fbpx Хувьчлалын “сураг“-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
18 минут 40 секунд

Хувьчлалын “сураг“-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!

Б.ДАМДИН

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн өмчийн зарим компанийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлсэн.

Төсөлд “...Төрийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцааны 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийнэ” хэмээн тусгажээ.

Нийт хувьцааных нь 10-66 хувийг худалдах компанийн жагсаалтад “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ.

Мөн, төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь худалдах найман компаниар “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК, "Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК-ийг сонгосон байна.

Түүнчлэн, “Эрдэнэс монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК, “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон компанийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Засгийн газар үүнийг “...Төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналтад орох, улс орны эдийн засагт олон нийтийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд зарцуулах, компанийн засаглал сайжирч, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгоно” хэмээн үзжээ. Үндсэндээ, төрийн өмчийн 33 компани дээр хувьцааг бүхэлд нь худалдах, хэсэгчлэн худалдах, өөрчлөн зохион байгуулах ажлууд энэ жилээс 2028 оныг хүртэл хийгдэхээр болж байх шиг байна.

Мэдээж, хувьчлалыг санаачлагчдын үзэж буйчлан, төрийн компаниудын төрийн эзэмшил, стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлага бий.

Гэвч, энэ нь нийгэм, улс төр, эдийн засгийн олон талаас хардлага сэрдлэг, эргэлзээг төрүүлээд байна. УИХ-ын зарим гишүүн ч ийм байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “…2016 оноос хойш маш их хулгайг МАН-ынхан хийсэн. ЖДҮ, цар тахал, нүүрсний хулгай гээд тэр хулгайд холбогдсон хүмүүсийн гудсан доороо хийсэн мөнгө энэ хувьчлалаар албан ёсны хөрөнгө болж орж ирэх магадлал маш их өндөр байна. Энэ асуудлыг маш ил тод хийж, хулгайн мөнгийг албан ёсны мөнгө болгохгүй байхад анхаарах хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Б.Найдалаа “…Эрчим хүчний салбар дээр эргэлзээ байна. Либералчилна гэж ярьж байгаа ч цаана нь юуг өөрчлөх тухай нэгдсэн бодлогогүй байна. Дамжуулахыг төрд аваад бусдыг нь хувьд байх юм бол үнэ тогтооно гэдэг худлаа. Одоо бол хувийн тоглогчийг урих нь зөв. Гэхдээ эрчим хүчний үнийг бага барьж байгаа нь “Дулааны IV цахилгаан станц” ХК шүү дээ. “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн төрийн өмчит үйлдвэрлэгчийн цөөхөн хувийг хэн аваад сууж байх юм бэ. Тэрний цаана тодорхой бодлого байхгүй бол эргэлзэж байна”, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “…Тунхгийн шинжтэй биш байгаасай. Социал демократ нам төрийн оролцоог олон нийтийн болгох алхам хийж байгаа нь энэ нам хөрсөн дээрээ бууж байна. Төрийн банкийг хувьчилсан гэдэг шиг таван хувиар хүмүүсийг битгий хуураарай. Хүн сонсоход Төрийн банк хувьчлагдсан сонсогддог. Гэтэл 600 төгрөгөөр гарсан нэгж хувьцааных нь одоогоор ханш 20, 30 хувь унасан. Засаглалд нь өөрчлөлт орсон зүйл юу ч байхгүй. Эрчим хүчний компаниудыг хувьчлахаар оруулж ирсэн. Ашигтай байх, менежмент хийх, үнэ дээр бусад зохицуулалтаа яаж хийх вэ. Хувьчлал үр дүнгүй болохоос яаж сэргийлж байна вэ. Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөхгүйгээр хувьчлал хийнэ гэвэл үлгэр шүү” гэцгээсэн. Гэсэн ч УИХ-ын чуулганаар эхний хэлэлцүүлгийг давлаа.

Үүнтэй зэрэгцээд, төрийн компаниудын хувьчлалын асуудлаар эдийн засагчид, судалгааны байгууллагууд үнэлэлт дүгнэлтийг хийсээр байна. Тухайлбал, Нээлттэй нийгэм форум, түүний дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс дүгнэлт, санал, зөвлөмж гаргажээ. Түүнийгээ зургаан “зүйл”-ээр тодорхойлсон байна.

Нэгдүгээрт, “…Уг тогтоолын төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу судалгаа, шинжилгээнүүдийг хийх шаардлагатай” гэжээ. Тодруулбал “…Төрийн өмчит компанитай байх эсэх нь тухайн орны геполитикийн онцлогоос ихээхэн хамаардаг. Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй, том газар нутагтай, цөөн хүн амтай. Иймд төрийн өмчит компани аль салбарт байх нь зохистой талаарх шийдвэрийг УИХ, Засгийн газар нарийн судалгаа, шинжилгээнд үндэслэн гаргах нь зүйтэй. Эрчим хүчний компаниудыг хувьчилснаар дотоодын эрчим хүчний хангамжийг хэн хариуцах, эрчим хүчний үнэ нэмэгдэх эсэх, хувийн өмчийн оролцоотой эрчим хүчний компаниуд төсвөөс татаас авах эсэх зэрэг асуудлыг сайтар судалсны үндсэн дээр хувьчлах эсэх шийдвэрийг гаргах хэрэгтэй. Зайлшгүй төрийн мэдэлд байх салбаруудыг оновчтой тодорхойлж, эрчим хүч, агаарын тээврийн гэх мэт салбарын компаниудыг хувьчилснаар санхүүгийн үзүүлэлтээс гадна улс орны стратегийн хувьд ямар алдагдал хүлээх вэ гэдгийг судалж, үндсэн чиглэлд тусгавал зохино. Түүнчлэн хувьчлалд хамруулах компани тус бүрээр судалгаа хийж, хувьчлах үндэслэлийг тодорхой гаргах хэрэгтэй. Төрийн өмчит компанийг хувьчлах эсэх шийдвэр нь УИХ-ын тогтоолоор батлагдах тул процесс нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу явах учиртай” гэжээ.

Хоёрдугаарт, “…Өмнө нь төлөвлөгөөнд туссан боловч хэрэгжээгүй арга хэмжээнүүдийн нөхцөл, шалтгаанд үнэлэлт дүгнэлт хийсний дараа хувьчлалын дараагийн чиглэлийг боловсруулах нь зөв” гэсэн байна. Үүнийг “…Хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн төрийн өмчийн хувьчлалын хэрэгжилтийн байдал, хэрэгжсэн хөтөлбөрийн үр нөлөөнд судалгаа, дүгнэлт хийж, УИХ-аар хэлэлцүүлсний дараа хувьчлалын шинэ чиглэлийг боловсруулж, өмнө хэрэгжүүлсэн хувьчлалын хөтөлбөрүүдийн зорилтыг хангаагүй тохиолдолд зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй” гэсэн байна.

Гуравдугаарт, “…Хувьчлалын зорилгыг нарийвчлан тодорхойлох нь зохистой” гэжээ. Үүнийг “…Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилгыг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нарийвчилсан судалгааны үндсэн дээр сайжруулах нь зүйтэй. Үндсэн чиглэлийн зорилгын хүрээнд нэр бүхий компаниудын тодорхой хэмжээний хувьцааг гаргахаар тусгажээ. Төрийн өмчийг хувьчлах ажлыг хэрэгжүүлснээр төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашиг нь нэмэгдэх эсэхийг судлах хэрэгтэй. Манай улсын татварын орлого ДНБ-ий 34.2 хувьд хүрч, төсвийн зарлага 30 их наяд төгрөг давсан. Энэ нь зах зээлийн механизм, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулъя гэвэл татварыг бууруулах учиртай. Иймд Үндсэн чиглэлд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр зорилгыг хангах эсэхэд нарийвчилсан үнэлэлт, дүгнэлт өгч, зорилгыг бодитоор томьёолох нь зүйтэй” гэсэн байна.

Дөрөвдүгээрт, “…Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчит компанийн удирдлага, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зэрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шаардлагатай нэмэлт хууль, эрхзүйн орчин бүрдүүлсний дараа өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ. Энэ нь “…Өнөөгийн байдлаар төрийн өмчит олон тооны компани алдагдалтай ажиллаж байна. Практик дээр яамд төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигч биш боловч тэдгээр компанид чиглэл өгч удирддаг, тэгсэн атлаа яамд хариуцлага хүлээдэггүй байдал бий болсон. Иймд төрийн өмчит компаниудын засаглалын асуудлыг цэгцлэх нь зүйтэй. Хувьцаат компаниуд шийдвэр гаргахдаа жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг зогсоох шаардлагатай” гэж тайлбарлажээ.

Тавдугаарт, “…Зарчмын хувьд эхний ээлжинд хувьчлал явуулах салбарыг тусган хэлэлцэн баталсны дараа хувьчлах төрийн компанийн жагсаалтыг хэлэлцэн батлах ёстой” гэсэн байна. Энэ нь “…Далайд гарцгүй, хоёр том хөрштэй, том газар нутагтай, цөөн хүн амтай, хүн ам нь тархмал суурьшсан манай улсын хувьд төрийн өмчит компани аль салбарт байх нь зохистой талаарх шийдвэрийг нарийн судалгаа, шинжилгээнд үндэслэн гаргах нь зүйтэй. Иймд зайлшгүй төрийн мэдэлд байх салбарууд, хувьчлах салбаруудыг оновчтой тодорхойлж, баталсны дараа хувьчлалд хамруулах компани тус бүрээр судалгаа хийж, хувьчлах шийдвэрийг гаргах хэрэгтэй” гэсэн үг юм байна.

Зургадугаарт, “…Төрийн өмчит компанийг хувьчилснаар түүний мэдээллийн ил тод байдал буурах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй” гэжээ. Үүнийг “…Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төрийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдал сайжирсан. Гэвч, хувийн хөрөнгө оруулалтын оролцоотой болсноор төрийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдал буурах эрсдэлтэй тул холбогдох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй” гэсэн байна. Бас МҮЭХ-ноос “…Төрийн өмчит компаниудын хувьчлал, олон нийтэд нээлттэй худалдаалахтай холбоотой шийдвэрийг зөв шударга, ил тод нийгмийн хариуцлагатай хэрэгжүүлэхийг сануулж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” хэмээн мэдэгдсэн.

Үүнээс гадна, бие даасан судлаачид төрийн компаниудын хувьчлалтай холбоотойгоор байр суурь, дүгнэлтийг хийцгээж байгаа юм. Тэд “...Төрийн хамгийн сайн менежмент хийж чадах зүйл нь төрийн компаниудын зардлыг бууруулах юм. Гэтэл агуулгын хувьд зөв бодлого танилцуулаад буруу арга хэлбэрээр хэрэгжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Уг нь, ашигтай салбараасаа эхлээд хувьчлах ёстой. Төрийн компаниа сонгохоосоо өмнө салбараа сонгох шаардлагатай байсан. Манайд нэг дор 18 төрийн өмчийн компанийг хувьчлах хэмжээний зах зээл алга. Тэгэхээр энэ хувьчлал эхнээсээ амжилтгүй болно. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү, арилжааны банкуудын зээлийн хүү, хадгаламжийн нөөц, хөрөнгийн зах зээлийн хэмжээг харгалзаж үзэх ёстой. Харьцаанаас нь харахад хадгаламж эзэмшигчид хөрөнгийн зах зээлд итгэл алдарсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн хөрвах чадвар буурсан. Мөн, ногдол ашгийг цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараах байтал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас л гэхэд борлуулалтын орлогоос нь зардал хэлбэрээр гаргаж иргэдэд бэлэн мөнгө тараадаг. Тэгснээр инфляци өсч, мөнгөний ханш унадаг. Ер нь, сүүлийн таван жилд төрийн, хувийн компаниудын бараг бүх IPO анх зарласан үнээсээ буурсан. Түүнчлэн, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байж хувьчлал зохион байгуулбал төрийн компаниудын үнэлгээ шууд муудна. Хөрөнгө оруулагчдад төрийн компаниудын 10-20 хувь сонин биш. Одоогийн Компанийн тухай хуулиар 10-20 хувь буюу жижиг хувьцаа эзэмшлээ ч тухайн компанийнхаа менежмент, стратегийн шийдвэрт оролцож чадахгүй. Үүнээс даваад 20-30 хувийг эзэмшлээ ч захирлууд нь улс төрийн томилгоогоор ороод ирнэ. Тиймээс, Хувийн компаниудын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулт, төрийн компаниудын өмч хувьчлалын хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага бий” гэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр “…Нөгөө л хэдэн мөнгөтэй олигархи нь төрийн компаниудыг хямдаар хувьчлан авч, эрх мэдлээ дамжуулдаг түүх үргэлжилнэ” гэдгийг улстөрчид, эдийн засагчид, жирийн иргэд хэн хэн нь хэлж байна. Үнэхээр ч “…Төрийн компаниудыг хувьчлах цаг хугацаа нь мөн үү”, “…Эрчим хүч, уул уурхайн томоохон компаниудын хувьцааг жирийн иргэд авах боломжгүй. Хэнд зориулсан хувьчлал вэ” гэмээр эргэлзээ сэрдлэгийг дөгөөсөн үйл явдлууд ч өрнөлөө. Хувьчлах жагсаалтад багтсан зарим компани, ялангуяа эрчим хүчний компаниуд ээлж дараалан эвдэрч, дэлбэрлээ. “…“Дулааны IV цахилгаан станц” ХК дээр л гэхэд үйл ажиллагааны горимын алдаа гарсан” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тус станцаас “…Бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарсан” гэж олон нийтэд мэдээлсэн. Тус станцын захирлыг үл ялих шалтгаар сольж, өөр хүнийг томилсон. Удалгүй түүнийгээ авлигын асуудлаар бариад хорьчихсон. Тэгээд “Дулааны IV цахилгаан станц” ХК дээр хариуцсан гүйцэтгэх захиралгүй байх үед нь дээрх гэмтэл гарч хотоороо тоггүй болсон. Энэ үеэр нь нэг нутгийн хоёр, нэгэн цаг үеийн улстөрчид, нэг намын журмын нөхөд гээд олон сэжмээр холбогдсон Ерөнхий сайд асан, Эрчим хүчний сайд асан хоёр эрчим хүчний асуудлаар өнгөрсөн баларсныг яриад нийгмийн анхаарлыг татаад хэд хонолоо. Тэдний “яриа” санаатай санамсаргүй, тавилттай үгүйн алин болохыг бүү мэд дээ. Ер нь бол, “…Удахгүй “МИАТ” дээр, “Эрдэнэт үйлдвэр” дээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ямар асуудал дэгдэх вэ” гэцгээгээд эхэлсэн байна. “МИАТ”-ийг маш сайн удирдаж байгаа гээд байсан захирлыг нь дэд сайд болгоод дэвшүүлээд гэх үү, буулгаад гэх үү, явуулчихсан. Оронд нь очсон захирал “МИАТ”-ийг хөдөлгөөд байгаа дуулдсан. “Эрдэнэт үйлдвэр” хэдэн жил ажин түжин байснаа саяхнаас удирдлага захирлуудынх нь булхай цахим сүлжээнд дэлгэгдэж, зарим иргэд, олон нийтийн төлөөллүүд АТГ-т хандаад эхэллээ. Тодруулбал, “…МАН-ынхан 10 жил тасралтгүй төрийн эрхийг барьсан. Тэгээд эцэст нь төрийн компаниуд ашиггүй зардал ихтэй гээд хувьчлах тухай яриад уналаа. Тэр хувьчлал нь тэдний бүрэн эрхийн сүүлийн хоёр жилд буюу 2026-2028 онд хэрэгжиж дуусах нь” гэлцэж байна. Нээрэн, “хувьчлах жагсаалт”-ын компаниуд эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь хувьчлал үнэгүйдэхийн шинж биш биз?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

Бүсийн “босс”-ууд
Бүсийн “босс”-ууд
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​