fbpx Тойм 2025: Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
17 минут 45 секунд

Тойм 2025: Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

ЛИ ЖЭ МЁНЫ ШИНЭ ЭРИН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны орой гэнэтхэн цэргийн онц байдал зарласан нь ардчиллыг асар их үнээр олдсон зүйл хэмээн нандигнадаг иргэдийг айдас хүйдэст автуулж, цочроосон билээ. Улс төрийн зөрчилдөөн болон сөрөг хүчний үйл ажиллагаа улс үндэстэнд заналхийлж байгаа тул цэргийн онц байдал л үүнээс аврана гэх тайлбарыг Юн Сук Ёл өгсөн. Тэр дундаа Хойд Солонгосыг дэмжигч хүчний талаар тухайлан дурдсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн юм. Ийнхүү хэдхэн цагийн дотор улс оронд замбараагүй байдал үүсч, Үндэсний ассамблейн байрны гадаа хууль тогтоогчид, иргэд олон нийт, хэвлэл мэдээлэл, цагдаа хүчнийхэн гээд хөлтэй бүхэн үймж бужигналджээ. Гэхдээ цэргийн онц байдлыг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй тул тэр шөнөдөө дэглэмийг цуцалсан.

Үхрийн сүүлэн дээр хутга гэгчийг 2024 оны сүүлийн сард өмнөд солонгосчууд ийнхүү үзэв.

Улмаар 2025 оны нэгдүгээр сард Юн Сук Ёлыг яллагдагчаар татаж, дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн суудлаас нь албан ёсоор огцрууллаа. Юн Сук Ёлын шүүх хурал өдгөө үргэлжилсээр байгаа бөгөөд эцсийн шийдвэр ирэх онд гарах төлөвтэй байна.

Хааны алба халаатайн үлгэрээр Юн Сук Ёлын орыг түүний эртний өрсөлдөгч Ли Жэ Мён залгамжилсан юм. Гэхдээ Ли Жэ Мён зургадугаар сарын 3-нд болсон сонгуульд ялалт байгуулах хүртэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн суудал амар заяа үзээгүй. Тодруулбал, энэ хугацаанд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ерөнхий сайд Хан Дак Сү, Сангийн сайд Чой Сан Мок, Боловсролын сайд Ли Жу Хо нар ар араасаа томилогдсон билээ. Юн Сук Ёл, Хан Дак Сү, Чой Сан Мак нар бүгдээрээ импичментэд өртөж, импичмент гэх энэ үг Өмнөд Солонгосын улс төрд бараг трэнд болсон гэхэд хилсдэхгүй.

Ли Жэ Мён ерөнхийлөгч болсноор Өмнөд Солонгосын гадаад, дотоод бодлогод багагүй өөрчлөлт орсон. Тэр дундаа гадаад бодлогодоо эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх буюу аль ч улсад тал алдахгүй байх зарчмыг баримталж байна. Тухайлбал, Хойд Солонгостой удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг намжаах зорилгоор итгэлцлийг сэргээх, яриа хэлэлцээг дахин эхлүүлэхэд Ли төвлөрч байна. Мөн АНУ-тай бат бэх харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хятад, Оростой харилцаагаа сайжруулах замаар бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийг чухалчилж байна.

ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧИЛСӨН ТАРИФ

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа дотоодын улс төрийн өрсөлдөгчидтэй тэмцэхээс илүүтэйгээр олон улсын эдийн засгийн тэнцвэр, чөлөөт худалдааны тогтолцооны эсрэг хүчтэй алхмууд хийж эхэлсэн. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа Мексик, Канад, Хятад зэрэг АНУ-ын гол худалдааны түнш орнуудаас импортлох бараанд шинэ тариф тогтоох захирамжуудыг баталж, дэлхийн эдийн засгийг донсолгосон худалдааны дайныг эхлүүлсэн юм.

Эхний ээлжинд “хил хамгаалалт, ажлын байр, үндэсний аюулгүй байдал” гэсэн шалтгаанаар улс орнуудад татвар ногдуулсан. Гэвч удалгүй цар хүрээ нь тэлж, бодлогын шинж чанар нь илүү ерөнхий, дэлхий дахиныг хамарсан хэлбэрт шилжив. Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 7-ноос эхлэн АНУ бүх улс орноос импортлох бараанд суурь 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн бол тогтмол худалдааны алдагдалтай гардаг 40 орчим улсад 15 хувийн татвар тогтоосон байна. Үүнээс гадна Бразил зэрэг зарим улс оронд 50 хувь хүртэлх өндөр тариф ногдуулсан нь олон улсын худалдааны практикт ховор тохиолдол хэмээн үнэлэгдэж байна.

Ийнхүү тогтоосон тарифууд нь АНУ-ын түүхэнд 1933 оноос хойш гадаадын улс орнуудад ногдуулсан хамгийн өндөр татвар болсон бөгөөд эдийн засагчид үүнийг Их хямралын үеийн бодлоготой зүйрлэж байна.

Тухайн үед АНУ импортын татварыг огцом нэмэгдүүлснээр дэлхийн худалдаа агшиж, хямралыг улам гүнзгийрүүлж байсан түүх бий. Харин Дональд Трампын хувьд энэ бодлогоо хатуу хамгаалж, тариф тогтоосноор АНУ-ын ДНБ дор хаяж 4.3 хувиар өсөж, худалдааны алдагдал 60 хувиар буурна хэмээн мэдэгдсэн юм. Түүний тайлбараар бол тариф нь гадаадын үйлдвэрлэгчдийг шахаж, дотоодын үйлдвэрүүдийг сэргээх, улмаар ажлын байр нэмэгдүүлэх “үр ашигтай зэвсэг” аж. Гэсэн хэдий ч АНУ-ын бодлого боловсруулагч, Холбооны нөөцийн системийн эдийн засагч, мөн олон улсын санхүүгийн байгууллагууд энэ байр суурийг эрс шүүмжилж байна. Тэдний мэдэгдснээр, тариф нь богино хугацаанд зарим салбарыг хамгаалж болох ч дунд, урт хугацаандаа үнэ өсөлт, үйлдвэрлэлийн зардал, өрсөлдөх чадварын бууралтад хүргэх эрсдэл өндөр юм. Гэсэн ч дэлхийн хамгийн том зах зээлтэй улсын хувьд АНУ-ын “хачин, галзуу мэт” харагдах шийдвэр хүртэл бусад улсыг дагахаас өөр аргагүй байдалд оруулдаг нь бодит үнэн билээ.

Үүний тод жишээ нь 10 гаруй худалдааны түнш орон Трампын засаг захиргаатай бага тариф, тусгай нөхцөл тогтоох талаар яаравчлан хэлэлцээ эхлүүлсэн явдал байв.

Нөгөө талд бодлогын сөрөг үр дагавар АНУ-ын дотоодод улам тод мэдрэгдэж эхэлжээ. Өргөн хэрэглээний бараа, электроник, автомашины эд анги, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ тарифын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, зарим үйлдвэр үйл ажиллагаагаа хумих, ажлын байраа цомхотгох шийдвэр гаргаснаар ажилгүйдлийн түвшин өсөх хандлага ажиглагджээ. Шинжээчдийн үзэж буйгаар тарифын сөрөг нөлөө АНУ-ын эдийн засагт сүүлийн есөн сарын турш тасралтгүй мэдрэгдэж байна.

ДНБ-ий өсөлт улирал бүр харилцан адилгүй гарч байгаа ч АНУ-ын эдийн засгийн ерөнхий өсөлт 2025 оны байдлаар ойролцоогоор 1.6 хувьтай байна.

Зарим улиралд өсөлт харьцангуй өндөр гарсан ч тариф, инфляц, хөрөнгө оруулалтын болгоомжлол зэрэг хүчин зүйлсийн улмаас жилийн дүнгээр өсөлт удааширчээ. Энэ нь Трампын амласан 4.3 хувийн өсөлт бодит байдал дээр бүрэн биелэхэд хүндрэлтэйг илтгэж байна. Ерөнхий дүгнэлтээр, Дональд Трампын тарифын бодлого АНУ-ын эдийн засгийг тодорхой хэмжээнд гадаад өрсөлдөөнөөс хамгаалсан ч нөгөө талдаа энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, түрийвчийг нь “нимгэлсэн” бодлого болж хувирлаа.

ГАЛ ЗОГСООГҮЙ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭНҮҮД

Газын зурвас болон Украинд дайны гал одоо ч бүрэн зогсоогүй үргэлжилсээр байна. 2025 оны хувьд аль аль талдаа гал зогсоох хэлэлцээ ахин дахин хийгдэж, харьцангуй үр дүнтэй, урагштай байгаа боловч израиль, палестин, орос, украин хүмүүс энх тайвантай учран золгоогүй хэвээр.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Орос, Украины дайн энэ он гарсаар бүтэн дөрвөн жилийн нүүр үзэх нь. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гал зогсоох шууд болон шууд бус хэлэлцээг талууд олон удаа хийсэн ч дорвитой үр дүн гараагүй. Харин 2025 оны тухайд Лондон, Истанбул, Жедда, Майами гэхчлэн хэд хэдэн хэлэлцээ боллоо.

Хамгийн сүүлийн байдлаар, АНУ-ын санаачилсан 20 зүйлт энхийн төлөвлөгөөг Вашингтон, Киевийн талууд өөрсдийнхөөрөө эцэслэн баталсан бөгөөд өдгөө Москвагаас хариу хүлээж байна.

Талууд харилцан бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтэц, байгууламжуудыг онилж буй энэ үед зэвсэг болон хүн хүчний нөөц аль аль талдаа багасч байгаа нь дамжиггүй. Украины хувьд дотоодын цэрэг, аж үйлдвэрийн цогцолбор нь 2025 оны нийт зэвсгийн хэрэгцээний 40 хүртэл хувийг хангажээ. Харин үлдсэн 60 хувийг барууны холбоотнууд хариуцаж байгаа бөгөөд тэдний цаашдын тусламж шийдэмгий бөгөөд хурдан байх хэрэгтэйг Украин хүсч байна. ОХУ-ын хувьд зэвсэг, техникийнхээ ихэнх хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Гэхдээ Хойд Солонгос, магадгүй Иран зэрэг улсаас сум болон тодорхой зэвсгийн тусламж авч байгаа гэж үзэж байна.

Газын зурваст ч бас мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямрал үргэлжилж, 70 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Жилийн эхээр Израиль, Хамас хооронд түр гал зогсоосон ч гуравдугаар сарын 18 хүртэл дөнгөн данган үргэлжилсэн юм. Улмаар долоо хоног тутамд дунджаар 200–300 хүн шархадсан гэж олон улсын байгууллагууд мэдээлж байв. Израилийн цэрэг долдугаар сарын эхээр Бейт Ханун болон Дейр аль-Балахт чиглэсэн томоохон довтолгоо явуулж, Газын зурваст иргэний болон цэргийн үйл ажиллагаа зэрэгцэн өрнөв.

Энэ үеэр Хамасын хяналт дахин бэхжиж, дотоод бүлэглэлүүдийн зөрчил ч нэмэгдсэн нь хүний амь, эд хөрөнгийг улам эрсдэлд оруулсан юм.

Амиа алдагсдаас гадна энэ онд 139, 607 хүн Газын зурваст шархадсан. Үүний 17921 нь хүүхэд, 9497 нь эмэгтэйчүүд байсан нь хүн амын хамгийн эмзэг бүлгийг тодорхойлж байна. Газын нийт 2.1 сая хүн хүнсний хомсдолд өртсөн гэж НҮБ мэдээлсэн. Тэдний 469,500 хүн нь катастроф түвшний хүнсний дутагдалд ороод байгаа юм. Мөн таваас доош насны 132 мянган хүүхэд хүнсний дутагдалд өртсөн, үүний 41 мянган хүүхэд нь хүнд хэлбэрийн хүнсний дутагдалд орсон байна.

Египет, Катар, АНУ зэрэг улс орон гал зогсоож, энхийг хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг хичээж байгаа ч бүтэлтэй нэг ч алхам хийсэнгүй.

Туркийн мэдээлснээр, хоёрдугаар шатны хэлэлцээ 2026 оны эхээр эхлэх юм. Гэсэн хэдий ч олон улсын байгууллагууд Израилийг эхний шатны хэлэлцээрийг үл ойшоосон гэж буруутгаж байгаа тул дахин хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлгүй байна. Энэ жил Газын зурвас дахь үйл явдал нь хамгийн эмзэг бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн хямрал, олон улсын шүүмжлэлт мөргөлдөөн байсан бөгөөд 2026 онд хөндлөнгийн оролцоо, эвлэрлийн хэлэлцээ нь амар амгалан тогтоох гол найдвар болж байна.

"ТИКТОК"-ООС БОДИТ АМЬДРАЛ РУУ БУУСАН "Z" ҮЕИЙНХЭН

"Z" үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн залуус өөрчлөлтийг хүсч, улс төрд идэвхтэйгээр оролцож эхэллээ. Дэлхий дахины залуу үе авлигад идэгдсэн, ядууралд баригдсан, шударга ёсгүй нийгмийг хүсэхгүй байна.

Өнгөрч буй 2025 онд "Z" үеийнхэн давамгайлсан жагсаал цуглаан Балба, Кени, Марокко, Мальдив, Серби, Бангладеш, Того гээд олон улсад өрнөв.

Эндээс хамгийн тодхон санагдаж буй нь балба залуусын өрнүүлсэн авлигын эсрэг жагсаал. Өнгөрсөн есдүгээр сард Балбын эрх баригчид бүртгэлийн эцсийн хугацааг дагаж мөрдөөгүй гэсэн шалтгаанаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ихэнх платформыг хориглож байгаагаа зарласнаас тус жагсаал эхтэй. Ингэхдээ засгийн газар хуурамч мэдээ, үзэн ядалттай тэмцэхийг хүсч байна гэсэн тайлбар өгсөн боловч ачир дээрээ энэ нь залуусын амыг таглах гэсэн оролдого байсан гэж үздэг. Тодруулбал, цахим сүлжээний хоригийн өмнөхөн Балбын нэгэн улстөрчийн охины тансаг хуримын зураг цахим сүлжээнд олон нийтийн эгдүүцэл, гайхашралыг төрүүлсэн. Үүнээс улбаатайгаар томчуудын хүүхдүүд баяр ёслолыг нижгэр тэмдэглэж, тансаг харшид амьдран, супер машин унаж, загвар зохион бүтээгчдийн үнэтэй цүнх үүрдэг гэдгийг нотлох гэрэл зургууд цахим сүлжээнд дүүрчээ. Тиймээс эрх баригчид иргэдийн нүд, чихийг таглах зорилгоор цахим сүлжээний хоригийг зарласан гэж залуус үзсэн.

Тэгвэл Бангладеш улсад 2025 онд эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн нэг бус удаа өрнөлөө. Эндээс хамгийн их хор хөнөөл дагуулсан нь огцорсон ерөнхий сайд Шейх Хасина Энэтхэгээс ард иргэдэд хандан үг хэлнэ гэсэн мэдээллээс болж дэгдсэн жагсаал байв. Жагсагчид Хасинагийн талийгаач эцэг, Бангладешийг үндэслэгч ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманы байшинг экскаватороор нураах, “Awami League” намын бусад гишүүний гэрийг галдан шатааж, сүйтгэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Үндсэндээ Бангладешт гарсан жагсаалууд Хасинагийн засаглалын дараах улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой байв.

Улс орнуудад өрнөсөн "Z" үеийнхний жагсаалыг агуулгаар нь харвал авууштай зүйл олон боловч ноцтой үр дагавар дагуулсан зүйлс ч бий. Одоо улс орнуудад шатааж, нураадаг стратеги биш, улс төрийн бодит шийдэл гаргах хүмүүс хэрэгтэйг энэ жагсаалууд харуулж байна. Өмнөх үе удирдагчдаа бурхан мэт шүтдэг байсан бол өдгөө шинэ үеийн залуус хэнийг ч тахин шүтдэггүй гэдгээ хэлж байна.

ДИПЛОМАТ ХАРИЛЦААГ СЭВТҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн арваннэгдүгээр сарын 7-нд парламентын чуулганд хэлсэн үг нь Бээжин, Токиогийн харилцаанд хурцадмал байдал үүсгэсэн. Тэрбээр Хятад улс Тайваньд халдан довтолсон тохиолдолд Япон хөндлөнгөөс оролцох боломжтой гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн юм. Бээжингийн зүгээс түүний хэлсэн үгийг “улаан шугамыг давсан” гэж үзэж, НҮБ-ын түвшинд буруутгаад байгаа билээ. Мөн хоёр орны хооронд төлөвлөгдсөн байсан урлаг, уран сайхны үйл ажиллагаа цуцлагдаж, Японд бараг идээшсэн байсан хоёр панда хүртэл Хятад руу нутаг буцах шаардлага гарсан билээ.

Хятадын засгийн газар Японы анхны эмэгтэй ерөнхий сайдын хэлсэн үгнээс болж албан шаардлага гарган, мэдэгдлээ буцаахыг хүссэн юм.

Цаашилбал, дипломат харилцаагаа тодорхой түвшинд түгжиж, Японы төлөөлөгчидтэй хийх уулзалтыг хойшлуулсан. Мөн Хятадын засгийн газар япон бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгаж, аялал жуулчлалын урсгалыг хязгаарлажээ. Улмаар энэ онд Японд аялахаар төлөвлөсөн байсан 500 мянга гаруй хятад жуулчны аялал цуцлагдсан байна. Түүнчлэн хоёр орны тэнгисийн цэрэг тэнгисийн хилийн хяналтаа чангатгаж, цэргийн бүхий л үйл ажиллагааг ажиглах болсон юм.

Хятадын бухимдал нэмэгдэхийн хэрээр Японы засгийн газар 2026 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах төсвөө түүхэн өндөр түвшинд баталлаа. Энэ нь өмнөх жилээс 9.4  хувиар өссөн үзүүлэлт байв. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын цэргийн эрсдэл, бүс нутгийн хурцадмал байдлыг харгалзан үзэж Япон ийнхүү батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Такаичигийн мэдэгдлийн дараа АНУ, Европ болон олон улсын байгууллагууд Тайванийн статус, бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж эхэлжээ. Энэ үйл явдал нь Япон, Хятадын харилцаа 2025 онд харилцан эсэргүүцсэн, түгшүүртэй шатанд хүрсэн гэдгийг тод харуулж байна.

Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв
Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​