Ч.Хүрэлбаатар: МУ-ын зээлжих зэрэглэлийг нэмсэн нь эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаагийн илрэл


Монгол Улс Европын холбооны хар жагсаалтаас гараад байгаа. Тодруулбал, Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

-Монгол Улс Европын холбооны хар жагсаалтаас хассан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Европын холбооноос Монгол Улсыг хар жагсаалтаас гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ хаслаа гээд бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Бидний зүгээс маш олон арга хэмжээнүүдийг авч хийх ёстой. Тодруулбал, татварын орчноо олон улсын стандартын орчинд нийцүүлэх, нээлттэй, ил тод болгох чиглэлээр эрхзүйн орчны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Тодорхой хэмжээний мэдээлэл солилцох, тогтолцоог бүрдүүлж, хэвшүүлж, ажилтнууд сургах боломжтой. 

-Цаашид хар жагсаалтад орохгүйн тулд Засгийн газраас ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ? 

-Сангийн яамнаас "Глобал форум"-д хоёр хүн оччихсон ажиллаж байгаа. "Глобал форум"-ын зүгээс МУ-ын Сангийн яаманд энэ чиглэлээр санхүүжилт, дэмжлэг авах яриа хэлцлүүдийг хийж ажиллаж байна. Цаашдаа УИХ-аар зарим хуулийн төслүүдийг оруулж, батлуулах учиртай. Хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээр хийгдээд явж байгаа. 

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг нэг шат ахиулж В3 ангилалд багтаасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2017 оны арваннэгдүгээр сард Moody’s агентлаг ирэхдээ Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэхгүй гэж хэлээд явсан. Харин хоёр сарын дараа эргэж үзээд зээлжих зэрэглэлийг нэмсэнд баяртай байгаа. Учир нь C рүүгээ орсон байсан зэрэглэл B рүүгээ орж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт сайжирч байгаагийн илрэл. Валютын нөөц нэмэгдэж байна.  Төсвийн алдагдал буурч байна. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүд авагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогууд ойлгомжтой, тодорхой болж байгаатай холбоотойгоор зээлжих зэрэглэл нэмэгдэж байгаа. 


Энэ мэдээ таалагдаж байвал: