Оросын армийн генералуудын нэг Украины сөрөг давшилтын үеэр алагдсан тухай Москвагаас томилогдсон орон нутгийн албан хаагч өчигдөр мэдээлжээ.
Алагдсан гэгдэж буй хошууч генерал Сергей Горячев нь Оросын 35 дугаар армийн командлагч юм байна. Тэрбээр Даваа гарагт Запорожийн фронт дээр алагдсаныг тус бүс нутгийн засаг захиргааны албан тушаалтан Владимир Рогов мэдээлжээ.
Роговоос гадна Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг нийтлэлч “Военкор Z” генералын алагдсаныг баталсан байна.
“Манай арми мэргэжлийн өндөр ур чадварыг хувийн эр зоригтой хослуулсан хамгийн тод гарамгай командлагчдынхаа нэгийг алдлаа. Талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэж Рогов сошиал хуудсандаа бичжээ.
Энэ жил 52 нас хүрсэн Горячев нь Чеченийн хоёрдугаар дайнд танкийн дивизийн командлагчаар оролцож, Тажикистан дахь Оросын цэргийн баазыг захирч, Молдовоос салан тусгаарласан Приднестрийн бүс нутаг дахь Оросын зэвсэгт хүчний ангийг удирдаж байсан туршлагатай генерал юм байна.
Эх сурвалж: Reuters