fbpx Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
16 минут 33 секунд

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм. Үүнд амьд явах эрх, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших, үг хэлэх эрх зэрэг олон зүйл багтдаг. Тэгвэл манай улсад эмэгтэйчүүд болон хүүхдийн эрх хамгийн зөрчигдөж байна. Тиймээс бид энэ удаагийн “Зууны мэдээ”-гийн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ гэр бүлийн хүчирхийлэл болон эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг хөндлөө.

Хүчирхийллийн 10 тохиолдлын ес нь нуугдмал байдаг

сонин mn

Цахим орчинд долоо хоног бүр нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй тухайгаа нийтэлж байна. Тэднийг хамгаалах, асуудлыг нь шийдэх шийдэл байхгүйгээс аргаа барахдаа олон нийтийн сүлжээнд нийтэлж хүмүүсээс дэмжлэг хүсэх боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдэж буйг ЦЕГ-ын 102 болон 107 тусгай дугаарт хандаж буй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдөрт 50 гаруй бүртгэгдэж байгаагаас харж болно. Мөн улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах байрууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдоор дүүрчээ.

Тодруулбал, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв 12 ортой. Шаардлагатай тохиолдолд зургаан ор нэмж дэлгэж, 18 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэгвэл өнөөдөр тус төвд 20 хүн хамгаалалтад байгаа аж. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн сургалт мэдээллийн ажилтан Д.Санчир “Гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байна.

Манай төв үргэлж дүүрэн хүнтэй байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэр лүү орж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Хохирогч эхний удаад цагдаад дуудлага өгснөөр хүчирхийлэгчийг торгох эсвэл хорьж шийтгэдэг.

Торгуулийн мөнгийг нь төлснөөр өрхийн орлого буурч, хоригдсон хүчирхийлэгчийн дарамт улам нэмэгддэг. Үүнээс үүдэж хохирогч цагдаа дуудахаа больж, хүчирхийлэл далд хэлбэр лүү шилжиж байна” гэсэн юм.

Азийн хөгжлийн банкнаас "Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал"-ын судалгааг хийжээ. Тус судалгаанд хот хөдөөгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн тархалт, шалтгааныг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн дийлэнх нь жендерийн эрх тэгш байдлыг дэмждэг ч хүчирхийллийг өөгшүүлсэн хортой хэвшмэл ойлголт, зан үйл бодитоор оршсоор байна. Энэ талаар АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин "Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 27 хувь нь амьдралдаа хамтрагчийнхаа эсрэг бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж хариулсан. Хамгийн түгээмэл хэлбэрийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлж байсан гэдгээ 50 хувь хэлсэн. Оролцогчдын ихэнх нь 20 нас хүрээгүй байхдаа анх удаа хүчин үйлдсэн” гэсэн юм. Хамгийн харамсмаар хариулт нь судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь "Эмэгтэй хүн нөхрийнхөө өмнө дуулгавартай байх ёстой" гэж үздэг, 50 хувь нь зарим тохиолдолд эхнэрээ зодохыг зөвтгөсөн байна.

Гэрлэлт цуцлах журам хүчирхийллийг улам даамжруулж байна

сонин mn

Иргэн Ц 2021 онд гэр бүлтэй болж, жил дараалан хоёр хүүхэд төрүүлсэн байна. Гэвч нөхөр нь анхны хүүхдээ төрсний дараагаас бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж эхэлжээ. Хоёр дахь хүүхэд төрсний дараагаас гэр бүлийн хүчирхийлэл нь улам даамжирсан тул тэрээр салахаар шийдсэн байна. Энэ тухайгаа “Нөхөр маань намайг анх зодоход л би салах шийдвэр гаргаад гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн боловч бие давхар бас нялх хүүхэдтэй учир шүүхээс хүлээж аваагүй. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа хүчирхийлэл улам даамжирч зодож нүдэх нь нэмэгдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсан. Тиймээс өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу тусдаа амьдрах болсон” гэсэн юм.

1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хуулийн Гэрлэлт цуцлах журмын 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно” гэж заасан байдаг.

Тэгвэл энэ заалт нь хохирогчийг хүчирхийллийг тэвчихээс өөр сонголгүй болгож байна. Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаа “Гэр бүлийн тухай хуулийн Гэрлэлт цуцлах энэхүү журам нь хохирогч хүчирхийллийг тэвчихээс аргагүй байдалд оруулдаг. Тиймээс хохирогчийг тусдаа амьдрахыг санал болгодог. Хэдийгээр бичиг цаасан дээрээ салж болдоггүй юм бол биеэрээ холдоод тусдаа амьдрах нь зөв шүү дээ. Гэвч тусдаа байгаа хохирогчийг хүчирхийлэгч нь дарамтлах, сүрдүүлэх зэргээр өөрийг нь төдийгүй гэр бүлийнхнийг нь хамт хүчирхийлсээр байна. Энэ нь манайд хохирогчийг хамгаалах механизм сул байгаагийн илрэл” гэсэн юм. Хохирогчийг хамгаалах механизм сул байгааг эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн тоон судалгаа харуулж байна. Тодруулбал, 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394 хүн гэмтжээ. Харин 2025 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх долоон жилийн дундажтай ижил байна. Үүний жишээ бол Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг юм.

Хохирогч эмэгтэй гэр бүлээ цуцлуулах хүсэлтээ өгсөн ч, шүүхээс өгсөн эвлэрүүлэх зургаан сарын хугацаанд ийнхүү амиа алдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь эцэстээ амиа алдах эсвэл шоронд орох гэсэн сонголтод хүргэдэг байна. “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон бий.

Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ, хэн нэгэнд давуу эрх байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь цоожтой хаалганы цаана, гэр бүлийн дотоод орчинд хүүхдүүдийнх нь дэргэд үйлдэгддэг. Түүнчлэн хүчирхийллийн эхэн үед хүчирхийлэгч хохирогчийг хяналтдаа байлгах зорилгоор шүүмжилдэг, доромжилдог, бусад байдлаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг. Дараагийн үед хүчирхийлэл илүү ноцтой болж хүчирхийллийн олон хэлбэрээр үйлдэгддэг. Сүүлийн шатанд хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчоос уучлал хүсдэг, гэмшдэг, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт өгдөг. Өөрийнхөө үйлдлийг чамд хайртай учраас ийм үйлдэл хийсэн мэтээр ойлгуулдаг. Энэ үед хохирогчид итгэл төрж, дахин хүчирхийлэл үйлдэгдэхгүй, гэр бүлийн харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн найдвар төрдөг. Гэвч хэсэг хугацааны дараа дахин хүчирхийлэл эхэлж, даамжирч, өмнөх үедээ эргэн орж, хүчирхийлэл нь тойрог хэлбэрээр үргэлжилдэг. Энэ бүхэн эцэстээ хохирогч амиа алдах, эрүүл мэндэд нь хохирол, хүнд хор уршиг учрах нөхцөл байдалд хүргэдэг” гэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Н.Одонтуул ярьсан юм.

Хуулийн шинэчлэл хөрсөн дээрээ буусан уу

Монгол Улс 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг баталсан. 26 жилийн дараа энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байна. Шинэчилсэн найруулгын 13.13-т “Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

-13.14.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

-13.15.Энэ хуулийн 13.13, 13.14-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно. Мөн тусгай журмаар 14.1-т Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.

-14.1.1.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол” гэж нэмж оруулсан нь өмнөх хуулийг сайжруулсан мэт боловч илүү ойлгомжтой болгон нарийвчлах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид онцолж байлаа.

Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн дарга, хуульч Н.Арвинтариа “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс саналаа хүргүүлсэн. Жишээлбэл, гэрлэлт цуцлах журамд хүчирхийлэл үйлдэгч нь хүндээр өвдсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглодог.

Гэтэл ямар өвчнөөр өвдсөн хүнийг хүнд өвдсөн гэж үзэхийг тодорхой заагаагүйн улмаас хүчирхийлэгчид цөсний хагалгаанд орох эсвэл эмнэлэгт хэвтэж гарч ирэнгүүтээ хүндээр өвдсөн гэж шалтаглан гэрлэлтээ цуцлуулдаггүй. Мөн эхнэр нь жирэмсэн эсвэл нялх хүүхэдтэй бол гэрлэлт цуцлахыг хориглосон заалт нь хүчирхийлэлд өртөж буй хүнийг улам эрсдэлд оруулдаг. Тиймээс дээрх заалтыг тодорхой болгох эсвэл хүчингүй болгох санал өгсөн. Шинэчилсэн найруулгын төсөлд хохирогчийг хүчирхийлэлд өртсөн гэдгээ нотолж байж гэр бүлээ цуцлуул гэсэн шаардлага оруулсан нь хүчирхийлэгчид давуу байдал олгох юм. Энэ бол маш буруу зүйл. Тиймээс хүчирхийллийн хохирогчид дунд ажиллаж буй байгууллагуудын саналыг тусгаж байж бодитой хууль батлагдана шүү дээ. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд манайх саналаа өгсөн. Нэгэнт гэр бүлийн шүүх гэж бие даасан шүүх байгуулагдаж байгаа юм бол эрүү болон зөрчлийн хэргийг хамтад нь шийдэж өгөхгүй бол аргаа барсан, амь нас нь эрсдэлтэй байгаа хүнийг олон тийш явуулахгүй хэргийг нь хурдан шуурхай шийдвэрлэж өгдөг байх хэрэгтэй” гэсэн юм.

Технологид суурилсан хүчирхийлэлд зориулсан эрх зүйн орчин алга

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг технологи ашиглан үйлдэх гэмт хэрэг их гарч байна. Тухайлбал, “Манай нөхөр миний явсан газрыг онлайнаар мөшгөж мөрдөөд олчихдог. Одоо ороод ирж магадгүй” гээд яриад сууж байтал нөхөр нь араас нь орж ирсэн тохиолдол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд болжээ.

Энэ нь хохирогч ямар өндөр аюулын эрсдэлд амьдарч байгааг харуулж байна. “Ийм төрлийн хохирогчдод хэрхэн, яаж туслах, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан” хэмээн Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн ажилтан ярьсан юм.

Энэ мэтчилэн сүүлийн үед технологийн хөгжлийг даган эмзэг мэдээллийг нь цуглуулж түүгээр нь сүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, элдвээр заналхийлэх, ялгаварлан гадуурхах, хууль бусаар мөрдөж мөшгөх зэрэг гэмт хэргүүд ихсэж байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй. Технологид суурилсан гэмт хэргийн хүчирхийлэл нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлдэгдэж, хохирогчийн мэдээлэл нь маш хурдан хугацаанд өргөн хүрээнд тархаж, айдас, түгшүүрт автах, сэтгэл зүйн дарамтад орох, улмаар амиа хорлох сэдлийг төрүүлдгийг хамгийн сүүлд олны анхааралд өртсөн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэрэг харуулж байна.

Тэрээр эхнэрээ хүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй зураг бичлэг хийгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг байсныг хохирогч хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьсан.

Энэ мэтээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн арга технологийн хөгжлийг даган улам нарийсаж, хохирогчийг сэтгэлзүйн дарамтад оруулсаар байна. Үүнийг шийдвэрлэх хууль эрхзүйн зохицуулалт байхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь эр эмийн хоорондын маргаан зөрчил мэт боловч хор уршиг ихтэй нийгмийн томоохон асуудал юм. Тиймээс яаралтай Гэр бүлийн тухай хуулийг амьдралд ойртуулан шинэчилж, хууль эрхзүйн тогтолцоог сайжруулж, салбар хоорондын уялдааг бий болгож хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалдаг болох хэрэгтэй байна.

Х.МӨНХЖАРГАЛ, Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​