Ардкойн гэх үг сүүлийн хоёр сарын хугацаанд монголчуудын амны уншлага боллоо. Тийм учраас оршилгүйгээр асуудлынхаа гол руу оръё.
Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн хоёр сард юу болоод өнгөрчихөв, хүн бүр яагаад ардкойн гэх болов, бас яагаад эсэргүүцэх хүмүүс байсаар байна вэ. Ард койн хөөс үү, үүнийг гардаж буй Ард санхүүгийн нэгдэл, түүний толгойлогч Ч.Ганхуяг луйвар хийгээд байна уу, эсвэл баялгийн хуваарилагч уу, Ард койны үнэ яагаад унав, цаашид өсөх үү зэрэг олон зуун мянган хүний анхаарлыг татсаар байгаа эргэлзээтэй асуудлууд байсаар байна.
Нэгэнт Монголын санхүүгийн зах зээлийг бүрдүүлэгч гол хүчин хөрөнгийн зах зээлд сүүлийн нэлээд олон жил үүсээгүй шинэ нөхцөл байдал учраас олон нийт анхаарах нь зүй ёсны хэрэг. Тиймээс эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээчийн мэргэжлийн үг хэллэг, онол гэхээс илүү олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс тоймлов.
АРДКОЙНООР АМЬДРАЛАА ӨӨРЧИЛСӨН ТҮҮХҮҮД
Энэ тухай ойлголт маш их маргаан дагуулж буй. Ард санхүүгийн нэгдэл үүнийгээ урамшууллын оноо гэж танилцуулсан. Урамшууллын оноо төдийхөн юм бол үнэд орох ёсгүй, олон зуун мянгаар нь үнэгүй тараачихаад олон улсын зах зээлд гарна гэдэг үлгэр гэх хэсэг байна. Учир нь бид урамшууллын оноо гэдгийг худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас өгдөг барааг нь худалдаж авахад ашигладаг урамшууллын оноогоор л төсөөлж ирсэн.
Гэтэл өнгөрсөн хоёр сарын хугацаанд хамгийн оргил үедээ 1 ширхэг ардкойн 400 төгрөг рүү дөхөв. Урамшуулал, худалдаж авсан гээд янз бүрийн хэлбэрээр цуглуулсан хүмүүс койноо мөнгө болгоод ахуй амьдралдаа том өөрчлөлт хийсэн түүх хэдэнтээ сонсогдов.
- Анх ардкойныг танилцуулж байхад авсан бүсгүй саяхан ээжийнх нь бие хүндээр өвдөж гадаад руу 350 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх болоход өөрийн койн болон хувьцаагаа зараад 250 сая төгрөг нэг өдрийн дотор босгосон тухай
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ машиндаа суулгачихаад харуулд гардаг ах урамшуулалд авсан койноороо орон сууцанд орсон тухай
- Ардкойн 1 төгрөгтэй тэнцэж байхад 60 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн нэгний ардкойны өнөөдрийн үнэлгээ 7.5 тэрбум төгрөгт хүрсэн тухай сайхан түүхүүд хэдэн арваараа гэдгийг хүмүүс ярьдаг, бичдэг, талархаж дуулдана.
Ингээд харахаар ардкойн гэх урамшууллын оноогоор монголчууд бараа авахдаа үнийг нь хасуулдаг биш мөнгө, хүссэн эд бараагаа, хувьцаа, хөрөнгө оруулалт юу ч болгож хувиргаж болдгийг өнгөрсөн хугацаанд харав.
Үүгээрээ ардкойн нь Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том хувьслын нэг мөнөөсөө мөн. Албан ёсны тодорхойлолт нь “Ардкойн гэдэг нь блокчэйн технологид суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны урамшууллын оноо. Энэ чанараараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад хувьсгал хийсэн бүтээгдэхүүн юм” гэжээ.
Найзаа урих, насны мялаалга хүртэх, ард шопоос худалдан авалт хийх, хуримтлал үүсгэх, зээл авах зэрэг санхүүгийн 20 гаруй үйлчилгээг Ард апп дээрээсээ авах бүрт ардкойны урамшуулал авсан үйлчлүүлэгч хэдэн зуун мянгаараа байдаг аж. Одоо ч үргэлжилж байна.
ХӨӨС БА СЗХ-НЫ МЭДЭГДЭЛ
Ийнхүү ардкойны хэрэглэгчид 1 саяд тун дөхжээ. Хоёрхон сарын дотор хэрэглэгчид ийнхүү нэмэгдэж, тэр хэрээр ардкойны үнэ огцом өссөн билээ. Өнгөрсөн сарын сүүлчээр 300 хол давж, 400 руу тун дөхсөн үед “Энэ хөөс биш биз” гэсэн болгоомжлол олон нийтийн сүлжээнд гарч эхэлсэн. Яг үүнтэй давхцсан Санхүүгийн зохицуулах хорооноос нэгэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Тодруулбал, “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна” гээд үргэлжлүүлэн “...Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм” гэсэн байв.
2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрийн чиг үүрэгтэй байгууллагаас гаргасан эл мэдэгдлээс хойш ардкойны үнэ унаж эхэлсэн. Хөөс болоод хагарав уу, СЗХ-ны мэдэгдэл нөлөөлөв үү. Мэдээж хоёр дахь нь. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүрэгтэй байгууллага юм чинь үнэн хэлж байгаа гэх ойлголт давамгайлж иргэд цуглуулсан койноо зарж эхэлсэн. Ийнхүү үнийн савалгаа үүсч ханш унав.
Гэхдээ энд нэг зүйл бий. СЗХ-ны мэдэгдэл хэр үндэслэлтэй байсан бэ гэж. Тус мэдэгдэлд дурсанчлан “...Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм” гэснээс харахад ардкойныг хөрвүүлэх боломжгүй гэсэн утга ойлгогдож байна. Гэтэл бодит байдал дээрээ иргэд ардкойноо төгрөгт хөрвүүлж, хүссэн худалдан авалтаа хийх зэргээр чөлөөтэй хөрвүүлж байлаа. Мэдэгдэл бодит нөхцөл байдал хоёр ийнхүү зөрчилдсөн.
Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо бодит нөхцөл байдлаа үнэлэхгүйгээр хөрөнгийн зах зээл дээрх сайн, муу жишээг хамтад нь нэг сагсанд хийгээд хог дээр хаячихсантай л адилхан үйл явдал болж харагдлаа.
ҮНЭ ХЭРХЭХ ВЭ?
Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс үүдэж ардкойны ханш унасаар 200 дээр тогтчихоод байна. Цаашид үнэ өсөх нь үү гэсэн хэдэн арван мянган хүн, мөн алдах нь гээд цуглуулсан койноо зарсаар байгаа нь ч мөн хэдэн арван мянгаараа.
Тийм хүмүүс бодит тоо, мэдээлэлд дүгнэлт хийх ёстой. Сошиалд хэн нэгний бичсэнийг уншаад итгэх энэ тохиолдолд яавч зөв шийдэл биш.
Ард санхүүгийн нэгдлийн “Аваад дар” гэх уриа бий. Үүнийг мэргэжлийн түвшний олон залуус тайлбарласаар байгаа. Таны цуглуулсан ард койн урт хугацаандаа ашиг өгнө гэж. Өөрөөр хэлбэл, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг “Ардкойны хэрэглэгч 1 сая хүрсэн үед олон улсад гаргана. Монгол хүмүүс эхлээд баялаг хүртэг” гэх агуулгыг удаа дараа мэдэгдэж буй. Үүнээс харахад ардкойн олон улсын зах зээл дээр гарч, төгрөгөөр бус ам.доллараар худалдаалагдаж эхэлнэ гэсэн үг. Тэр үед цуглуулсан койноо эргэлдүүлэх эсэх нь таны сонголт болно. Нэг үгээр урт хугацааны үр ашиг гэдэг тэр гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж эхлээд байна.
Нөгөө талаар ардкойн нь 5.3 тэрбум ширхэг үйлдвэрлэгдсэн хязгаарлагдмал бүтээгдэхүүн гэж байгаа. Үнэ хэрхэх вэ гэдгийн гол зангилаа энэ. Үнэ цаашид өснө. Учир нь тоо ширхэг нь хязгаарлагдмал учраас. Биткойн гэхэд дэлхий дээр 21 сая ширхэг үйлдвэрлэгдсэн хязгаарлагдмал бүтээгдэхүүн. Тийм учраас өнөөдөр дэлхийн алдартай компаниуд биткойн худалдан авч, үнэ ханш нь хэдэн мянган ам.доллараар хэмжигдсээр байна. Үүний адил ардкойн хязгаарлагдмал учир үнэ цэнэтэй гэсэн үг. Тиймээс “аваад дар”.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛДАГ ЭДИЙН ЗАСАГЧИД ХААЧИВ?
Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна гэж манай томоохон эдийн засагчид бүгд л ярьдаг. Тэд өнөөдөр таг чиг байна. Ардкойн, Ард санхүүгийн нэгдлийн охин компаниудын хувьцаа Хөрөнгийн бирж дээр толгой цохиж байгааг сайн, муу гээд ялгаад хэлчих тайлбарлах нэг нь ч гарч ирэхгүй байна. Логик, судалгаа, шинжилгээгүй, олон нийтийг төөрөгдүүлсөн, хутгасан мэдэгдэл гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны үйлдлийг эдийн засагчид юу гэж харж байгаа бол гэдэг сонин.
Аль аль талыг нь тайлбарлаж чадахгүй байгааг харахад хөрөнгийн зах зээл өөрөө маш их ашиг сонирхлын талбар болж харагдаж байна. Гагцхүү эцсийн дүндээ ард иргэд энэ салбараас хожих зарчимтай. Энэ зарчимд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, хувьцаат компаниуд, эдийн засагчид дээр нь төр өөрөө явах үүрэгтэй. Өнөөдөр эдгээрээс хэн нь хөдөлж байна вэ гэдгийг харж болох үйл явдал ийнхүү өрнөж байна.
30 ЖИЛ УНТСАН САЛБАРЫГ 2 САРЫН ДОТОР СЭРЭЭВ
Ардкойныг олон нийт сонирхож эхэлсэн нь өнгөрсөн 1 дүгээр сард олон нийтэд хүрсэн “Апрентис Монгол” шоу. Нөгөө талаар хөл хорионы үед хүмүүс мөнгө олох арга эрэлхийсэн явдал байсан гэж нэг хэсэг нь тайлбарлаж байна. Нөгөө талд ард иргэдийн санхүүгийн боловсролгүй байдлыг ашиглаж тоглолт хийж байна тайлбарлаж байгаа хүмүүс ч бий. Аль аль нь зөв. Бүхий л зүйл хоёр талтай. Хүн харсан өнцгөөрөө тайлбар гаргалгаа олж хардаг.
Хамгийн гол нь дээрх үндэслэлүүдийн аль нь байлаа ч эцсийн дүндээ ардкойн хөрөнгийн зах зээлд тэсрэлт хийсэн тоо баримт хөвөрсөөр байгаа юм. Монголчууд хошуурч ашиг хүртсэн нь ч олон. Яаж гэхээс илүү ямар үр дүн гарав гэдэг нь энэ салбарт чухал харагдаж байна.
Ард апп-аа хэрхэн ашиглахаа мэдэхгүй нэгнээс хэдэн зуун мянгаар нь койн аваад дарчихсан, магадгүй зараад ашиг олчихсон 800 мянга гаруй хүн Монголд байна. Тэд юу мэдсэн бэ гэвэл хөрөнгийн зах зээл, блокчэйн, криптовалют, койны талаар бага ч гэсэн мэдлэгтэй боллоо. Монголын төр засаг, Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 жил ард иргэддээ хөрөнгийн зах зээл, хувьцаа, гадаад зах зээлийн талаар ойлгуулж чадаагүйг 2 сарын дотор Ардкойн гэх ганцхан үг ойлгуулаад өглөө.
Эцэст нь энэ бүхнийг гардаж байгаа Ч.Ганхуяг гэж хэн бэ. Түүний өнгөрсөнд хийсэн бүтээснийг үгүйсгэх аргагүй. Тэр санхүүгийн салбар, тэр дундаа 30 жил унтаа байсан, банкны салбарт дарлагдсан хөрөнгийн зах зээлийг сэрээж чадав. Ч.Ганхуягийн том амбиц ажил хэрэг болохыг монголчууд харсаар байна. Ард койн гадаадад гарна гэж юу байх вэ хэмээж байсан басамжлалууд аажуухан алга болж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр Ардкойн гэх монгол нэр топод бичигдэж эхэлжээ.
Өнөөдөр нэг хэсэг нь ашиг хүртэж, нөгөө хэсэг алдагдалтай байгаагаас үл хамаарч урт хугацааны хамгийн том өгөөж нь Монголчууд хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болж эхэллээ. Ирээдүйд “Ард” шиг олон арван компаниуд өрсөлдөөд гараад ирээсэй.
Ч.Ганхуягийн хэлдэгчлэн “Баян улсын иргэн байх” мөрөөдөл миний, таны ч мөрөөдөл. Үр хүүхдэдээ хүсдэг бидний мөрөөдөл. Тиймээс хөрөнгийн зах зээл рүү улам шунах хэрэгтэй.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР