fbpx “Зовлонгийн хатан хаан“ ярилцлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
91 минут 58 секунд

“Зовлонгийн хатан хаан“ ярилцлага

“Гэрэг" сэтгүүл, Нью-Йорк Таймсын албан ёсны эрхтэй “Turning Points” шинэ дугаарт багтсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн жүжигчин Д.Цэрэндарьзавтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Алив сэтгүүлд “гол материал” гэж нэрлэгддэг айхтар зүйл байдаг. Энэ дугаарынх бол хэвлэлийн бидний хэллэгээр шууд “хадаас”. Таны дэлгэж буй энэ агшнаас хоёр жилийн өмнө сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж” шагналт Б.Ганчимэгийн хийсэн, хоёр зун, хоёр намар, хоёр өвлийн дараа анх удаа олны хүртээл болж буй ярилцлага бидний урилгаар манай “гол материал” боллоо. Ярилцлагын мастер, сэтгүүлч Б.Ганчимэг жүжигчин Д.Цэрэндарьзав гуайнхаас гарч явахдаа л харамсал гуниг, халгам хатуу тавиланг уншигчдын өмнө тавих гэж хэрхэн халгахаа төсөөлж байсан болов уу...

Дуучин Д.Гэрэлмаа гэж цангинасан хоолойтой, цалгисан ааш авиртай нэгэн сайхан дуучин бүсгүй бидний дунд амьдарч явлаа. Ардын дуу бүжгийн чуулгын нүүр царай болж явсан үеийн хэдэн дуучин бүсгүйн нэг. Ид дуулж байх үедээ тэр “Учиртай гурван толгой“ дуулалт жүжгийн Хоролмаад дуулж урлагийн томчуудаар алга ташуулж явлаа. Үзэгчид түүнийг их донжтой, бас л өөрийн гэсэн өвөрмөц Хоролмааг бүтээлээ хэмээн үнэлцгээж байсан. Харин өөрөө Ж.Бадраагийн цомнол, С.Лувсаншаравын хөгжим “Сүнжидмаа”-гийн Сүнжидмаадаа илүү хайртай. С.Лувсаншарав гуай түүнд тусгайлан баяр хүргэж, тун өндрөөр үнэлж байсан гэдэг. Багаасаа дуу хууранд дурласан тэрбээр 1988 онд 18 настайдаа дөнгөж арав төгсөөд л тэр үеийн Ажилчдын соёлын ордонд уран сайханчаар орсон байв. Гэтэл тэр жилд нь ардын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан зохиогдож, уран сайханчдын төрөлд хоёрдугаар байр эзэлснээр чуулгын босгыг алхаж байснаа ярьдаг байв. Угаасаа цаг үе нь ч шинэ сэргэг бүхнээр амьсгалж байсан үе. Үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйн амьдрал ч урлагийн хүний олон талт ертөнц рүү эгнэгт орсон.

Д.Гэрэлмаа хэнтэй ч адилгүй хоолойтой шигээ хэнтэй ч адилгүй зан чанартай. Дураараа, юунд ч баригдаж хоригдох дургүй, ил тод зантай. Юм оёно, дуучдын толгойн гоёлоос авахуулаад элдэв юм урлана. Бас бусдын нүүрийг маш гоё будаж өгнө. Зурна. Гар хүрсэн юм болгоноо амьдруулдаг хүн байдаг даа. Тэр тийм л увидастай бүсгүй байсан.

Тэр санаагаа ардаа нуучихаад гоё инээмсэглэж явдаг хүн биш байсан юм. “Дуулах гэж микрофон амандаа үмхчих юм”, “Би том дуунд дуртай”, “Над шиг туйлбаргүй хүнд цагт баригдахгүй чөлөөт уран бүтээлч гэж явах нь дээр” гэх мэт нэрээ хичээхгүй үгсийг тэр шууд л хэлчихнэ. Түүний нөхөр найруулагч мэргэжилтэй хүн байв. Хоёр хүүхдийн ээж аав болсон тэд гэнэт л салцгаасан. Түүний нөхөр Н.Мандах алдарт жүжигчин Д.Цэрэндарьзав гуайн хүү байсан юм. Байсан гэж хэлэх гунигтай байна. Учир нь зоргоороо ч туйлж, зовлонг ч туулж богинохон амьдраад буцсан хос хоёрын түүх дэндүү өрөвдөлтэй. Энхэл донхол дунд бүдэрч явсаар Д.Гэрэлмаа халин одож, араас нь Н.Мандах гэнэт л яваад өгсөн. Д.Гэрэлмаагаас би нэгэнтээ яагаад салсан тухай нь асууж байсан юм. Урлагийн хосууд болохоор бригадаар явах, хардаж сэрдэх, ууж идэх, баярлаж гуних түмэн өнгөөр л сүлэлдэж байсан гэдэг. Харин яг салах тухайд бол би эхэлсэн юм шүү гэж тэр хэлж байлаа. Түүнээс нэр алдартай жүжигчин хадам ээжийнх нь тухай асууна. Хэцүү зүйлс ч, сайхан зүйлс ч байсаан л хэмээнэ.

Д.Гэрэлмаа “Хоёр сэтгэл” дуундаа илүү хайртай байсан болов уу. Цомгоо нэрлэнэ гэж ярьж байсан санагдана.

Манантай юу өдөр байна саруул болно хө

Мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө

Мянга түмэн олон хүний дундаасаа

Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнч ээ хө

Ай даа ханилаад мэднээ хө

Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа

Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө

Цэвэр биеэ чамдаа тушаалаа

Цэнгүүлж явна уу, жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө

Ай даа сэтгэл мэднээ хө...

Ёстой энэ дуу шигээ танхайдуухан явсан даа, тэр. Өөрөөсөө олон дүү залуухан дуучин эрд сэтгэл алдарч, түүнийг дагасан нь амьдралынх нь хамгийн том алдаа байсан гэж ойр тойрныхон нь хэлдэг ч тэр амнаасаа ийм үг унагаагүй. Хайрлан дурлаж, хамаг бүхнээ орхих шийдвэрт тулж очихдоо ч эрсхэн, өөрийнхөөрөө л алхсан. Угаасаа хайр дурлалд түүн шиг үнэн хүмүүс л шударга хандах гэж хичээдэг. Харамсалтай нь хамт шатаж, хамт дүрэлзэж явсан “хэргийн эзэн” замаасаа буцсан нь бүсгүйн зүрхийг гүн шархлуулсан. Бяцхан охины ээж аав бололцсон нь, бүх амьдралыг хамт туулна гэж амласан нь эцэстээ ийнхүү юу ч биш болон хувирчээ. Хайрласан, итгэснийхээ хэрээр тэр доошоо унаж байсан.

Түүхий төмрийг дархандаа тушаалаа хө

Түлхүүр хийнэ үү, цоож хийнэ үү өөрөө мэдээрэй хө

Төрсөн биеэ чамдаа тушаалаа

Түшээд авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй хө

Ай даа сэтгэл мэднээ хө...гэх цэл залуухан бүсгүйн дуу сэтгэлд хангинана...

Жүжигчин Д.Цэрэндарьзавтай холбоо тогтоож уулзахаар болоод хотын захын дүүрэг рүү явж байхдаа хоёр ачтайгаа торойтол үлдсэнийг нь бодон сэтгэл халираад хэцүүхэн байв. Цэл залуугаараа энэ амьдралыг орхисон хэн хэнийх нь тавилан дэндүү гунигтай. Хоёрын хоёр хүүгээ алдаж, хатуу хорвоод ганцаараа ганьж яваа Цэрэндарьзав гуайтай яаж нүүр тулахаа олж ядна. Ийнхүү бодлоосоо салж чадахгүй халгасаар хуучин Нисэхийн хороололд байх тэдний хаалгыг тогшиж зогслоо.

Элэгдэж хуучирсан энэ байранд ирж суурьшаад олон жил болжээ. Тэр одоо ач хүүгийн хамт аж төрж байна. Нэг өрөө байрныхаа гал тогоонд өөрөө төвхнөсөн бололтой. Бидэнтэй зөрөөд 20 орчим насны залуу гарсан нь түүний ач хүү аж.

Тантай уулзахыг олон жил хүсч явлаа. Хүүгийн тань тухай сонсоогүй байлаа. Үнэхээр харамсалтай байна. Та Мандах хүүтэйгээ олон жил хамт амьдарсан байх?

-Цэргийн гурван жилд л надаас салсан. Бусад цагт нь туж хамтдаа. Эхнэр авч гэрлээд ч хажууд л байсан.

-Д.Гэрэлмаа тэр хоёр хэр удаан амьдарсан бэ?

- Бага хүүхдээ ой ч хүрээгүй, хэдхэн сартай байхад нь салсан.

-Уулзаж, илэн далангүй ярилцаж явсаан. Түүнийг нас барсан тухай саяхан л мэдлээ.

- Өнгөрөөд хоёр жил гаруй болж байна даа.

- Ерөөсөө мэдээгүй ?

- Зарлаагүй болохоор.

-Таны хүү Мандах өөр хүнтэй ахин гэрлээгүй юу ?

-Энэ хоёр салаад 20 гаруй жил болсон. Эргэж эвлэх юм болов уу гээд их л харсан. Сүүлд талийгаач бэр маань өөр хүнтэй амьдраад нэг охин гаргасан шүү дээ. Одоо 10 гаруй настай. Хааяа гэрийнхэнтэйгээ муудалцахаараа хүүхдээ дагуулаад манайд хүрээд ирдэг байсан. Тэгэхээр нь бас хоёрын хоёр хүүхэд нь энд байна. Үр хүүхдийнхээ дэргэд амьдрах гэж байгаа юм болов уу гэж бодоод орхиод гадагшаа явж ч үзсэн. Хүрээд ирэхэд хэцүү л байдалтай байж байна.

-Та Хөвсгөл аймгийн аль сумын хүн билээ?

- Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн.

- Хэдэн настайдаа сумаасаа гарсан бэ?

-18 настай байхдаа, аравдугаар ангиа төгсөөд л гарсан. Би чинь уг нь 1944 онд төрсөн хүн юм. Тэгээд яаж байгаад ч юм бичиг баримт дээр 1945 оных гээд явчихсан. Нэг нас үлдчихсэн.

-Шууд сургуульд сурахаар л ирж байв уу ?

-Арав төгслөө. Сургуулийн хуваариуд очно. Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хуваарь ирсэн. Юу байдгийг нь ч мэдэхгүй шууд л сонгож байсан.

-Та Багшийн дээдийн кино драмын ангийн анхны төгсөлт үү?

-Хоёр дахь төгсөлт. Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, МУГЖ Д.Элбэгсайхан эд нарын үе анхны төгсөлт юм. Тэднийг дөрвөн жилээр төгсгөөд театрт ороход нь биднийг элсэлтээр авсан. Одоо ихэнх сайхан жүжигчид бурхан болж дээ.

-Тэр үед хүмүүс багш, малын эмч гээд амьдралд ойрхон мэргэжлүүд сонгодог байсан болов уу. Сонголт цөөн. Та урлагийн хүн, тэр тусмаа жүжигчин болох сонголтыг хийсэн нь содон юм?

-Би жүжигчин гэж ямар мэргэжил, кино драмын анги гэж юуны хуваарь болохыг ч мэдэхгүй хүүхэд ирж байсан. Тэр үеийн хөдөөний улсууд чинь харанхуй шүү дээ. Би химийн хичээлдээ сайн болохоор эмч болно л гэж боддог байлаа. Гэтэл химийн хуваарь ирээгүй. Тэгээд гайхаад л байж байсан. Ангийн багш маань “Чи хуваарьгүй үлдлээ. Нэг анги сонгооч” гэсэн. Ямар хуваарь байгааг харсан чинь Германд Хүнсний технологийн сургууль байна. Тэрийг нь авдаг юм билүү гээд ээждээ хэллээ. “Чамайг Улаанбаатар явуулах уу, үгүй юү гэж байхад юун Гитлерийн Герман бэ. Битгий солиороод бай гэж загнаад авахуулаагүй.

- Ээж, аав тань малчин хүмүүс үү ?

- Малчин. Тэр үеийн хөдөөний хүмүүс Гитлер гээд үзэхгүй шүү дээ. Гитлерийн Герман явна гэж юугаа яриад байгаа юм, битгий галзуур л гэсэн.

-Та дайн эхлэх үед төрсөн юм байна. Тэгэхээр тэр үзэл байлгүй яахав ?

-Тэгээд ээждээ Улаанбаатарт Багшийн дээд сургуулийн кино драмын анги гэсэн нэг хуваарь байна гэхэд “За, яахав тэрэндээ явбал яв. Явахгүй бол боль, мал дээр гар” гэсэн.

-Эцэг эхээс та хэдүүлээ вэ?

- Хоёулханаа. Би ганц ахтай. Ах маань надаас түрүүлж Багшийн сургуульд сурч байгаад цэрэгт явчихсан байлаа.

-Хоёр хүүхдээ хоёуланг нь сургуульд явуулж. Эцэг эх тань их сүрхий хүмүүс байжээ ?

-Явуулсан. Хоёулханаа юм даа, эрдэм ном бардаадаг гэсэн байх.

-Хотод ирээд Кино драмын ангидаа дахин шалгалт өгөв үү. Тэр үеийн жүжигчдийн дурсамжаас уншиж байсан санагдана ?

-Өгөлгүй яахав.

-Ямар хүмүүс шалгалт авах уу ?

-Нямын Цэгмид гуай, Ө.Рэнчинноров багш, СТА Ц.Раднаа багш нар шалгалт авч байсан. Ц.Раднаа багш бол бидний дараагийн төгсөлт болох Б.Цэцэгбалжид, Ц.Жанлав нарын ч багш. Том бүлтгэр нүдтэй бүжигчин байсан хүн. Би Нямын Цэгмид гуайг хараад сүрдээд л. Хөдөө чинь тэр үед Богдыг муу хэлээд л, “сохор Богд” гэж ярьцгаана. Киног нь үзсэн болохоор сохор Богдын дүрийг бүтээсэн хүн байна гээд таниад айж сүрдэж байсан. Миний шалгалтан дээр хийсэн юм гэж ч юу байх вэ дээ. Дуу дуулмар болоод, этюд нэг хиймээр аядсан л байх.

-Бүх аймгаас л хүүхдүүд ирсэн байх ?

-Тэгэлгүй яахав. Хотоос 200 гаруй хүүхэд. Хотынхон гэдэг чинь бужигнаад л. Зарим нь шалгалтаас уйлж гарч ирээд. Би ч тэнцэнэ гэж байхгүй юм байна гэж бодоод л айдастай. Гоё ганган хотын хүүхнүүд ирж шалгалтад ороод л байсан. Гэтэл би гэж нэг ботинк ч өмсөж үзээгүй, түрийтэй гуталтай, паарайсан юм л ирсэн. Холоос ирсэн юм байна гэж өрөвдсөн юм уу, яасан юм. Тэнцлээ л гэсэн.

-Үгүй байх. Та даруухнаар ярьж байгаа байх. Танай анги хэдэн хүүхэдтэй байв ?

-Манай 28 хүүхэдтэй анги тэгж анх 1963 онд бүрэлдэж байсан. 1967 онд 24 орчим хүн сургуулиа төгссөн дөө. Ангийн багш маань Сүхбаатар киноны Янжмаагийн дүрийг бүтээсэн Ө.Рэнчинноров багш болж байлаа.

-Ө.Рэнчинноров гуай тухайн үед хэдэн настай байсан бэ. Их гоё эмэгтэй байсан гэж ярьдаг. Сүхбаатар киноноос Янжмаагийн дүрээр бид мэднэ. Нөгөө Янжмаа нь буюу Б.Нямаа гуай илүү гоё эмэгтэй байсан юм шиг ээ. Ө.Рэнчинноров гуай театрт их тоглож байсан хүн юм билээ ?

-Тухайн үед 40 гаруй настай л байсан байх. Их гоё, ганган багш байсан. Театрт их тоглож байсан. Байнга л инээж байна. Хүнтэй их гоё зөөлөн харилцдаг, их гоё алхаатай, ганган хүн байсан даа.

-Танай ангийнхнаас олны танил ямар хүмүүс байна вэ ?

- Анх 28-уулаа нэг ангид орж байлаа. Бурхны оронд заларсаар байгаад цөөхөн хүн үлдлээ. Гавьяат жүжигчин Совдын Дамдин байна. Хоёр Янжмаа. Долгор, Ц.Намсрайжав, “Би нисэх дуртай” киноны Т.Борхүү, “Энэ хүүхнүүд үү” киноны С.Мандах гээд.

-Гавьяат жүжигчин олон төрсөн үү ?

-Нэлээд олон байх ёстой. Дуучин Ц.Дашнамжил, жүжигчин С.Ариунбямбын аав Дундговийн жүжигчин Ч.Сүхээ, Т.Борхүү, З.Жарантав, тэгээд би. С.Мандах маань авч чадсангүй.

- Та хэдэн онд болсон бэ ?

- Би 2001 онд гавьяат жүжигчин цол хүртсэн. Гэхдээ театраас гарчихсан байсан.

- Оюутан байхдаа кинонд тоглож үзэв үү ?

-“Аман хуур” киноны зураг авалтад орсон. Нүүрний минь тал л гардаг /Инээв/. Бараг харагддаггүй, хүмүүс ч таньдаггүй.

-Төгсөөд шууд л театрт орсон уу?

- Тэгсэн. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багш ирж манайхаас дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй жүжигчин авсан. Үүнд нь С.Дамдин, З.Жарантав, Т.Латиф тэгээд би гээд тавуулаа ирж байсан.

-Ерөнхий найруулагч хэн байв. Театрт ороод “шүүсээ шахуулж” өгсөн үү ?

- Найруулагч С.Галсанжав, Э.Оюун багш нар байсан. Л.Ванган гуайтай би “Эхийн дууль” гэдэг жүжигт хальтхан тоглохдоо их зүйлийг сурсан даа. Тэгээд л Л.Ванган гуай нас барчихсан.

-Би таныг нэг нэвтрүүлгээр Л.Ванган гуайн дүү, жүжигчин Л.Цэндсүрэнгийн тухай ярьж байхыг үзсэн ?

-Тийм. Надаас Л.Цэндсүрэн ( Жамц баяны эхнэрт тоглодог) гуайн тухай асуугаад, би хамтарч тоглож байгаагүй болохоор бараг хэлэх үг олдоогүй. Би чинь “Хүргэн хүү” кинонд тоглож байхдаа хүнийг дүгнэх нь байтугай нойл амьтан байсан.

-Гэхдээ харцаараа өгч авдаг, тэр шидлтийг нь та мэргэжлийн гэж ярьж байна билээ. Жүжигчин болоод хэдэн жилийн дараа “Хүргэн хүү” кинонд тоглов. Таны анхны кино юу ?

-Анхны кино. Хоёр жил гаруй хугацаанд зураг авалт үргэлжилсэн. 1970 оны кино шүү дээ. Найруулагчаар Д.Жигжид гуай байсан. Д.Жигжид гуай намайг проб ч хийлгэлгүй шууд театраас авсан. Хүргэн Дэмбэрэлд тоглосон хүн бол жүжигчин биш баримтат киноны найруулагч Д.Довдон гэж хүн. МУГЖ Л.Цэндсүрэн, МУГЖ Д.Найдан гуай нартай тэгж л анх учирсан.

-Д.Найдан гуай сүрхий жүжигчин байсан байх ?

-Нэг л сайхан хүн. Жинхэнэ хөдөөний сайхан өвгөн. Тэрэндээ сайн. Хоолой нь сөөнгө болохоор театрт олон тоглож чадаагүй.

-Театрт таны өмнөх төсгөлтийнхөн бүгд байсан байх. Гадаадад төгсөж ирсэн жүжигчид байсан уу ?

- Намайг театрт ороход байгаагүй.

-Бүх л сонгодогуудыг тавиад эхэлсэн байсан үе. Таны театрын тайзны анхны дүр юу байв ?

-Би театрт гол дүрд бараг тоглоогүй. Яагаад гэвэл миний үед Д.Цээнямбуу гэдэг хамаг л классик дүрд тоглодог мундаг жүжигчин ид байлаа. Д.Цээнямбуу их авьяастай, мэргэжлийн биш хэрнээ шууд л театрт орж, дүр бүтээж эхэлсэн. Хожуу театрт ажиллаж байхдаа сургуульд сурсан юм. Нөхөр нь найруулагч Б.Зориг гэж хүн байсан. Тухайн үед Д.Цээнямбуу, Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү нар л гол дүрд тоглодог байсан. Чин үнэнийг хэлэхэд би царай зүс муутай гэдгээр шууд л сонголтын гадна шидэгддэг байсан. Дээрээс нь намайг яагаад ч юм ааш зан муутай гэх яриа явуулдаг байсан. Надтай танилцаагүй байхдаа анх хүмүүс сэлбэлзсэн яасан муухай ааштай хүүхэн бэ гэж хардаг юм гэнэ лээ. Дараа нь л хүмүүс “ Би чамайг ямар их ааширхуу хүүхэн бол гэж боддог байсан чинь чи ийм зөөлөн хүн байсан юм уу” гэдэг. Ер нь л намайг их хахир хатуу хүн гэж хүмүүс ойлгодог юм шиг байна билээ.

-Тоглож байсан дүрүүдээс болдог юм бол уу?

- Үгүй байх. Өнгөцхөн, харагдах байдлаас болдог ч юм уу. Би өөрийгөө үнэхээр тэр хахир хатуу хүн нь юм уу гэхээр харин ч балай гэмээр зөөлөн. Хүний үгээр л байдаг хүн юм шиг байгаа юм. Тэр үед эрэгтэй найруулагчид дүрдээ таарсан, үзэгчид хүлээж авахаар царай зүстэй жүжигчдээ сонгож авна. Би тэр үзүүлэлтүүдэд нь гологдоод явсан юм шиг байгаа юм.

-Гэхдээ та тэмцэж байгаагүй юу. Адилан мэргэжил эзэмшсэн, адилхан хүсэл мөрөөдөлтэй шүү дээ ...

-Би огт хэл ам хийдэггүй. Хөдөө төрж өссөн нэг муу жалганы охин чинь маш бүрэг л амьтан явна шүү дээ. Өөрийнхөө төлөө үг ч дуугарч чадахгүй. Яг л тийм хэвээрээ байсаар насыг барж байна.

-Театрт та маш олон жил ажилласан. Гэтэл одоо хэлж байгаа үг тань сонин санагдаж байна. Театрт байх хугацаандаа гол дүрд тоглосон биз дээ ?

-Би театрт 25 жил ажилласан. Гол дүр бүтээсэн нь цөөхөн. Хамгийн анх Чингиз Айтматовын “Эхийн дууль” жүжигт тоглосон. “Д.Цэрэндарьзав сайн тоглолоо” гээд бичигдсэн байсан сониныг аав маань олж уншаад охины минь нэрийн өмнөх энэ “Д” гэдэг чинь би шүү дээ гээд хашгирч байсан гэдэг юм /Инээв/. Миний аав тийм л хөдөөний хүн байлаа. Тэр жүжигт л найруулагчдын анхаарлыг би жаахан татсан байх.

- Ямар дүр байсан бэ ?

-Нөхөр нь дайнд яваад нас барчихдаг Алиман гэх эмэгтэйн дүр.

- Галзуурчихдаг эмэгтэйн дүр үү ?

- Мөн мөн. Нөхөр нь дайнд үрэгдээд, сэтгэл санааны цочролд орж галзуураад, сүүлдээ архинд орчихдог юм. Их хүнд ч дүр. Жүжигчин хүний хамаг л ур чадварыг гаргаж чадахаар их гоё дүр байсан. Би их ч ажилласан.

-Анхны дүр болохоор та авьяас чадвараа шавхан зүтгэсэн байх ?

- Мэдээж чадлаараа хичээх нь ойлгомжтой. Алиманы дүр нь асар хүнд. Нөхрөө алдчихаад уйлж, чарласан, цөхөрсөн, мухардсан. Амьдралд алдсаар явсан дүр. Тайзан дээр төрнө, сүүлдээ галзуурна. Жүжигчин хүнд ийм дүр бол бурханы бэлэг гэмээр тохиол л доо. Үнэхээр амттай дүр. Дүрээ бүтээхийн тулд сэтгэл мэдрэлийн эмнэлгийн үүдийг сахиж, эмч нарт загнуулж нэлээн юм болж явлаа. Тэр үед би төрж үзээгүй байсан болохоор төрөхийн үүдэн дээр очиж эмч нараас оруулж өгөхийг гуйгаад л гүйнэ. Мэдээж төрж байгаа хүний дэргэд гадны хүн байлгахгүй. Цонхоор нь шагайгаад, хөөгдөж л явлаа. Дүр маань бас сүүлдээ архичин болдог. Тэр үед би архи ууж бас огт үзээгүй байсан. Архичин авгай нар хайгаад л явна. Тэр үед архи уудаг эмэгтэй бараг л байдаггүй байсан. Тэгээд “Урт цагааны тэнд нэг архичин авгай байдаг” гэхээр нь өдөржингөө сахиж зогсож байж барааг нь харж байсан.

- Ямархуу эмэгтэй байв ?

- Миний дүрд дүйцэх юм байхгүй. Гудамжинд хашгираад л, баахан хүүхдүүд араас нь чулуу шидээд л мөн ч хэцүү хүн байсан. “Муусайн хулгайчууд яах гээд байнаа” гээд л нөгөө хүүхдүүд рүү орилох юм. Хөөрхий тийм нэг авгай л олж харсан. Тухайн үед Л.Ванган гуай жүжигт маань зөвлөхөөр ажиллаж байлаа. “Ч.Долгорсүрэн Толгонайд нэлээд дөхөж очсон. Алиман бол бүр их ойртсон” гэж үнэлж байсан. Ч.Лодойдамба гуайн эхнэр Ч.Долгорсүрэн Толгоной гээд бас нэгэн гол дүрийг бүтээсэн.

-Ч.Долгорсүрэн гуайтай хамтарч тоглоход ямар байв ?

- Сайхан. Дүрээсээ гарч, орж чаддаг техниктэй мундаг жүжигчин байсан. Сургуулалт хийгээд уйлж, орилоод л жүжиглэж байхад завсраар нь “Чи өнөөдөр яагаад хожигдож ирэв” гэж байх жишээтэй. Миний багш байсан. Би “Та битгий ингэж байгаач гээд” л гуйна. Тэрхэн хооронд л загнуулж байгаа юм.

- Тийм алиа хүн байсан юм уу ?

- Үгүй ээ, намайг зэмлэж байгаа юм. Над шиг туршлагагүй залуу жүжигчин овоо дүрдээ орж байсан бол тэр дороо байхгүй болно шүү дээ. Өөрөө бол тэгж хэлчихээд л дүрдээ буцаж ороод тоглоод явчихдаг. Намайг сэтгэл зүйн хувьд сорьж, чадал суулгах гэж тэгдэг байсан ч байж магадгүй.

-Тэр үед жүжиг ховор тоглогдоно. Үзэгчид дүүрэн байх уу ?

-Ярих юм байхгүй. Ялангуяа хөдөө тоглолтоор явахад цонх хаалгыг нь хагалаад, чихэлдээд л үзнэ. Бид өглөө найман цагаас шөнийн 12 цаг хүртэл тоглодог байсан. Зритель багтахгүй гадаа үлдчихдэг.

-Жүжиг тавигдах эрхийг Соёлын яам өгнө. Том бүрэлдэхүүн ирж шалгана. Та Анастасия Ивановна Филатоваг харж байв уу ?

-Харж байсан. Гэхдээ шалгуулж байгаагүй. Анастасия Ивановна чинь голдуу Дуурийн театраар явна уу гэхээс манай драмыг тоохгүй. Ирдэг ч үгүй байсан.

-Ингээд их театрын амьдрал буцалж эхэлсэн үеүд биз дээ?

-Миний дараагийн гол дүр “Сувдан сондор” жүжиг байсан. Тэр жүжигт би Вьетнамын дайны үеийн бөмбөгдөлтөд өртөөд эрэмдэг болсон хүүхний дүрийг бүтээсэн. Дараа нь Д.Нацагдоржийн “Их авхай” жүжгийг Д.Намдаг гуай сэргээж бичсэн юм. “Их авхай”-д тоглоод би “Шилдэг дүр”-ийн шагнал авсан. Тухайн үед жилдээ нэг л удаа шилдэг дүрийг шалгаруулдаг байсан. Театр гэдэг их айлтай хувь заяагаа холбож, тэр алтан тайзнаа нийт 50 гаруй жүжигт тоглосон байдаг. Гол дүр төдийлөн олдож байгаагүй ч жүжигчнийхээ хувь заяанд залбирч явдаг.

-“Хүргэн хүү”-гээс хойш таны тоглосон кино гэвэл ?

- Жижиг дүрүүд гэвэл олон. Сүхбаатар жанжны бага насны амьдралаар хийсэн кинонд ээж Хандынх нь дүрийг бүтээсэн. Нийт хоёр ангитай кино л доо. Баримтат киноны найруулагч Ц.Навааны “Гал хам” кинонд Жаргалын дүрийг бүтээсэн. Үзэгчид гайгүй үнэлсэн санагддаг. Киноны ажлууд надад бий бий.

-Та театраас яагаад явсан юм бэ. Хэдийгээр олон жүжигчид гарч байсан ч таны явсан шалтгааныг сонирхмоор байна ?

-Зах зээл эхлээд л түг түмэн бужигнасан. Театр гэдэг ч аймаар болсон. Бүх сайхан уран бүтээлчид гарцгаасан. Ц.Гантөмөр, Л.Жамсаранжав нар хүртэл гарсан. Г.Доржсамбуу сайхан найруулагч, сайн ч найруулагч. Харин удирдлагын хувьд үнэнийг хэлэхэд тэнэг байсан. Тиймэрхүү зүйлсэд дургүй хүрээд л хавчигдаад гарчихсан. Цалингаа ч өгч чадахаа байсан. Намайг “Хэрэв чи театрт байх юм бол үсний парикийг хариуцаж ав” гэсэн. Би үсний парикийг давхар хийж байж цалин авах юм шиг болоод явчихсан. Тэгэхээр нь “Би чадахгүй. Тийм нарийн мэргэжлийн юмыг хийж чадахгүй” гэсэн. “Тэгвэл дагалдан жүжигчний цалингаар байлгана” гэх мэт зүйл ч ярьсан. Юу гэсэн үг вэ. Зүгээр л доромжлол шиг санагдсан. Ашгүй тэр үед найруулагч Н.Нямдаваа “Буяны нүгэл” гэж кинондоо намайг урьсан. Тэр киногоороо далимдуулаад л би театраас явсан даа. Мэдээж сэтгэл зүйн хувьд жаргалтай байгаагүй. Яаж ч тийм байх билээ.

-Тэр киног би санаж байна. Их хүнд кино байсан ?

- Чи санаж байна уу. Хүүгээ лам болгох гээд л... Хүнд кино.

-Театр угаасаа л жүжигчнээ кино руу явуулах дургүй биз дээ. Үеийн үед л тийм байсан болов уу ?

-Миний залууд тэрэн шиг дургүй юм байгаагүй. Соёлын яамнаас зөвшөөрөл авч, яамнаас “Наад жүжигчнээ чөлөөл” гэсэн тушаал ирж байж, жүжигчнээ кинонд өгдөг байсан. Миний хувьд нэг их голд дүрд тоглож байгаагүй болохоор их сүр болоогүй. Намайг Хандын дүрийг бүтээхэд яг л тэр журмаар албан ёсоор чөлөө өгч байсан.

-Залуу нас, авьяас, мэргэжил нь байж байдаг. Энэ дүрийг бүтээчих юмсан гэж санаан дотор багтаад л. Дүр бүтээж байгаа нэгнээ хараад энийг дутуу хийж байна, би байсан бол ингэж хийнэ гэж шатаад л хэцүү амьдрал. Гэтэл найруулагч таныг олж хардаггүй. Танд ингэж харамсаж, дурлаж, шархалж үлдсэн дүр олон байсан уу ?

-Байлгүй яахав. Ихэвчлэн Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү л гол дүрийг авна. Эд нар л их гоё санагдаад. Надад олддог болоосой гэж хүн юм чинь бодно шүү дээ. Дотроо хорхойсоод л. Үг нь хүртэл цээжлэгдээд л...

-Морь шиг давхар өөрийгөө “уяад” байдаг гэсэн. Надад нэг найруулагч энэ тухай ярьж байсан ?

- Тийм, давхар яваад, өөрийгөө бэлдчихдэг. Фридрих Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл жүжиг”-ийн эзэн хааны нууц амраг Мильфордын дүрд Лха.Долгор гуай тоглодог байлаа. Тэр дүрд би мөн ч их дурласан шүү. Намайг сонгодог болоосой, надад Мильфордыг өгчихгүй юм байх даа гээд горьдоод л байсан. Даанч надад оногдоогүй дээ. “Хар санаа, хайр сэтгэл” намайг театрт ороогүй байхад тавигдчихсан, байнгын хөтөлбөрт байсан жүжиг. Энэ дүрд л би дурласаар байгаад тоглож чадаагүй өнгөрсөн. Ийм юм жүжигчин хүний амьдралд зөндөө л байдаг. Н.Сувд сүүлд ирсэн. Д.Цээнямбуу маш их ачаа үүрч байсан шүү.

-Жүжигчин Б.Цэрэнпагматай та олон жил хамт ажилласан уу ?

- Таван буудлын хоёр шүү дээ. Гэр ч ойрхон байсан. Б.Цэрэнпагма бид хоёр үерхэнэ. Байнга л хамт явна. Сүүлдээ хамт хөдөөгүүр баригад явсан. Б.Цэрэнпагма, Ж.Дорлигжав, Д.Сосорбарам, З.Жарантав бид хэд хөтөлбөр хийгээд явцгаалаа.

-Яг зах зээлийн эхэн үе. Тухайн үед орлогоосоо тодорхой хувийг театрт өгч байж чөлөө авдаг байсан гэсэн үү ?

- Бид эхлээд 10 хувийг нь өгч байсан. Дараа нь 15 хувийг нь өгдөг болсон. Бид дөрөв чинь бараг театрынхаа төлөвлөгөөг хөдөөгүүр хийчихдэг байсан.

- Хошин урлаг одоо том зах зээл эзэлсэн, бие даасан хэсэг болоод хөгжчихлөө. Үүний суурийг тавьж байсан үе гэж хардаг. Тэр үед таны хийж байсан сайдын охины дүрийг одоо ч хүмүүс их ярьдаг. Зохиолыг нь танд зориулж бичсэн үү. Хэний зохиол юм бэ ?

- Ж.Барамсайн “Том болсон хүүхдүүдэд” гэж жижигхэн өгүүллэг байдаг юм. Тэр өгүүллэгийг нь би өөрөө олж авч ажилласан. Гурван охиныг нь гурван өөр болгоод, нэгийг нь хэлээ зажилсан эрхийн тэнэг охин болгож, нөгөөхийг нь дээрэлхүү онгиргон наймаачин болгох жишээтэй хувиргаж өөрчилсөн юм. Хүмүүст ч их хүрсэн.

Б.Цэрэнпагма, Д.Сосорбарам хоёрын “Сурвалжлагч саальчин хоёр” бас их шуугиулсан.

Тэр үед бид хэд чинь хаа очсон газраа пижигнүүлдэг байлаа шүү дээ. Цөөхүүлээ уаз 469 машинтай л гараад давхичихна. Сүүлдээ Б.Цэрэнпагмын маань бие нь муудсан.

- Та ханийнхаа тухай ярьж болох уу?

- Бид оюутан байхдаа л сууж, хоёр хүүтэй болсон улс.

- Урлагийн хүн юм уу ?

-Ч.Намсрайжав гээд хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан. Бид хоёр нэг анги байлаа. Хэнтий аймгийн Баян-Овоогийн хүн. Оюутан байхад анхныхаа хүүхдийг ой гарантай, хоёр дахь хүүхдээ гэдсэнд хоёр сар гаруйхантай тээж явахдаа салсан. Сургуулиа ч төгсөөгүй байлаа. Өөр хүүхэнтэй болсон. Залуу явахад бие биедээ айлгах гэж нэг айхтар юм бий шүү дээ. Нэг чангахан түлхчихэд гомдоод л явчихна. Хоёр юу ч мэдэхгүй хүүхэд нийлчихсэн. Хүүхдээ ч маллаж чадахгүй. Дээрээс нь би хөдөөний бойтог нөхөр байсныг хэлэх үү. Тэгээд хаягдсан ч би сургуулиа төгсөх гэж зүтгэж л байсан. Миний хоёр хүү ой гаруйхан насны зөрүүтэй. Арга буюу хөдөөнөөс аав, ээж маань хот руу орж ирсэн.

- Таны анхны хайр байсан байх л даа ?

- Яг тийм ч биш. Би сургуульд байхдаа хайртай хөвгүүнтэй байсан. Гэхдээ л анхны амьдрал, хоёр хүүгийн минь аав, ангийн хүүхэд болохоор миний хувьд яаж чухал биш байх билээ дээ. Хоёрын хоёр нялх хүүхэдтэй үлдээд яахаа мэдэхгүй гуньж явсан он жилүүд надад амар байгаагүй. Нөхөр маань өөр бүсгүйтэй гэрлээд, хоёр охинтой болоод бүр цаашаа яваад өгсөн. Эхлээд хүлээдэг л байсан. Сүүлдээ хүүхдээ хөтлөөд ажилдаа гүрийсэн.

- Бүр хожим эргэж ирсэн гэж сонссон. Хэдэн жил алга болж байгаад ирсэн хэрэг вэ ?

- 22 жил. Том хүүгээ 22 настай байхад эргэж ирсэн. Тэр хүүхнээсээ салаад архинд орсон байсан. Хорь гарсан хүүхдүүд чинь эцгийгээ дагуулаад ирдэг юм билээ. “Гудамжинд хэвтэж байна. Ингэж болохгүй ээ. Та одоо хатуурхаад яахав” гэсэн. Миний хоёр хүү хоёулаа урлагийн хүмүүс болцгоосон. Найруулагч мэргэжилтэй.

- Тэр олон жилийн урт амьдралд та өөр хэн нэгэнтэй учирсан л байх даа ?

- Тийм ээ. Залуу нас шүү дээ. Нэг хүнтэй суугаад хоёр бандитай болсон. Нэг нь Казахстанд байгаа.

- Тэр хүнтэйгээ яагаад амьдраагүй юм бэ ?

-Тэр хүн маань шүлэг бичдэг, урлаг уран зохиолд хайртай хүн байсан. Зохиолчид чинь тэгээд их хэцүү улс шүү дээ. Нэг шилрэхээрээ хэд хоногоор алга болчихно. Төрөх үе болчихоод байхад ирэхгүй. Тэгэхээр нь хүн чинь яршиг цаашаа яваг л гэж бодно. Тэгээд явж явж ирээд “Би чамд хань болохгүй юм байна. Чи минь ядарч байгаа биз дээ. Би чамд гай болохоо больё доо” гэсэн. Тэгээд л залуу хүмүүс зам замаа бодоод, нэг их гудийх ч үгүй. Өө, яадаг юм гэж бодоод л хүүхдээ хүнд өргүүлсэн. Амьдрал надад ингэж хатуурхаад байхад ганц бүсгүй хүн би яах ч билээ. Бусдын адил бүтэн жаргалтай явах хувьгүй л хүн байсан юм байлгүй дээ. Миний ханилсан хоёр хүн хоёул одоо бурхны оронд заларсан.

-Сүүлд таныг анхны нөхрөө гэртээ өргөж асарч байгаад тэнгэрийн оронд нь үдсэн гэж сонссон ?

-Тийм ээ. Хэцүү л байсан. Мэдээж надад хялбархан байна гэж байхгүй шүү дээ. Хоёр жил гаруй хугацаанд харвалттай хэвтэрт байсан. Өөрийн мэдрэл байхгүй. Гэхдээ л би өргөсөн.

- Анхны юм болгон сэргэнэ. Гэтэл ид сайхан залуу насаа өөр газар өнгөрөөгөөд ирсэн байдаг. Тэгээд ирэхэд анхны хань нь хүлээж авсан. 20 гаруй жил хоёр хүүхдийг нь ганцаараа өсгөсөн ангийн охин. Тэр хүнд асар их гэмшил байсан байх?

-Уйлж байсан. Уучлал эрсэн. Юм юм л болж байсан. Хоёр сайхан хүү нь ааваа гээд дэргэд нь байх санаа сэтгэлд нь сайхан байдаг юм байлгүй гэж бодсон. Миний хувьд тэр хүнийг хүлээж авах сэтгэл үнэндээ байхгүй болчихсон байсан. Тэгсэн ч хоёр хүүгээ бодоод дэргэдээ авсан. Мэдээж сэтгэлд гомдол үерлэнэ. Том гэдэстэй үлдэж байсан юм чинь. Ер нь хүний залуу нас тэнэг дээ, тэнэг. Тэнэг л байхгүй юу. Эсвэл миний залуу нас тэнэг юм уу, бүү мэд дээ.

- Та хоёр хүүгээ урлагаас өөр мэргэжил сонгоосой гэж хүсч байв уу ?

- Хүүхдүүдийг маань харж өгөх хүн байхгүй болохоор би театр руу л чирнэ шүү дээ. Надтай хамт театр руу чирэгдэх ч их дуртай. Үзэгчдийн дунд суугаад жүжиг үзээд л байж байх сонирхолтой. Цаанаасаа театрт тэмүүлж өссөн. Тэгээд том болоод ирэхээрээ хоёулаа л “жүжигчин болно” гэсэн. Жүжигчний анги төгсөөд, найруулагч болсон. Харин Казахстанд байгаа хүүгээ нялхад нь хүнд өгсөн болохоор багш мэргэжилтэй болсон. Том хүү нь Америкт сургуульд сурна гэсэн гэнэ лээ. Хүүгийнхээ сургуулийн төлбөрийг олох гэж байгаа юм байх. Одоо Солонгост ажил хийж байгаа. Нэг эмнэлэгт хамт амаржсан казах эмэгтэй үрчилж авсан юм. Тэр минь үрээ алдаад зовсон хоёр эх л уулзсан тавилан юм. Хүүтэйгээ би 37 жилийн дараа уулзсан.

- Монгол хэл мэдэхгүй биз дээ?

-Надтай уулзсанаасаа хойш сайн мэддэг болсон. Одоо зүгээр ярина. Эхлээд монгол хэл мэдэхгүй байсан.

-Таны том хүү Н.Алтангэрэл мөн л залуугаараа өөд болсон. Ер нь уран бүтээлээ хийж амжсан уу?

-Сургууль төгсөөд шууд хөдөөгийн театрт, Баянхонгорт хуваарилагдсан. 10 орчим жил тэндээ ажилласан. Эхнэр нь надтай хамт энд байсан. Хоёр хүүхэдтэй.

-Саяхан таны амьдралд ахин харамсалтай, аймшигтай зүйл тохиолдлоо. Та бага хүүгээ алдлаа. Нэг хүний туулах амьдралд арай л их сорилт өгч байгаа юм шиг заримдаа танд санагддаг уу?

-Санагдалгүй яахав. Өвгөн өнгөрөөд удаагүй байхад том хүү маань хэдэн сарын дараа бурхан болсон. Ааваасаа хойш тавхан сарын дараа гэнэт зүрх нь зогссон. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу шүү дээ. Хоёр хүн дараалаад явчихаар амьдрал туулахын аргагүй зовлонтой санагддаг болсон. Ах дүүс нь намайг өрөнд оруулаад л...Бас л дайрч давшаад хэцүү байсан. Тиймэрхүү зүйлс дээр хүн айхтар цохилт авдаг юм байна. Хажуугаар нь талийгаач өвгөн, хүү хоёрын минь талаар шар сонинуудад янз бүрийн мэдээ, нийтлэл бичигдээд ирэхээр хаашаа ч хамаагүй зугтахсан л гэж боддог юм билээ. Би зугтаагаад нисэхэд ирээд байж байгаа. Эндээс явахаа байсан. Нэг ёсондоо зутсан л юм даа.

- Ач нараас тань урлаг руу орсон хүүхэд бий юу?

- Бага хүү Н.Мандахын маань охин байна. Сая орж ирээд гарсан банди байна. Д.Гэрэлмаагийн маань төрүүлсэн хоёр шүү дээ. Над дээр өссөн.

- Таны амьдрал бол жүжигчин хүний амьдрал. Урлагийнхнаас асуухаар жүжигчин хүнд дүрээс цэрвэх, татгалзах тухай ойлголт байдаггүй гэх юм билээ. Гэхдээ зарим шашинтай жүжигчид үхэж буй хүний дүрд тоглох дэмий гээд зовлон тээсэн дүрүүдээс зугтах нь бий. Тийм хандлага зарим хүмүүст байх шиг санагддаг уу. Дүрийн үүрч байсан ачаа, тоглож байсан дүрүүдийн эрчим, энерги шингээд амьдралд минь ийм зовлонтой зүйлс тохиолдоод байгаа юм биш биз гэх бодол танд төрж байсан уу ?

- Зарим хүн надад хэлдэг. “Та дандаа үхсэн, шоронд орсон, галзуурсан дүрүүдэд тоглох юм. Битгий ийм дүрд тоглож бай. Энэ чинь амьдралд чинь нөлөөлөөд байна” гэж. Би бол ажлаа хийж байгаа хүн. Би үүний төлөө л амьдарч байгаагаас хойш. Миний амьдрал дорой явсан нь ажил мэргэжлээс маань болж байгаа бол тэгээд л өнгөрнө биз. Би удаан наслахгүй. Энэ амьдарсан хугацаагаа ард түмэнд үлдээж байгаа болохоор том хувь заяа гэж боддог.

-Тантай уулзахын өмнө театрын удирдлагуудтай уулзсан. Б.Отгонбат дэд захирлаас асуухад “Их сонин. Би Дарьзав эгчийг шүтэж явдаг болохоос, хамт жүжигт тоглож, ойр дотно байж үзээгүй. Энэ олон жилд амьдралд нь маш олон шуурга тохиож, хүйтэн жавар үлээсэн. Сөхөрч унамаар зүйлс тохиолдсон. Тэгэхэд нэг ч удаа театраас тусламж гуйж, гавьяа шагналын хэрүүл хийж, гомдоллож ирээгүй” гэж ярьсан. Жүжигчин Б.Цэрэнпагма бас “Би театрын хаалгыг хаасан. Цэвэрлэгч болгоод надаар шал угаалгаж байсан. Би эргэж очихгүй” гэж ярьдаг байсан. Та ч бас түүн шиг нэг удаа хаалгыг нь хаасан. Тэнд таны залуу нас, гоо үзэсгэлэн, урсгасан нулимс, шаталт, хүсэл мөрөөдөл тань үлдсэн.

-Тийм ээ. Үлдээсэн юм маань дэндүү их болохоор би очоогүй.

- Бүр нэг ч удаа юу ?

-Нэг очиж байсан. Г.Доржсамбуу надад “Театртаа эргэж орохгүй юм уу. Таныг театрт байх ёстой жүжигчин гээд байна” гэж хэлсэн. Тухайн үед Ч.Долгорсүрэн гээд ахмадууд байсан. Тэгэхээр нь “За, яахав. Театр минь надад их л зүүдлэгддэг юм. Тийм болохоор эргэж орж болох юм” гэж би хариулсан юм. Гэтэл “Гэхдээ дагалдангийн цалингаар ажиллана шүү” гэсэн. Тэгэхээр нь “За, тэгвэл би больё доо. Театраас би ер нь юм гуйж яваагүй. Театрт би хүнтэй хэрэлдэж ч үзээгүй. Ийм нэг янзын нөхөр хатавчинд л байгаа юм шиг хүмүүст санагдах байх. Би тэгж явмааргүй байна” гэж хэлсэн. Тэгээд л хаалгыг нь хаагаад гарсан. Дараа нь шөнө унтахаар л театрт тайзан дээр тоглож байна гээд зүүдлэгдээд болдоггүй. Зүүдэнд элдэв янзын юм орж ирээд л...Түүнээсээ болж өөрөө шаналаад л. Сэтгэл зүйн хувьд туулах ёстой юмаа туулж байгаа юм л даа.

- Тэр чинь маш хэцүү зүйл шүү дээ ?

- Үүнийг жүжигчин хүн л ойлгоно. Тэгэхээр нь Н.Сувдаатай уулзаад “Би театрыг зүүдлээд болохгүй юм. Театрт цөөн хэдэн жил ажиллах боломж надад байна уу” гэж би өөрөө гуйсан. Ганцхан удаа тэгж гуйсан. Тэгсэн чинь “Орон тоо байхгүй байна. Чи нярав хийвэл л хий” гэсэн. Тэгээд яая даа гэж бодоод. Ер нь няравыг нь хийсэн ч яахав. Театр дотроо л байж байвал гэсэн шиг юм бодоод гарч явтал Б.Мөнхдорж тааралдаад болсон явдлыг хэлсэн. Тэр үед Б.Мөнхдорж найруулагч сонсоод “Хуцаж байгаа юм. Яах юм бэ. Хэрэв тэгж л байгаа бол хэрэггүй. Ингэж царай алдаад байхдаа яадаг юм” гэсэн. Тэгэхээр нь “За, ерөөсөө больё. Ямар өлбөрч үхэх гэж байгаа биш. Тэтгэврээ тогтоолгоё” гэж бодсон.

-Б.Цэрэнпагма эгчийг долоо хоног цэвэрлэгч хийлгэхийг та мэднэ биз дээ ?

- Тэгэхэд би театраас гарчихсан байсан үе. Надад ярьж байсан. Тэрийг нь ч би мэдээгүй явж байсан. Гэхдээ манай Б.Цэрэнпагам бол бардам.

-Танд өөрийгөө чөлөөлж аваад дураараа алдуурмаар санагдаж байгаагүй юу. Заримдаа залхмаар төвөгтэй энэ амьдралыг тэгж сөрмөөр болдог шүү дээ.

- Үгүй шүү. Би бол хөдөөний хүн. Миний өссөн орчин тэгж сургажээ. Дуулгавартай, номхон.

-Амьдралаас юу л тулгана. Та бүгдийг нь хүлээж авч байсан хэрэг үү ?

- Тийм. Бүгдийг нь хүлээж авч байсан.

- Одоо зөв санагддаг уу ?

-Одоо бол буруу санагддаг. Нэгдүгээрт, театраасаа гардаг бурууджээ. Чи массовконд яваад бай гэвэл яваад л байдаг. Хамаг сайхан залуу насаа, хамаг өөрт байсан авьяасаа нээж чадалгүй өнгөрчихсөн. Тэмцэлгүй өнгөрөөсөн. Бүрэг ноомой зан надаас ер салаагүй. “Чамд 500 төгрөгийн цалин өгнө” гэвэл “за ” л гэнэ.

- Ид залуу үед таны нөхөр дэргэд тань байгаагүй. Хажуунаас дэмжиж, хурцалж өгөх хүн байхгүй байсан учраас та амьдралын аясаар явсан байх. Адилхан жүжигчин хүн дэргэд тань хамт байсан бол өөр байх байсан болов уу гэж бодогдоод ?

- Тийм. Би ерөөсөө л амьдралын аясаар явсан. Ер нь л анх хатуу хөтүүг амсуулж нялх хүүхэдтэй, дээрээс нь ахиад тогоон чинээ гэдэстэй байхад хаяад явсан нөхрөө 22 жилийн дараа эргэж ирэхэд нь буцаагаад авч байлаа. Би өөрийгөө гайхдаг. Хоёр дахь удаа учирсан тэр шүлэг бичдэг нөхөртөө би мөн л салъя гэж хэлээгүй юм шүү дээ. Өөрөө л сар гаруй хугацаагаар алга болчихоод эргэж ирээд “Чамайг би тамлачихлаа. Хүүхдээ хүнд үрчлүүлчих. Тэгээд би чамаас салъя даа” гэсэн.

- Нөгөө хүүхдээ яасан юм бэ. Та түүнтэй нийлээд хоёр хүү төрүүлсэн гэсэн ?

- Нэгэнт миний хоёр дахь удаагаа хийсэн оролдлого бүтэлгүйтсэн. Цаашаа алхах ямар ч тэнхээ байгаагүй. Тэгээд хоёуланг нь хүнд өгсөн. Миний амьдралдаа ганц айхтар шийдвэр гаргасан явдал нь юу байсан бэ гэхээр дөнгөж төрсөн хүүхдээ эмнэлэгт хүнд өгсөн маань. Одоо Казахстанд байгаа нөхөр юм.

- Өргөж авсан хүн нь үр хүүхэдгүй зовж явсан хүн байсан гэв үү ?

- Бид хоёрын хоорондын явдлыг яривал кино шиг юм болно. Хоёр дахь хүүхдээ эцэг нь тэгж байгаа бол хүнд өгье гээд байж байтал, яг л миний хүссэнээр хөдөөнөөс хүн хүрч ирээд “Би хүүхдийг чинь авъя. Надад өгчих” гэсэн. Тэгээд л өгсөн.

-Салалт бол хэцүү зүйл. Та анхны ханийнхаа араас хөөцөлдсөн үү ?

- Үгүй. Би бол тийм хүн биш. Хичнээн араас нь үгүйлж, ирэх болов уу гэж горьдож байсан ч эргэж гуйдаггүй. Өөрөө шаналаад л. Хүнээс нууж уйлж, орилоод л давж байсан. Хүүхнүүд бол тавьж явуулахгүй тэмцэж байгаа харагддаг.

-Дотроо хэнд ч хэлэлгүй нууцхан хайрлаж байсан хүн танд байдаг уу ?

- Байгаа.

- Сэтгэлдээ орж ирсэн тэр өгөгдлүүдийг дүрдээ, кинондоо шингээж тоглож байсан тохиолдол байдаг болов уу ?

- Би арван жилд байхдаа л дурласан. Миний анхны хайр байсан юм. Тэгээд хот руу оюутан болж ирээд анхны нөхөртэйгөө суугаад л хүүхэд гаргасан. Амьдралын их дарамтан дунд байсан хүн болохоор би ингэж явах л заяатай хүн юм байна гэж бодсоор он жилүүдийг туулсан.

- Анхны хайр бол ариухан сэдэв.

- Үнээн. Ариухан, хэзээ ч мартагддаггүй. Нутгийн хүүхэд л дээ. Тэр насан турш миний сэтгэл дотор байсан.

- Таны хадмууд ямар хүмүүс тохиолдож байв. Таныг жүжигчин хүн бэр болоод ирэхэд яаж хүлээж авав ?

- Хөдөөний малчин хүмүүс л байсан. Сайн хүмүүс. Хатуу юм байгаагүй. Миний аясаар л байсан. Хоёр ч хадмын царай харлаа.

- Тэр яруу найрагч хүнтэй та хэдэн жил амьдарсан бэ ?

- Гурван жил орчим юм уу даа.

- Тэр хүнд та тийм ч их хайртай байгаагүй юм шиг ээ. Танд зориулж шүлэг бүтээл бичиж байсан уу ?

- Бичиж байсаан. Тэр хүн бол үнэхээр сайхан хүн байсан. Завханы хүн юм шүү дээ. Би ахиж хүнтэй суухгүй л гэж боддог байсан. Харин тэр хүнтэй суучихсан. Гэхдээ хэсэгхэн богино хугацаанд бид жаргалтай байсан. Тийм ч болоод ойрхон хоёр хүүхэд төрсөн.

-Та эмэгтэйчүүдтэй хэр нөхөрлөсөн бэ? Өрсөлдөөнөөр бүх амьдрал нь тодор-хойлогддог мэргэжилтэй эмэгтэйчүүдэд найз гэдэг ойлголт байдаггүй ч юм шиг?

- Надад олон найз байхгүй. Театрынхаа хувцасны эрхлэгч Батчулуунтай л их ойр явсан. Бидний хувцсыг бэлдэж, угааж, индүүдэж, бүх юмыг хийж өгдөг ажилтай. Одоо тэр маань хөл муутай таягтай хөгшин бий. Тэр эмэгтэйтэй насаараа үерхэж, найзалж явна даа. Би байсхийгээд л түүн рүүгээ гүйж явдаг.

- Театр бол ариун сүм гэж ярьдаг. Гэхдээ тэнд жинхэнэ өрсөлдөөн, хатуу харгис амьдрал байдаг. Хэрчье гэснээ хэрчиж хаядаг. Танай театрын дотоод амьдралд ч хоёр гурван гэр бүлийн тэмцэл их үүрэг гүйцэтгэдэг. Тэд айхтар тооцоотой. Эрх мэдлийг хадгалж явсаар хоёр зуун дамжаад л байж байна. Энэ тухайд та юу гэж боддог вэ. Энэ тэмцлүүдэд хавчуулагдаж байв уу. Эсвэл огт тоогоогүй юу ?

- Хавчуулагдахгүй байна ч гэж яаж байх билээ. Мэдээж хэрэг тойрог дотор нь биш ч гадна нь хараад байж л байсан. Тэр өрсөлдөөнд идэвхтэй орж, өөрийнхөө төлөө явж, даргын өрөө рүү гүйж яваагүй. Ордог хүмүүс олон байсан. Одоо эргээд бодоход би өөрийгөө жаахан тэмцэж байхгүй яав даа гэж боддог.

-Тийм эрт театраас явна гэдэг өөрийнхөө өчнөөн олон боломжийг хайчилж байна гэсэн үг биз дээ ?

- Театраас гарсан хойно СТА цолыг хошин урлагаас надад өгсөн. Тэгээд “Нүүдэл” гээд жижигхэн театрын эрх авч, тэндээ тоглож байгаад Гавьяат жүжигчин цол хүртсэн. Таетрт байхдаа орон нутгаар тоглолт хийгээд ирэхэд Д.Сосорбарам бид хоёрын цалин хасагдаад л бусдынх нэмэгдсэн байдаг (инээв). Театр бол амьдрал буцалж байдаг газар. Өчнөөн олон юм л болж байдаг. Би тэр дундаас өөрийгөө л аваад гарсан. Муу санаатай ч хүн юм уу. Бүү мэд дээ. Манай жүжигчид бие биенээрээ тоглох гэж баллана шүү дээ. Жүжигчдээс Б.Цэрэнпагма, С.Сэлэнгэ хоёр л миний хамгийн ойр байсан хүмүүс. Нэг нэгийгээ чадах гэсэн тийм тоглоомонд намайг оруулах гэнэ. “Хурдлаач ээ, буушуул” гээд л хашгираад байна. Би хаалганы хажууд зогсож байна уу гэхээс ханцуй шамлаад тоглоомонд оролцдоггүй. Өмхий санаатай хүн юм уу мэдэхгүй. Манай С.Сэлэнгэ сайн ч, сайхан ч хүүхэн. “Хөөш яадаг хулгайч вэ, гарыг нь бариад өгөхгүй” гээд л над руу хашгирч байдагсан. Хүн над руу чиглээд төнхөж байхад би дуугүй л өнгөрөөдөг байсан. Нэг удаа манай А.Таяа дарга намайг “Таарсан юмандаа манай Цэрэндарьзав сайн шүү” гэж хэлдэг юм. Тэгж хэлэхээр нь миний шар хөдлөөд явчихсан. “Таарсан юмандаа тоглодог жүжигчнийг жүжигчин гэдэг юм уу” гэж урдаас нь нэг хэлсэн юм шүү. Жүжигчин хүн бол бүх л юмыг чаддаг, бэлэн байх ёстой. Би бол тэгэхийг л хичээдэг. Гэхдээ даанч надад дүр ховорхон байсан.

-“Буяны нүгэл” кинонд хүүхэдтэйгээ хоёулаа зовлонд сөхрөөд, ер нь хоёулаа үхье гээд ус руу орж байгаа дүр байна. Хамгийн сүүлийнхээс “Солиот эх”, “Гал хам” киноны хүнд дүрүүдэд та дараалан тоглосон. Ид хавтай үедээ тоглож чадаагүй шуналаа эдгээр дүрүүддээ шингээж, зориуд хатуу дүрүүдээс шантралгүй сонгон тогложээ. Өөрийгөө задалж, дотоод сэтгэлийн асар хүчтэй жүжигчин болохоо харуулж байна даа гэж харж байсан ?

- Энэ дүрүүдэд Цэрэндарьзав миний доторх бүх юм шингэсэн байгаа. Ялангуяа би залуудаа кинонд бараг тоглоогүй. Д.Жигжид гуай намайг “Хүргэн хүү” кинонд авсан. Тэрнээс хойш бараг кинонд тоглоогүй. Яахав жижиг жижиг хэсэгт орж л байсан. Дүр мөрөөдсөн шунал байгаад л байсан. Театраас гарсан хойно Армийн театрт орж “Эмээ нар хадамд гарсан нь” жүжигт тоглосон. Миний дүр Авдотия гээд жүжгийн турш унтаж унтаж, төгсгөлд нь гарч хэдэн үг хэлдэг дүр байсан. Гол дүр ч биш. Тэгсэн энэ дүрээрээ би шилдэг дүрийн шагналыг авсан. Тэр жүжигт тоглосны хүчээр Буриадын Засгийн газрын том шагналыг надад өгсөн. Багахан ч гэсэн тэр дүрд би өөрийнхөө бүх чадлыг гаргая гэж бодсон. Буриадын театрынхан гайхаж л байсан.

- “Буяны нүгэл” киноны эхийн дүр таны хүчийг үнэхээр шавхсан байх аа ?

- Үнэхээр хүнд байсан. Дамбадаржаагийн Намсрай киноны зохиолыг нь бичсэн. Найруулагч нь Найдангийн Нямдаваа. Хөгжмийн зохиолч нь Халтарын Билэгжаргал. Ингээд бод доо.

-Таны хүүгийн дүрд тоглосон хүүхэд хаана явдаг бол ?

- Эрдэнэтогтохын Мөнх-Эрдэнэ гэж хүү бий. Манай жүжигчин Д.Долгорсүрэн, Г.Эрдэнэтогтох хоёрын хүү шүү дээ. Одоо томоо гоё залуу болсон. Жүжигчин болоогүй. Харин телевизэд ажиллаж байгаа сураг байсан. Хөөрхөн ч хүү байсан. Сайн ч тоглосон.

-Тэр хүнд зураг авалтуудыг нэг дайралтаар л хийх үү? Ус руу хүүхдээ аваад орж байгаа тэр хэсэг бол бас л ёроолдоо тулж байгаа зовлон шүү дээ. Сэтгэлд яваад л байдаг юм.

- Гурав дөрвөн удаа зураг авсан. Сүүлдээ хүүгийн сэтгэл зүйд их хүндээр тусаад хэцүү байсан.

-Таны тэр дүр бол маш том ялалт. Цэцгэнд дарагдаж байсан байх гэж боддог?

- Нээлтийн үед манайхан баяр хүргэж л байсан. Гэхдээ театр эзгүй шахам, аль олигтой гэх жүжигчид нь тарчихсан байсан үе шүү дээ.

-Олон улсын уралдаанд “Буяны нүгэл” кино явсан гэж сонсож байсан.

- Явсан. Японы Фүкүокагийн кино фестивальд орсон.

-“Их хааны удам” кинонд зохиолч Г.Мэнд- Ооёо гуай тоглодог. Тэр кинонд та бас л хүнд дүр авсан байсан?

- Тийм. Бас нэг ядарсан эмгэн хөөрхий гэрээ үүрээд явж байгаа тухай гардаг. Кинонд бага гардаг боловч бас л гоё дүр. “Хадаг” кино маань олон улсын 60 гаруй фестивалиас шагнал хүртсэн шүү дээ. Киноныхоо шагналд хоёр сая төгрөгтэй болоод, сумандаа өвөг дээдэстээ зориулж суварга босгосон. Одоо маш бага мөнгө шиг сонсогдож байгаа боловч тэр үедээ маш их мөнгө. Эхлээд сая төгрөгөөр тоглосон. Кино фестиваль нээсний дараа “Хадаг” киноны найруулагч Питер Бросенс ирээд надад болон Б.Дамчаа гуай бид хоёрт нэг нэг сая төгрөгийн шагнал өгсөн. “Хадаг” кино маань олон газраас маш олон шагнал авсан. Үнэхээр баярлаж явдаг. Найруулагч С.Бямбаа намайг “Хадаг” кинотой холбож өгсөн юм шүү дээ. Тэр киноны Дарханд зургийг нь авсан хэсэг дээр их олон хадаг дээрээс хийсгэсэн юм. Би зөвшөөрлийг нь авч байгаад кинонд хийсгэсэн 500 гаруй хадагнуудыг нь түүж аваад нутагтаа босгосон суваргандаа хийсэн. Хадагнуудыг суварганд хийсэн гэдгийг минь сонсоод зарим нь “Даанч энэ кино дэндүү их өндөр авч байна. Та тийм юм хийсэн байжээ” гэж хэлж байсан. Ухаандаа их буян хийж гэж байгаа юм байлгүй.

- Та шашинд хэрхэн ханддаг вэ ?

- Их зовлон үзээд ирэхээр хүн бурхан шүтдэг болдог юм байна.

- Таны нутаг бол бөөгийн онгод тэнгэртэй. Өөр шашин зонхилдог бүс нутаг. Та бөө шүтдэг үү ?

- Би сүүлийн үед маш олон бөөгийн дүрд тоглож байгаа. Юм л бол “Та нэг бөөгийн дүрд тоглоод өгөөч” гэдэг болсон. Тэгээд дүрээсээ болоод олон бөөтэй уулзаж, судалгаа хийх шаардлага гарч таарна. Олон юм уншаад ирэхээр бөөгийн увдис надад итгэл төрүүлж байна. Би бурхны ч, бөөгийн шашин ч шүтдэг. Сүүлд би Францын уран бүтээлчдийн баруун тайгад зураг авалт хийсэн “Ер бусын ертөнц” гэж киноны гол дүрд тоглосон.

- Ямар утгатай кино вэ?

- Зургаа дахь мэдрэхүй, Бөөгийн увидасыг харуулсан, далд ертөнцтэй хүн харьцаж чадах уу, монгол бөө харьцаж чадах уу зэрэг асуултуудад хариу өгсөн уран бүтээл юм даа.

- Ер нь хэр хүч шавхсан дүр байв. Зохиол нь хэр юм ?

- Их бөөлдөг дүр “Би нас өндөр гарсан хүн. Ингэж их бөөлж чадахгүй. Би бөө ямар байх ёстойг бол мэднэ. Намайг их битгий бөөлүүлээрэй. Би чадахгүй. Амьсгалын архаг хуучтай хүн учраас амьсгаадаад байдаг болсон” гэж гуйсан. Тэгээд жинхэнэ франц бөө авчирсан л даа.

- Францад бөө байдаг байх нь ?

- Францын нэг жуулчин манайд ирээд монгол бөөд шавь орчихсон юм билээ. Тэр франц иргэн манай Дархадын бөөг бөөлж байхад нь бичлэг хийж авч явах гэж байгаад, бөөлж байхад нь орж ирээд ухаан алдаад унасан гэдэг. Тэгээд л тэр бөө онгод авах ёстой хүн байна гэдгийг нь мэдсэн юм билээ. Хоёр жилийн дараа Монголд эргэж ирж шавь орж удган болсон. Францдаа том мундаг удган юм гэсэн. Багш бөөгийнх нь дүрд би тоглосон юм. Франц удган өөрөө зохиолоо бичсэн, бодит амьдралаасаа сэдэвлэсэн кино. Мэдээж уран сайхны дүрслэлүүд орж ирнэ шүү дээ. Кино маань Австрийн хамгийн том кино наадам Венийн фестивальд орсон. Венийн фестивалиас шагнал аваагүй ч, өрсөлдөх эрх олно гэдэг бас том шалгуур. Жинхэнэ бөөгийн эх нутагт нь, цаатнуудынхаа дунд хоёр сар зураг авалт хийсэн. Үнэхээр гайхалтай байсан.

- Шагналын тань үнэ хөлсний талаар асуувал та эмзэглэчихгүй байгаа ?

- Гомдох юм байхгүй ээ, надад юм өгсөн. Байр минь их муудсан байсан. Энэ ганц өрөө байраа өөд нь татсан. Хүүдээ машин авч өгсөн. Би хэзээ ч авч үзээгүй шагналаа авсан. Надад 19 сая төгрөгийн шагнал өгсөн.

- “Солиот эх” кинонд та тоглосон. Тэр дүрийг тань хэрхэн үнэлсэн бол ?

- Таван сая төгрөг өгсөн.

-МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киногоороо Шанхайгаас шилдэг эмэгттэй жүжигчний шагналыг авсан байна лээ. “Солиот эх кино” ер нь танд хэр санагдсан бэ?

-Өмнөхөн нь нөгөө Францын уран бүтээлчдийн “Ер бусын ертөнц” кинонд тоглоод дуусч байсан. Зураг авалтаа дуусгаад шууд “Солиот эх” кино руу орсон.

- Хоёр өөр үеийн хоёр мундаг эмэгтэй жүжигчид нэг кинонд тоглолоо. Хамт тоглоход ер бусын л байсан байх ?

-Сайхан шүү дээ. И.Одончимэг үнэхээр сайхан. Маш их өөрийгөө золиосолдог жүжигчин. Надад сайхан дурсамж үлдсэн.

-Анх оюутан байхдаа тоглосон “Сэрүүн дуганы мөхөл”-д нь би их хайртай. Хүчирхэг жүжигчин шүү.

Театрт манай Одноо лидер жүжигчин байсан. Хавчсаар байгаад л гаргачихсан юм шиг байна билээ.

-Та Д.Долгорсүрэнтэй хамт ажиллаж байсан уу. “Сүүдэр” кино, “Таня” жүжиг гээд хэчнээн олон гайхалтай дүр бүтээсэн билээ ?

- Би Д.Долгорсүрэнтэй бол хамт ажиллаж байсан. Ёстой мундаг, үнэхээр гоё жүжигчин. Маш их дотортой жүжигчин.

- Та теле жүжигт тоглож байсан уу ?

-“Алтан түлхүүр” теле жүжгийн гол дүр болох Мөөмөөгийн дүрийг бүтээсэн. Монголоос Хятадад байгаа тагнуулч, зодоонч, хүн сэлэмдэж алдаг авгайн дүр. Тэр дүрд хүмүүс их дуртай, намайг магтаж л байдаг юм.

-“Солиот эх” дээр хэдий зовлонт амьдралын дүр ч гэсэн та өмнөх дүрүүдээсээ их өөр дүр бүтээсэн. Гаргаж байгаа шийдвэрүүд хатуу харгис. Нөгөө талаас цор ганц хүүтэй хүний үр удмаа залгуулах гэсэн хүсэл. Бас л...

- Тийм ээ, хүнд дүр. Бас л хүмүүст хараалгах юм хийж байна даа гэж бодож л байсан. Гэхдээ хүмүүс яагаад ч юм гайгүй өнгөрсөн.

- Т.Бархүү, Одноо та гурвын харьцаа киноны гол цөм нь. Тэр киноны дараа Т.Бархүүг үзэгчид шинээр нээсэн болов уу ?

- Т.Бархүү бол театрын биш киноны хүн. Театрын жүжигчин гэдэг ондоо. Би кинонд тоглохдоо найруулагчдаа “Би театрын жүжигчин шүү. Тиймээс намайг дарж байхгүй бол болохгүй” гэж захиж заавал хэлдэг. Жанжин Сүхбаатарын ээжийн дүр дээр гэхэд заримыг нь хэтрүүлчихсэн юмнууд зөндөө байдаг. Жаахан жаахан юман дээр ичмээр юм байдаг юм. Театрт үзэгчид нь 50-60-аад метрийн цаана сууж байгаа. Үзэгчдэд өөрийнхөө үг, тоглолт бүх юмаа хүргэхийн тулд заавал өргөлттэй, илүү тоглолт хийдэг. Би театрт 25 жил болсон болохоор надад тэр өгөгдөл шингэчихсэн. Тиймээс кинонд тоглохоор айгаад байдаг. Одоо хэр нь айдаг. Гэхдээ айна гээд яахав.

- Таны үеийн жүжигчид нийтлэг ээжийн дүрд л тоглоцгоож байгаа бол та тамир шаардсан, өөр дүрүүдэд тоглож байна. Алдсанаа нөхөх мэт...

-Би алдсан цаг хугацаагаа жинхэнэ мөн чанараар нь нөхөх биш дээ. Тийм болохоор олдсон боломжууд дээр өөртөө байгаа бүхнээ тавьж байна. Энэ сайхан техник технологи хөгжсөн үед залуу ч байсан болоосой. Тэр үед надад дуулах хоолой ч байж. Би дуучин болсон бол болчихоор байсан байна. Даан ч би тэгээгүй. Өөртөө итгээгүй. Театрт баригдаад л, дээр нь хүүхдүүд, ар гэр, оногдсон тавилан маань хүнд байлаа. Хань ижилгүй. Муу аавтайгаа амьдрах гээд л ядаад байсан.

- Таны ээж эрт нас барсан юм уу ?

- Миний ээж 50 хүрээгүй нас барсан. Тэгээд би аавыгаа өөр дээрээ авсан. Театраас эрт гарчихсан болохоор юм хийх юмсан гэсэн шунал унтрахгүй, тэгээд жүжиг бичиж эхэлсэн. Нэг ном болгоод гаргасан. Өөрийнхөө хувийн амьдралыг толгой холбож бичсэн бас нэг жижигхэн номтой. Сүүлийн үед талийгаач хүүтэйгээ хамт цэцэрлэгүүдээр тоглолт хийж байлаа. Одоо 70 гарсан хөгшин настай би цэцэрлэгийн хоёр настай хүүхдүүдийн өмнө тоглож байна гээд бод доо.

-Таны хоёр хүү хоёулаа уран бүтээлч, нөхөр тань ч уран бүтээлч байсан. Таниар бахархдаг байсан уу. Жүжигчний тань хувьд таныг эрхэмлэдэг байсан уу ?

- Тэр талдаа бол лут, намайг шүтдэг байсан. Ямар сайндаа сүүлийн нөхөр “Би чиний амьдралыг, энэ их уран бүтээлийг чинь баллаад хаячих гээд байна. Миний хоёр хүүхдийг хүнд өгчих” гэж байх вэ дээ.

-Н.Мандах танд аль дүрд чинь илүү баяр хүргэж байсан бэ ?

- Мань хүн ч нэлээн ухаан суусан. “Эмээ нар хадамд гарлаа” жүжгийн 100 настай чавганцын дүрийг их үнэлнэ. Миний ээж шиг жүжигчин байхгүй. Миний ээж бол хаана ч, ямар ч явсан мундаг. “Хадаг” кинонд та ямар мундаг тоглосон юм бэ. “Солиот эх” ч яахав байдаг л нэг дүр. Та “Хадаг”-т үнэхээр мундаг тоглосон байна гэж намайг их магтдаг болсон, хөөрхий минь. Миний ээжтэй бол ярих юм байхгүй. Та мундаг шүү дээ. Битгий өөрийгөө голж бай. Битгий өөрийгөө хөгшин гэж бай. Болоогүй ээ, миний ээж ануухан байна” гэдэг байсан. Өөрөө л насалсангүй дээ. Ээжтэйгээ уран бүтээл хийнэ, ээжийгээ би Ардын жүжигчин болгоно гээд л ярьдаг байлаа. Дөнгөж 51-хэн настай яваад өглөө.

- Д.Гэрэлмааг өнгөрөхөд их гашуудсан байх ?

-Гашуудсан. Хар залуу насандаа олж ханилсан хүн нь, хоёр хүүхдийнх нь эх шүү дээ. Маш их гашуудсан. Бүх ажилд нь түшиг болсон. Ямар гээч тавилангаар учирсан хоёр амьтан юм бол доо. Бодохоор элэг зүрх минь эмтрэх юм.

- Таныг нухсан, том зиндааны жүжигчин болгоход нөлөөлсөн багш гэвэл та хэнийг нэрлэх вэ ?

-Ч.Долгорсүрэн багшийгаа хэлнэ. Залуучуудыг ер нь ахмадуудад нь хуваагаад өгчихдөг байсан. Тэр үед хуваарилсан багш маань Ардын жүжигчин Д.Цэрэндулам, Ч.Долгорсүрэн багш хоёр байсан.

- Д.Цэрэндулам гуай 1931 оноос театрт тоглож эхэлсэн хүн юм билээ ?

-Театрт их олон жил тоглосон. Кинонд олон тоглоогүй. Цаанаасаа л сайхан хүн байсан даа. Ер нь манай ахмадууд залуучуудтай их хутгалдаад байхгүй. Харин Г.Гомбосүрэн гуай арай ондоо. Залуу эмэгтэйчүүдтэй их ч партнерт тоглож байсан. Тийм болохоор бидэнтэй их орж ирж тоглодог. Бөгс, бөөр ч ярина. (инээв) Д.Ичинхорлоо гуай их сайхан хүн байсан. Бас л хамаагүй яриатай, их илэн далангүй хүн байлаа. Тамхиндаа биднийг гүйлгэнэ.

-Д.Ичинхорлоо гуай Ядамсүрэн гуайн эхнэр, “Гоолингоо”- дууны эзэн биз дээ. Театрын төдийгүй Хүрээний домгуудын нэг ?

-Тийм. Их сайхан хүн байсан. Би Д.Ичинхорлоо гуайг цараатай, цаанаасаа их мундаг хүн юм даа гэж хардаг байсан.

- Т.Хандсүрэн гуай ч гэсэн их өвөрмөц эмэгтэй байсан байх аа ?

- Донжтой. Цэвэр Хүрээний хүн дээ.

- Та Т. Цэвээнжав гуайтай ажиллаж байсан биз дээ. Одоо ч судлаачид Т.Цэвээнжавыг ярьсаар л байдаг ?

- Ажиллаж байсаан.

- Таны багш Ч.Долгорсүрэн гуай өндөр настай болсон хойноо ч тоглож л байсан. “Уул усны үр сад”, “Халаасны өрөө” гээд л. Сайн жүжигчин, цаг үеийнхээ сайхан бүсгүйчүүдийн нэгээс гадна нэртэй зохиолчийн эхнэр байсан нь түүнд илүү давуу талуудыг олгож байсан болов уу гэж хардаг юм. Жишээлбэл, Т.Цэвээнжав, М.Бадамгарав, Т.Хандсүрэн, Д.Ичинхорлоо нараас юугаараа давуу вэ?

- Үгүй ээ. Маш дотортой хүн. Маш чадварлаг жүжигчин. Нөхрийн сүр хүчийг ашиглаад явах хүн биш. Зарим улсууд атаархаад тэгж ярьдаг л байсан. Аль атаархсан хүмүүсийг тэр гэх вэ дээ. Би мэднэ.

- Ө.Рэнчинноров багш тань бас л цуутай хүүхэн явжээ. Тэр чигээрээ л домог...

- Миний хайртай багш. Дөнгөж хөдөөнөөс орж ирж байхдаа би их урт үстэй байсан юм. Нэг өдөр багш “Цэрэндарьзав аа, чи үсээ сайхан угаачихаад ир дээ” гэж байна. Тэгээд л маргааш нь би барааны савангаар угааж угааж очсон. Тэгсэн “Чи үсээ угаасан уу” л гэж байна, “угаасан” л гэлээ. Дахиад угаагаад ир гэхээр нь дахиад л угаагаад очлоо. “Чи юугаар угаасан” гэлээ. “Савангаар” гэхэд “Ямар савангаар” гэлээ. “Барааны савангаар” гэсэн чинь инээгээд намайг гэртээ дагуулаад аваачсан. Тухайн үед дипломатч П.Шагдарсүрэн гуайн гэргий байсан юм. Тэгээд гэрт нь орсон чинь багш маань нөхрийнхөө өрөөнд орохдоо хаалга тогшоод “Шагдарсүрээн, би орох уу” гээд зөвшөөрөл авч байх юм. Тэгэхэд л би хотынхон гэдэг чинь яасан соёлтой хүмүүс вэ гэж харж сүрдэж байлаа. Би гэтэл ботинк ч өмсөж үзээгүй, түрийтэй гуталтай, үсээ ч угааж чадахгүй нөхөр байж байдаг. Тэгээд намайг усанд оруулж, их гоё үнэртэй юмаар үсийг минь угаадаг юм. Тэгж анх шампунь гэдэг юм үзэж байгаа нь тэр. Тэгээд өөрийнхөө өмсдөг гоё хувцаснаасаа өмсгөж, намайг гоёж өгч байж билээ. Тийм багшдаа би хайртай байхаас ч яах билээ. Тэгээд л надтай ажиллаад байна. “Цэрэндарьзав аа, чи босоод яв даа” гэнэ. Босоод алхахаар “Чи ингэж алхахгүй ээ. Гоё алх” гээд л. Алхах, гишгэхийг минь хүртэл зааж байсан даа, багш минь. Ч.Долгорсүрэн багш маань маш их дотортой, дотогшоогоо тоглож чаддаг жүжигчин болохоор бусдаасаа илүү их ялгардаг байсан. Т.Цэвээнжав багш бол их гоё хувиралтай, айхтар жүжигчин. Бодит амьдралдаа бол их нурмагар хүн ш дээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Хааяа нэг түнтийгээд толиныхоо өмнө сууж харагдана. Тэгсэнээ нэг мэдэхэд гараад явчихсан байдаг. Үг дуу цөөнтэй. Тайзан дээр гараад ирэхээрээ танигдахгүй. Тэр кинонд тоглож байгаа энэ тэр нь тэр чигээрээ гайхамшиг. Төрөлхийн, заяасан жүжигчин.

- Та Цагааны Цэгмид гуайтай ажиллаж байсан уу ?

- Үгүй. Цагааны Цэгмид гуай намайг орж ирсэн жил нас барсан.

-Тэгвэл манай Д.Сэдэд гуайтай ажиллаж байсан биз дээ. Миний уулзсан агуу жүжигчдийн нэг ?

- Аа яа яа Доржийн Сэдэд. Сэдэд гуай “муухай” онгироо хүн байсан (инээв). Ёстой хаагина. Хаагиж саагиад л байна. Сүхбаатарын бага насны тухай кинон дээр зодолддог хэсэг гардаг. Тэрэн дээр зурганд ирэхдээ надад “Чиний муу хүүхдийг ёстой алж өгнө дөө” гээд л орж ирнэ. Өөрийгөө тэгж хурцалдаг ч байсан байх. Ер нь хувь хүн нь танхай, бардам. Хэн ч байсан нүүрэн дээр нь л үнэнийг нь шууд хэлнэ дээ.

- Хөвсгөлөөс таниас өөр ямар жүжигчид байдаг вэ ?

- Л.Нямсүрэн байна. Догшин хар, Мандуул хаан гээд захаас нь нэрлэхэд одоогийн хүүхдүүд ч андахгүй. Даан ч эрт явчихсан.

-Л.Нямсүрэн,Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран нарыг тойрч ярилцлага аваад эрэгтэй жүжигчдээс цээжний дөрөвт хэн хэн жагсах вэ гэдэг нэг асуултыг дунд нь заавал тавиад байлаа. Бүгд л хариулж байсан. Таниас бас асуух гээд байна л даа. Та Монголын эмэгтэй жүжигчдээс нэгдүгээр хүн нь хэн бэ, нэрлээч гэвэл хэнийг нэрлэх вэ?

- Чи театраас асуув уу. Аль эсвэл киноныхныг асуув уу.

- Театрынхныг асуулаа ?

- Лидер нь Д.Мэндбаяр л байна шүү дээ. Эрэгтэй жүжигчдээс Г.Мягмарнаран байна. Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Л.Нямсүрэн гурав явчихлаа. Би тэднийг оролцуулахгүй хэллээ.

- Киноны эмэгтэйчүүдээс гэвэл ?

- Киноны лидер эмэгтэй жүжигчин тэр дээ гээд хэлчих гэхээр одоогийнхноос санаанд орж ирэхгүй л байна даа. “Бүтэн амьдрал” киноны гол дүрийг бүтээсэн З.Онон бол их сайн жүжигчин байна билээ дээ. Би жүжигчин Т.Бархүүг бол яах аргагүй киноны жүжигчин байна гэж харсан. Их авьяастай жүжигчин юм. Театрт бол нэг их явахгүй ээ.

- Та фото зурагт их дуртай байсан. Одоо зураг авч байна уу ?

- Надад сонирхсон юм их олон байна. Хүүхэлдэй хүртэл хийж байна. Талийгаач хүүтэйгээ хамт хааяа цэцэрлэгүүдээр явахад биднийг их хөөрхөн хүлээж авдаг байсан. Одоо хамтлаг байхгүй, хүү маань байхгүй болохоор хүүхэлдэй л хийж байна. Би чамд үзүүлж болно. Өдий насанд бол миний эцсийн уран бүтээл. Надад ахиад ийм хувь заяа олдохгүй л гэж боддог. “Хадаг” кинонд тоглож байхдаа ч ингэж бодож байсан. Тухайн үед 70 настай байсан. Миний сүүлчийн уран бүтээл, чадлаараа хичээнэ гэж л бодож байлаа. Гэтэл ахиад тоглосон. Хүн чинь ер нь үхэхгүй болохоор яваад л байх юм. Одоо би бичих юмсан гэж их боддог. Хааяа их гоё санаанууд орж ирэх юм.

- Та түрүүнд дуучин ч болсон болохоор байсан гэсэн. Хүн чинь дуулж, уйлахдаа дотроосоо их юм гаргаж хаядаг шүү дээ. Та ер нь ямар дуунд дуртай вэ ?

- Ардын дууг их сонирхож дуулдаг байсан. Залуудаа өөртөө зориулж л дуулдаг байлаа. Гэхдээ театрын гурав, дөрвөн жүжгэнд дуутай шүү. Ер нь дуучин болбол болох байж. Зурагчин болбол болчих байж. Сүүлд нь хүүхдийн жүжигчин, хүүхэлдэй хийдэг чавганц болоод л дуусч байна даа.

- Таныг хамгийн нарийхан бэлхүүстэй хүүхэн байсан гэж ярьдаг. Людмила Гурченког Оросын хамгийн нарийхан бэлхүүстэй нь гэдэг байсан юм билээ.

- Ёстой нуруу, үс хоёроор бол тийм байсан. Би нарийхан биетэй, урт үстэй, нуруу туруу сайхан явсаан. Энэ хоёр ачийг тэвэрсээр байтал нуруу ч бөгтийсөн. Манай хүү надад улаан нялх хоёр юм үлдээчихсэн. Д.Гэрэлмаа маань хэдхэн сартайд нь хаяад л гарсан. Хөгширсөн хойноо хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Би одоо гуч энэ тэрээ өсгө гэвэл чадахгүй шүү л гээд байгаа. Надаар харуулахгүй байгаа л даа, хөөрхий. Жаргал зовлон хоёрыг адилхан л үзэж тууллаа. Зовлонг арай л их үзлээ. Хайртай хүмүүсээсээ ч олныг алдлаа. Амьдралын дутагдах гачигдах зовлонг тууллаа, өр ширэнд орж, орон гэргүй болж ч үзлээ. Их юм үзсэн. Дунд нь жаргал огт байгаагүй гэвэл арай хатуу болох биз. Алга ташилтад жаргасаар яваад л энэ хүрлээ. Яаж үгүйсгэх билээ. Одоо сүүлийн үеийн кинонууд дээр маань бүгд л намайг магтдаг. Үнэн сэтгэлээсээ магтдаг юм уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан намайг магтдаг. Магтаж байгаа нь сэтгэлд сайхан байдаг. Тэглээ гээд онгирох үе маань биш юм болохоор. Би өөрийнхөө хэр хэмжээг мэднэ. Тийм учраас би хэзээ ч худлаа онгирч яваагүй. Хувийн номероор Э.Оюун багштайгаа Монголын бүх хилийг тойрч үзэж байлаа. Заставын цэрэг халагдахыг үзээд уйлж явлаа. Гурван жил алба хаагаад халагдаж байгаа цэргүүдийг яг дэргэдээс нь харах ямар гэж санана. Тийм юм сэтгэлээс гардаггүй юм билээ.

-Найруулагчийн хувьд та хэр сайн партнер вэ. Найруулагчийн үгэнд хэр орох уу ?

-Найруулагч гэдэг хүн жүжигчний залуур юм. Мэдээж өөрөө дүрээ судална. Судалгаа хийнэ. Өөрийн ажиллагаа байлгүй яахав. Гэхдээ жүжигчний бүх олдмол хөдөлмөрөөр хийж байгаа зүйлс, төрмөл өгөгдөл тэр бүх зүйлээр “юм” хийдэг хүн нь найруулагч. Хамгийн сүүлд би “Увдист модны домог” гээд Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн байгаль хамгааллын тухай зохиол бичсэн. Соёлын яамнаас зарласан хүүхдийн зохиолын уралдаанд түрүүлж, долоон сая төгрөгийн шагнал авсан. Түүгээрээ жүжиг хийж, арван жилийн олон хүүхдүүдэд тоглосон. Дараа нь “Цэвдэг ертөнц” гээд хар тамхи хэрэглэж байгаа хүүхдүүдийн тухай жүжгийн зохиол бичээд, цагдаагийн байгууллагаар дэмжүүлж, өөрөө тоглолоо. Миний хүү найруулсан. Том хүү маань миний хоёр гурван жүжгийг хөдөөний театрт найруулж тавьсан шүү.

- Та багшлах тухай бодоогүй юу ?

- Өвөрмонголд би урилгаар очиж хоёр жил багшилсан. Шавь нар маань бий. Ир л гэдэг юм. Одоо энэ цар тахлын үед амжихгүй биз. Харин төрсөн нутагтаа очмоор байна. Босгосон суврагаа очиж янзлах санаа байна. Нутагтаа очих сайхан шүү дээ. Хүний унасан газар, угаасан ус гэж....

Үүлтэй юу өдөр байна саруул болно хө

Үдийн наран гараад ирвэл тунгалаг болно хө

Үй түмэн олон хүний дундаасаа

Үнэнч зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнч ээ хө

Ай даа амраг мэднэ хө... Нөгөө л гудиггүй дуу сэтгэлд орж ирнэ.

Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа

Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө

Цэвэр биеэ чамдаа тушаалаа

Цэнгүүлж явна уу жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө

Ай даа сэтгэл мэднэ хө...

Харамсал гуниг, халгам хатуу тавилан...нэг хүнд оноосон гэхэд дэндүү хүнд санагдах амьдралын жимээр энэ алдарт эмэгтэйтэй хамт өдөржин алхлаа. Урагдаж шархалсан нь амсагдавч тэр уйлсангүй. Зовлонд бууж өгөх биш зовлонг сөрж эрхшээсэн болохоор нь түүнийг би зовлонгийн хатан хаан гэж нэрлэв.

Хөөрхий дөө... гэх бодол хэзээ ч орж ирсэнгүй. Угаасаа цаанаасаа хүчирхэг хүнд ийм эвийлэл зохидоггүй. Торгонд хөлбөрч, тосонд умбах амьдрал түүнд оногдсон бол өнөөдрийн их жүжигчин Цэрэндарьзав гэж байхгүй ч байх байсан юм билүү.

Сэмэрч урагдсан ч сэтгэлээ тэр бүтэн авч үлджээ. Угаас цас уулынхаа хэрээр л буудаг гэдэг...Тэр ачаа зовлонг үүрэхээс татгалзаагүй. Өгсөн, сорьсон бүгдийг шударгаар хүлээж авчээ.

Өвдөг нугарсан эндэгдэл дундаас

Өөрийгөө дээдлэх омогшил төрсөн

Өргөсөн дээр унасан нялх үрээ ч

Өөр амьдралд өгөхөөр шийдсэн

....

Сүүдэрт суусаар даарч явнаа би

Зүүдэнд итгэсээр цөхөрч суунаа би

Нарны гэрлийг битгий халхлаач

Насны ирийг битгий мохоогооч

Томоогүй насаа торонд үдсэн би

Толботой заяагаа цайлгахсан

Сэвтэй зүрхийг минь битгий хатгаач

Сэтгэлийн минь сүүг битгий гашилгаач

....

Ээжийгээ зовоосон зүггүйтэл чинь

Энэ хорвоод эрхэлсэн жаргал чинь байж

Ээжийгээ баярлуулсан зүтгэлүүд чинь

Эвийлж хайрлах нулимс минь байж

Алдаа болгоныг чинь уучилсан ээж нь

Амьдад чинь хэлээгүй ахархан заяаг яалтай

Өтлөхийн цагт өвдгөө хучуулна гэж

Буцахын цагт будаагаа бэлдүүлнэ гэж

Айлын том хүү чамд найдсан юм

Азгүй хүн юм аа ээж нь

Залуу нас чинь урлагтаа үлдлээ

Залгисан сүү чинь энгэртээ үлдлээ

Авьяас билэг чинь дундраагүй үлдлээ

Ангаахай үрс чинь нулимстай үлдлээ...

Энэ шүлгүүд бол Д.Цэрэндарьзав гуайн бичсэн шүлгүүд юм. Түүний шүлгийн номыг хэдэн ч удаа уншив. Шүлгээр амьдралаа хүүрнэжээ, тэр...

Д.Цэрэндарьзав жүжигчин ярих дургүй хүн шиг санагдсан. Бүхнийг дотроо ширгээдэг, шингээдэг хүн гадагшаа халгиж цалгиад байдаггүй л дээ.

Цэл залуухан насандаа ханилж хоёр хүүгийн ээж аав бололцсон анхны ханиа өөр бүсгүйн төлөө яваад өгөхөд нь ганцаараа уйлж, ганцаараа хашгирч, ганцаараа хүлээж байснаа тэр дурссан. Хоёр дахь хүнтэй учирч хоёр хүү төрүүлээд эмнэлгийн орон дээрээс хүнд өргүүлчихээд тэр чив чимээгүй хүн болсон. Хүүхдээ үгүйлж, зүүдэлж, буцаж очоод авмаар өдрүүд түүнд зөндөө байжээ. Энгэрээс нь сүү дусалж, элгээ эмтлэн уйлж бас л ганцаараа туулсан.

Амьдралын тулгасан болгоныг энэ эмэгтэй турьхан биеэрээ туулсан. Угаасаа хайр...хагацал хоёрт шударга ёс л үйлчилдэг биз ээ...

“БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН БАНКУУД БОГД УУЛАНД БАНКИРУУДЫН ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
“БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН БАНКУУД БОГД УУЛАНД БАНКИРУУДЫН ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ