Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Баасан гаригт Суспильне радиод ярилцлага өгөхдөө Дональд Трампийн удирдлага дор дайн хурдан дуусна гэж мэдэгджээ. Тэрбээр мөн дайны талбарт нөхцөл байдал хүндхэн байгаа талаар ярьж, Оросын хүн хүч, зэр зэвсэг Украинаас хэд дахин давуу талтай байгааг онцолсон байна.
Тэрбээр "Цагаан ордныг удирдах болсон шинэ баг дайныг хурдан дуусгах болно. Тэдний арга барил, нийгэмд өгч буй амлалт нь тэдний хувьд маш чухал. Бид ирэх жил дайныг дипломат аргаар дуусгахын тулд бүх зүйлийг хийх ёстой" гэжээ. Энэ сарын эхээр хоёр дахь удаагаа сонгогдсон Трамп хэрэв ерөнхийлөгч байсан бол Украин-Оросын дайн эхлэхгүй байсан гэж удаа дараа мэдэгдсэн. Мөн долдугаар сард тэрбээр дайныг дуусгаж, асуудлыг шийдэж чадна гэж онцолсон байдаг.
Гэсэн хэдий ч, шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч болох Ж.Д.Вэнс сонгуулийн кампанит ажлынхаа туршид АНУ ирээдүйд Киевт үргэлжлүүлэн туслахад эргэлзээтэй гэж хэлж байсан. Харин "Их-7" бүлгийн удирдагчид Бямба гаригт Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ. Албан ёсны мэдэгдэлд "Бид санал нэгтэйгээр [Украины] бүрэн эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сэргээн босголтын төлөөх тэмцэлд хувь нэмрээ оруулах болно" гэж тусгагдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN