22-ын товчооны цаана урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг шалгуулах тухай гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн байна.
Уг мэдээллийн дагуу шалгахад, нийслэл хот руу орж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж байсан нь тогтоогдсон байна. Эл үйлдэл нь “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байдаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Тиймээс нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг хууль зүйн үндэслэлгүй байгаа гэж үзсэн байна. Улмаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргад Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн талаар ШӨХТГ-аас мэдээллээ