Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөрвөн хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Тодруулбал, Дарьганга сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явахаар замд гарсан таван зорчигчтой автомашин цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн нь ухаангүй эмнэлэгт хүргэгджээ. Тэгвэл шөнө 23.00 цагийн үед хөдөө гэр рүүгээ гарсан тэд замдаа машин нь цасанд сууж, утасны сүлжээгүйгээс болж ямар нэгэн холбоо барьж чадаагүй байна. Харин тэднийг малчин залуу маргааш нь олж сум руу дуудлага өгсөн байна.
Малчин залууг очиход нэг хүн амьсгаатай дөрвөн хүн ухаангүй байжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр хүүхэдтэйгээ явж байсан ээж болон хажуу айлынх нь малчин залуу байжээ. Харин талийгаачийн нөхөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадсан байна. Тэд осгож нас бараагүй, угаартаж нас барсан гэдгийг албаныхан хэлж байна. Ийнхүү цас зудны гамшгаас болж хоёр хүүхэд, хоёр том хүн амиа алдсан уг харамсалтай хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсээс хэрэг нээн шалгаж эхэлжээ.