсын Барилгын салбарыг төлөөлөн ажиллаж байна. Энэ бол Монголын барилгачдын хувьд том боломж. ФИДИК-ийн үйл ажиллагааны гол онцлог нь олон улсын барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрэглэгдэх жишиг гэрээг гарган, зохиогчийн эрхийг эзэмшдэг. Энэхүү олон улсын жишиг гэрээг олон орны зөвлөх инженерүүд өөрсдийн практикт үндэслэн боловсруулсан байдаг. Өөрсдийн оролцсон бүтээн байгуулалтуудад тулгарч байсан асуудлууд, тэдгээрийн шийдэл, төслийг хэрхэн зөв оновчтой зохион байгуулж болох, аль гэрээг сонговол илүү хурдан, чанартайгаар төслийг амжилттай хэрэгжүүлэх 100 жилийн түүхэн туршлагад суурилан боловсруулсан Олон улсад ашигладаг гэрээний эх юм.
-Монголын барилгачид үүнийг ашиглах эрх нээгдсэн гэсэн үг үү?
-Ер нь бол тийм. Эдгээр жишиг гэрээнүүд нь хэрэгжүүлж буй төслүүддээ тохируулан сонгон хэрэглэж болох хэд хэдэн хувилбар төрлүүдтэй. Тухайлбал, барилгын ажлын зохицуулалт, талуудын эрсдэлийн шударга хуваарилалтыг нэг бүрчлэн зохицуулсан гэрээ байдгаараа онцлогтой. Энэ давуу тал нь дэлхийн улс орнуудад үнэлэгдэж, өргөнөөр хэрэглэгдэж ирлээ.
-Тодорхой жишээнүүд хэлж болох уу?
-Жишээ олон л доо. Наад зах нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкуудын санхүүжилттэй төслүүд нь бүгдээрээ Фидикийн жишиг гэрээгээр хийгдэн зохицуулагдаж байдаг. Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд ФИДИК-ийн жишиг гэрээг мега төслүүдэд хэрэглэх шийдвэр гарч, эхнээсээ хэрэглээд явж байна.
-Монголд хэрэгжүүлэхийн тулд бас нэлээн ажил болсон биз. ФИДИК-ийн жишиг гэрээг Монголд нутагшуулах тал дээр та бүхэн ямар ажлуудыг хийж ирэв?
-МБҮА нь Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны түншлэгч гишүүний хувьд жишиг гэрээний монгол хэл дээрх албан ёсны хувилбарыг хүргэхээр ажиллаж байна. Энэхүү албан ёсны орчуулгыг гаргах нь манай улсын хувьд, түүнчлэн монгол инженерүүд, монгол компаниудын хувьд маш чухал. ФИДИК-ийн жишиг гэрээгээр төсөл хөтөлбөрүүдэд оролцсоноор хоёр тал адил ойлголттой болж, ойлголтын зөрүүгээс үүсэж болох аливаа маргаанаас сэргийлж, төслийн явцад талууд зөв ойлголцон, зөв процессоор төслөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Төслийн оролцогч талуудын ойлголт нэг байснаар тухайн төсөл ямар нэг алдаагүй хэрэгжинэ. Нэмэлт зардал үүсэхгүй, санхүүгийн алдагдалд орохгүй, цаг хугацаандаа багтана. Одоо орчуулга дээрээ үндэслэн МБҮА-ын зүгээс Барилгын ажил гүйцэтгэх загвар гэрээнүүдийг гаргахаар төлөвлөж байна. Энэхүү гэрээг гаргаснаар барилгын салбарт ажиллагч талууд, гэрээнийхээ дагуу зохицуулалтыг зөв хийж, бүтээн байгуулалтын явцдаа маргаанаас зайлсхийж чадах юм. Бас нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд МБҮА нь ФИДИК-ийн түншлэгч гишүүнээр элсэн орсны хувьд энэхүү ФИДИК-ийн гэрээний дагуу үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Маргаан шийдвэрлэх зөвлөл”, “Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийг Барилга, дэд бүтцийн арбитрын хүрээнд байгуулан ажиллаж байгаа юм. Эдгээр Төвүүд байгууллагдсанаар Монгол Улсад хэрэгжүүлж буй мега төслүүд Фидикийн гэрээг хэрэглэж, ОУ-ын мега төслүүдэд гэрээнд байгаа маргаан шийдвэрлэх механизмыг ашиглана. Гэрээнд заасан маргаан шийдвэрлэгч нарыг бэлэн байлгаж, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болох юм.
-Монголын барилгын салбар дахь шинэ ажлуудыг та тодорхой ярилаа. Цаашдын хэтийн зорилго, байгууллагын ирээдүйн хөгжлийн талаарх таны бодол ямар байна?
-“Монголын Барилгын Үндэсний Ассиоцаци” ТББ байгуулагдаад 16 жилийн болж байна. Энэ хугацаанд барилгын салбарын томоохон холбоодын нэг болж, өргөжин тэллээ. Та бүхний мэдэж байгаа, МБҮА нь “Барилгын тусгай зөвшөөрөл” олгох төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж, аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын тусгай зөвшөөрөл олгоход үйлчилгээ үзүүлж ирсэн. Түүнчлэн бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа материал ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч гэгчлэн аж ахуйн нэгжүүд, инженер мэргэжилтнүүд, барилгын салбарын бүхий л оролцогчдын дуу хоолойг нэгтгэн, санал санаачилгыг нь Төрд уламжилж байна. Мөн төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, хууль, дүрэм журмын боловсруулалтад оролцож, саналаа өгч байна. Маш товчхондоо, салбарт оролцогчдын эрх ашгийг хамгаалахыг үйл ажиллагааны гол зорилго болгож ирлээ. Гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь “Дулаан шийдэл төсөл”-ийг хэлж болно. Энэ төслөөр гэр хороолол, амины орон сууцны дулаалгын асуудлыг зөв шийдэж, агаарын бохирдол, дулаан алдагдлыг бууруулж, улмаар орон сууцыг дулааны алдагдалгүй, эрчим хүчний хувьд хэмнэлттэй болгож буй өндөр ач холбогдолтой төсөл юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байна. Ер нь бол барилгын салбарынхаа эд эс бүхэнд хүрч ажиллах нь бидний нэг том зорилго шүү. Жижиг, дунд үйлдвэрлэгч, туслах бригад, хувиараа ажил гүйцэтгэгчдийг чадавхжуулах, тэдгээрийг дэмжин ажиллах нь маш чухал. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр МБҮА нь барилгын салбарын нийт оролцогчдынхоо эрх ашиг, дуу хоолойг хүлээн авч, дэмжин ажиллах үндсэн зорилго бүхий холбоо. Гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурийг эрхэмлэн, гишүүн байгууллагуудынхаа хамтын ажиллагааг дэмжих үндсэн чиглэл зорилготойг бас онцлох ёстой. Ассоциацийн засаглал, үйл ажиллагааг илүү ардчилсан шударга, нээлттэй, ил тод байлгах нь байгууллагын зарчим. Гишүүдийн хоорондын болон харилцагч байгууллагуудын нийгмийн олон талт хамтын ажиллагаанд харшлахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нь ч бидний бас нэг эрхэмлэдэг зүйлсийн нэг юм.
-Монголын үндэсний компани, үндэсний баялаг бүтээгчдийн нэлээд хувийг барилгынхан маань эзэлдэг. Яах аргагүй Монголын эдийн засгийн нэгэн гол түүчээ бол барилгын салбар болсон?
-Үнэн л дээ. Ажиллах хүчний нөөц, худалдан авалтын хувь хэмжээ… гээд эх орны эдийн засаг дахь жин даацаараа жил ирэх бүр өсч тэлж байгаа салбар бол барилга юм. Ассоциациас авч хэрэгжүүлэх ойрын зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дотоодынхоо барилгын салбарын зах зээлийг хамгаалах нь чухал болсон. Төрөөс зарлаж байгаа мега төслүүдэд монгол компани, монгол гүйцэтгэгч, монгол мэргэжилтэн-инженерүүдээ оролцох боломжоор хангаж, давуу эрх олгох, тэднээр төслүүдийг гүйцэтгүүлэх ёстой гэж бидний зүгээс үздэг. Иймд дотоодын барилгын салбарын зах зээлээ хамгаалж, монгол компаниудыг илүү ур чадвартай, санхүүгийн боломжид хүрэхэд нь дэмжих, хөгжүүлэх, боломж олгох нь өнөөдөр том асуудал болоод байна. Үүнд төр засгийн зүгээс онцгой анхаарна гэдэгт итгэж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад ТББ, бусад холбоодтой МБҮА-ын зүгээс нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэн төрийн худалдан авалтын холбогдох хууль тогтоомжид саналаа тусгах ажлуудыг хийж байна. Цаашид энэ зорилгоо тууштай хамгаалж ажиллана. МБҮА-ын бас нэг үндсэн зарчим бол хамтын удирдлагатай, үйл ажиллагаа нь гишүүдийн оролцоог хангасан, ил тод, нээлттэй байх. Бүх гишүүдэд Ассоциацийн санхүүгийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө, удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, өдөр тутмын үйл ажиллагаа нь ил тод, үнэн байх нь чухал. Миний бие Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд эдгээр зарчмуудыг тууштай баримтлахад анхааран ажилладаг. Цаашид гишүүдийн хамтын ажиллагааны цахим платформыг хөгжүүлэх ажлыг санаачлан хийх зорилготой байгаа. Энэхүү платформ дээр зарлагдаж байгаа тендер, худалдан авалт, гишүүд хоорондын бараа солилцооны мэдээлэл тавигдахаас гадна, гишүүд хоорондын худалдан авалтад үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын систем үйлчилгээг ч мэдээлж, бүхий л талаар хамтарч, бие биенээ дэмжин ажиллах уялдаа холбоог хангах юм. Мөн гишүүдийнхээ оролцож, хэрэгжүүлж байгаа төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, бусад гишүүд оролцох боломжийг нээнэ. Гишүүдийнхээ дунд шаардлагатай сургалтуудыг түлхүү явуулах, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнүүдийн мэдээллийг хүргэх, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын санхүүгийн түвшнээ ахиулах сургалтыг байнга хийж байх ёстой. Үүний тулд гишүүн байгууллагуудтайгаа хамтарч барилгын технологи, зөв засаглал, санхүү, хууль эрх зүйн сургалтуудыг тогтмол явуулна. Ер нь барилгын салбараа мэргэжлийн хувьд одоогийн түвшнээс шат ахиулан чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжихэд эдгээр сургалтууд суурь болно. Эдгээр ажил гишүүдийн маань хамтын зүтгэл, идэвхтэй оролцоогоор хэрэгжинэ. Ялангуяа залуучууд маань, залуу гишүүд маань түүчээлэн оролцоосой гэж уриалж байна.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. Мэргэжлийн Нэгдсэн Холбооны тухай хууль энэ жилээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан МБҮА-ын зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?
-Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль батлагдан шинээр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн хуулийг хэрэгжүүлэлтэд манай МБҮА идэвхтэй анхаарч ажиллаж байна. Салбарын бусад холбоодтойгоо хамтран Мэргэжлийн нэгдсэн холбоогоо байгуулахаар санамж бичиг байгуулж, Ажлын хэсэгт нь МБҮА-ыг төлөөлөн миний бие орсон. Энэхүү холбоог хамтран байгуулснаар барилгын салбарын бусад холбоод, барилгын салбарын оролцогчдын зорилгыг нэгтгэн, тэдний санал, санаачилга, үйл ажиллагааг төрд хүргэнэ. Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоогоор гүйцэтгүүлж болох ажил, үйлчилгээг төрөөс хараат бус, аливаа нөлөөллөөс ангид байдлаар хийхийг зорьж байгаа. Бид хамтран зөвхөн барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ, сургалт зэргээр хязгаарлагдахгүй цаашид барилгын норм дүрмийн шинэчлэлт, барилгын стандартыг шинээр гаргах, барилгын мэргэжлийн чиглэл бүрээр зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж байна. Барилгын чанар, стандартад хяналт тавих, бусад салбарт барилгын мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ чиглэлд хамтран ажиллах, хөгжил өөд хамтдаа алхахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!