Томилгоо хийхэд хамаг цагаа зарцуулав


Томилгоо хийхэд хамаг цагаа зарцуулав

Сөрөг хүчний үүргийг Ерөнхийлөгч гүйцэтгэв

УИХ-ын намрын чуулган нээгээд яг дөрвөн сар, дөрвөн хоног өнгөрчээ. УИХ -ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад, ирэх баасан гарагт намрын чуулганыг хаах шийдвэрийг гаргасан байна. Үлдэж буй гурав хоногт Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн хэлэлцэх эсэхийг нь шийдэж, анхны хэлэлцүүлгийг нь хийх ганц хоёр төсөл бий. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхийлөгч Х. Баттулга намрын чуулганы хаалтын хуралд оролцон, үг хэлэхээр зэхэж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн 120 хоногийн хугацаанд парламентаас ямар шийдвэрүүд гарав? Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд Монголын улс төрийн амьдрал буцалж, төрийн эрх МАН дотор нэг бүлгээс нөгөө рүү шилжсэн үйл явдал болж өнгөрлөө. Намрын чуулган нээлтээ хийсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилсон. 

Үүний өмнө ээлжит бус хуралдаан зарлаж Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг огцруулах шийдвэр гаргасан МА Н-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүн болгохыг дэмжсэн нь томилгоонд хугацаа шаардаагүй юм. Ерөнхий сайдыг хоёр хоногийн дотор томилсон бол танхимын гишүүдийг бүрдүүлэхэд хоёр долоо хоног зарцуулав. Намрын чуулганаар шинэ оны төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр тодорхой хугацаанд хэлэлцдэг. Хэлэлцүүлэг эхэлчихвэл дундуур нь өөр асуудал ч орох боломжгүй. Угтаа бол намрын чуулганы хувьд ихэнх хугацаагаа Монгол Улсын ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн, батлахад зориулдаг.

Гэвч энэ удаа эсрэгээрээ байлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг буцааж, У.Хүрэлсүхийн баг бүрдсэн даруйдаа дахин өргөн мэдүүлсэн. Гишүүд тоо бодохоос илүүтэй томилгоо хийхэд ихэнх цагийг зарцуулсан тул хуулийн хугацаанд амжуулах гэж түргэн түүхий хандсан тал бий. Харин Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойших анхны чуулган нь энэ удаагийнх байв. Өнгөрсөн хугацаанд УИХ -аар баталсан гурван ч асуудалд Ерөнхийлөгч хориг тавьж, агаарын бохирдол, утааны эсрэг онц байдал зарлах уриалга хүргүүлсэн. Бүр парламентыг тараах тухай асуудлыг анхаарлын төвд авчирсан.

Засгийн газар алдаатай шийдвэрээ залруулсныг УИХ баталж өгөв 

Хэдийгээр парламент Ерөнхийлөгчийн шийдвэр, санаачилгыг биелүүлээгүй ч, тэрбээр сөрөг хүчний үүргийг УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүнээс илүү гүйцэтгэсэн гэхэд болно. Намрын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг. Түүнийг харвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт засаглалын реформын шинжтэй томоохон асуудлуудыг тусгасан байлаа. Төрийн албаны тухай хуулийг баталлаа. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анхны хэлэлцүүлгийг ирэх пүрэв гарагт хийнэ. 

Ингээд Үндсэн хуулийн өөрчлөлт үлдэж байна. Ээлжит чуулганы хугацаа байтугай энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ч үлдэх сэдэв гээд хэлчихэд буруудахгүй. Үе үеийн парламент ээлжит чуулганыхаа хэлэлцэх асуудлын эхэнд зоодгоос өөрөөр ахиц гардаггүй тул Үндсэн хуулийн талаар хэлэлцээгүйг гайхаад байх зүйл биш. Төрийн албаны хуулийн төслийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед өргөн барьсан. Улс төрөөс ангид, тогтвортой, мерит зарчимд суурилсан чадварлаг төрийн албатай болгох нэн тэргүүний шаардлагыг уг төсөл хангана хэмээн тухайн үеийн УИХ дахь намын бүлгүүд санал нэгдэж байсан.

Агентлагийн нэр солих, яамны бүтцийг багахан хэмжээнд өөрчлөөд төрийн албан хаагчдыг олноор халдаг явдлыг зогсоох, шаталсан зарчмаар албан тушаалд томилох гэх мэт олон зохицуулалт уг хуульд бий. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эрх мэдэлтний заавар, тушаалаар яамны алба, хэлтэс, төрийн нарийн бичгийн даргыг томилдог байдлыг өөрчилнө. Гэхдээ ИТХ -ын гишүүдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллаж болох эрхтэй болсон. Хууль ирэх жилээс хэрэгжинэ. Намаас нэр дэвшдэг ИТХ -ын гишүүд төрд орсноор тогтвортой байдал бий болох эсэхийг хэсэг хугацааны дараа харах л үлдлээ. Түүнээс гадна Донорын болон Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулиудыг намрын чуулганы хугацаанд шинэчлэн батлав. Мөн Төв банк болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

УИХ баталсан хуулиа цуцалсан тохиолдол энэ хугацаанд гарсан нь ХХОАТ-ын хууль

Ажлын хэсгийн ахлагч О.Баттөмөр гишүүний хувьд эдгээр хуульд ам сайтай байгаа ч сөрөг хүчнийхэн тааруухан гэж дүгнэсэн. Тэгвэл Засгийн газар эдгээр хуулийг баталснаар банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэл өгсөн ОУ ВС тэргүүтэй байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хэмээж буй. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдтэй хамт шинэчлэн батлахаар хэлэлцэж эхэлсэн.

Харамсалтай нь, эдгээр багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг “унагаж” орхисон юм. Ингэснээр Засгийн газраас өргөн барьсан эл төслийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэв.

Засгийн газар шийдвэрээсээ буцсанаас болж УИХ баталсан хуулиа цуцалсан тохиолдол энэ хугацаанд гарсан нь ХХОАТ-ын тухай хууль. УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт яаралтай горимоор ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард татварын дөрвөн шатлалтай байхаар болж, 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд 10-25 хувиар татвар төлөхөөр дээрх хуулийг өөрчилсөн юм. Харин шинэ он гарангуут хэрэгжиж эхэлсэн уг хууль нийгэмд багагүй бухимдлыг үүсгэсэн юм. Тэгвэл Засгийн газар алдаатай шийдвэрээ залруулсныг УИХ баталж өгөв.

Б.Энхжаргал

Засгийн газрийн мэдээ