С.Жавхлан: Монголоо гэсэн сэтгэл зүрх хаана, яаж хүрэхийг хараарай


УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-Намрын чуулганы хугацаанд хэлэлцсэн асуудлууд, батлагдсан хуулиуд амьдралд хэр ойр болж чадав. УИХ-ын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Энэ намрын чуулганаар амьдрал, хөрсөн дээр буусан зүйл нэг ч яригдаж, хэрэгжсэнгүй. Хэлсэн ярьсан бүх амлалт нь яг эсрэгээрээ явсан. Шатахууны үнэ нэмэхгүй гэсэн нэмсэн, тэтгэврийн нас нэмэхгүй гэсэн нэмсэн, татвар нэмэхгүй гэсэн нэмсэн, өр нэмэхгүй гэсэн нэмсэн. Одоо үүнээс хойш энэ хүмүүсийн ярьж байгааг эсрэгээр нь монголчууд ойлгож байх хэрэгтэй. Нэмэхгүй ээ гэвэл, аа нэмэх юм байна аа гэж бодож байх хэрэгтэй. Нэмнэ гэвэл нэмэхгүй юм байна аа гэж бодож байх хэрэгтэй. Бүх ярьсныхаа яг эсрэгээр явлаа. Утааг бууруулна гэсэн ихэссэн, өвчлөл багасгана гэсэн ихэссэн. Үнэхээр хар хошуутай, хар амтай, хэлсэн нь дандаа эсрэгээрээ эргэж явдаг, үйлс нь хазайчихсан ийм л хүмүүсийг харж өрөвдөж гуниглаж байлаа. Эд нар анхнаасаа үнэнээ хэлж сураагүйгээс болоод эргээд гэртээ байгаа хүүхдээ, ирээдүйгээ хорлож байна гэдгээ ойлгохгүй байна. Миний л дов дош хоёр овойж томбойж байвал бол оо гэсэн цаад муу санаан дор бүх зүйл нь явагдаж байна. Урьд урьдын л адил хор хагаралдаа умбасан ийм л намрын чуулган болж өндөрлөлөө.

-Засгийн газрын шийдвэрүүдэд ч мөн л шүүмжлэлтэй хандаж байна уу?

-Засгийн газар 100 хоногийнхоо хугацаанд 30 зөв зүйтэй ажил хийсэн гэж танилцуулсан л даа. Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд л сүрхий мэдэгдэл хийгээд байсан гэтэл бодит амьдрал дээр шатахууны үнэ 50-290 төгрөгөөр нэмэгдчихлээ. Шатахууны үнэ нэмэгдсэнийг дагаад өргөн хэрэглээний бараа 100-500 төгрөгөөр нэмэгдчихлээ. Бүх юмны үнийг нэмж хаячихаад та нарын цалинг нэмлээ, одоо бидэнд баярлаарай гээд хуураад яриад сууж байгаа нь үнэхээр ичмээр. Энэ 100 хоногт хэрэггүй буруу шийдвэр ажил хийснээ ч бас зарлаж, ярих л ёстой. Энэ 100 хоногт хичнээн олон хүн энэ худал амлалтуудаас нь болж хохирсон бэ. Цаашдаа ч ер нь зөв ажлаа ярих гэж байгаа бол буруугаа ч мөн хүлээж тайлагнадаг байх хэрэгтэй. Цаагуураа мэрж, юмны үнэ нэмж авчихаад наанаа инээгээд сууж байна. Ингэж л хүмүүсийг хуураад бүр сурчихжээ. Одоо эдний гадаад эзэд ОУВС гэж газар ингээд тоглоод байдаг юм байна. "Чамд мөнгө өгнө, чи тэдэнд очоод ингээд хэлчих тэгвэл өгъе" гэж, тэгээд өнөөхийг нь хэлчихээд гүйгээд ирэхээр "Мөнгө өгөхгүй ээ, чи буруу ярьсан. Ерөөсөө бид болилоо, одоо чи ингэж хэл" гээд л тоглоод байдаг. Мөнгө зоос авахын тулд юу ч хийхээс буцахгүй эд нараар чинь өнөөдүүл нь утсан хүүхэлдэй гэдэг шиг тоглоод байна. Энэ олон улсын мөнгөний байгууллага Засгийн газраар чиг тоглоод юм өгөхгүй л байх байх даа. Шинж нь тэгж харагдаж байна. Өөрөөр хэлбэл айлын аав, эцэг хүн эхнэр хүүхдээ тэжээж дийлэхээ болиод өөр шар толгой ногоон нүдтэй гадаад аавтай айлаас очиж бадар барьж гуйлгачилж байна. Хүүхдүүд нь гомдоод өөр айлд зарагдахаар дүрвэж байна. Хийморь сүлдгүй, хулгайч, гуйлгачин муу аавыг хараад шүүмжлэх ч багадаад их л харамсах юм даа.

-Энэ намрын чуулганаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал багагүй хөндөгдлөө. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүний насыг 35 болон түүнээс дээш байлгах өөрчлөлтийг хуулинд оруулах тухай ч ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эзэн Чингис хаан Монголын төр улсыг байгуулж, хан цолд өргөмжлүүлэхдээ 27 настай байсан юм. Батмөнх даян хааныг 5 настайд нь залж байсан юм. Энэ бол монголчуудын хүчирхэг төрт ёстой байсан, нас хамаарахгүйгээр хүнээ зөв олж тодруулдаг байсан үнэн түүх. Тэгэхээр нас бол зүгээр л тоо. Үүнд хүн хэдэн настай байх нь чухал биш. Тухайн хүний итгэл сэтгэл, чадвар чадамж чухал. Энэ УИХ-д хэдэн шүдгүй хүн үлдээчихээд тэгээд яах вэ. Сүүлдээ энэ хүмүүсийн чинь яриа нь ойлгогдохгүй болчихоод байна шүү дээ. Олон сонгогдсон гээд байгаа хүмүүсийн чинь ёс зүй нь хаана байна. “60 тэрбум”-ын асуудалд цохиж яваа хүмүүс, мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй яваад байгаа хүмүүс тийм айхтар ёс зүйтэй юү. Багачуудынх нь бандаашны асуудал дийлдэхгүй, томчуудынх нь наймаа арилжааны хар хор нь дийлдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр нас яриад, гоншигонох ямар ч шаардлагагүй. Өөр ярих сэдэв, хийх чухал ажил өчнөөн байна.

-Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдэг асуудал яригдсаар байдаг. Өнөөдрийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

-Ямар ч байсан өнөөдрийн энэ хүмүүс, эрх баригчид лав ийм өөрчлөлт хийх эрх байхгүй. Би дахин хэлмээр байна. Өнөөдрийн энэ хүмүүсийн ярьж хэлж байгаа нь эсрэгээрээ л хэрэгжиж байна. Тэгэхээр одоогийн энэ улс төрд байгаа хүмүүс нэг нэгнээ барьж идсээр дуусах нь л зөв. Араас нь харин шинэ Монголыг бүтээх эрч хүчтэй залуус хэрэгтэй байна. Түүнээс биш одоогийн энэ улс төрчдөөс зоригтой шийдвэр гарна гэж хүлээж найдах хэрэггүй. Одоо болсон.

-Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж цуглаан зохион байгуулсан. Цаашлаад УИХ-ыг тарахыг хүртэл шаардана гэдгээ илэрхийлсэн. Та ч мөн УИХ-ыг тарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан тань хэвээрээ юу?

-Хоёр хэрээ нэгнийхээ харыг гайхав гэж. Ямар ч зөв шийдвэр гарц эднээс хүлээгээд нэгэнт өнгөрсөн бүтэхгүй. Нэгэнт энэ хэдэн намыг Монголын ард түмэн сэтгэл зүрхнээсээ аваад хаячихсан. Тэгэхээр энэ улс төрд бугшаад байгаа хорт хавдарыг цэвэрлэх тухай л ярина уу гэхээс аль нэг талд нь би орж ярихгүй. Монгол өнөөдөр зөв зүг рүүгээ л харж явах ёстой. Түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч залуус л чадна. Түүнээс энэ намууд бол биш. Тийм хувь тавилан нь ч хүрэхгүй. Өнөөдрийн улс төрд Монголыг зарж үрэхтэй холбоотой бүлэглэлийн зодоон л болж байна. Түүнээс Монголыг бодсон нэг ч зүйл энэ хүмүүст алга.

 

-Тэгэхээр дараагийн сонгуульд намууд гэхээсээ илүү бие даагчид түлхүү гарч ирэх нь зөв гэж та хэлэх гээд байна уу?

-Эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв үнэнийг олж мэдэрч чаддаг, Монголоо хайрладаг хүмүүс нь өөрсдөө тодрох ёстой. "Сонго-ууль" гэж Сонгоод уйлдаг биш, Монголоо гэсэн эрмэлзэлтэй тийм хүмүүсээ монголчууд өөрсдөө хайж олох ёстой юм. Тийм хүмүүс удахгүй тодорно гэж итгэж байгаа. Тал талд мундаг залуучууд гарч ирж байна. Ирэх хоёр жилд ийм үйл явц болно гэж харж байгаа. Өнөөдрийн энэ улс төрчид энэ байдлаараа хүссэн, эс хүссэн ч хаягдана, орхигдоно. Харин тэдэнд эртхэн нуусан оффшороо оруулж ирээд идсэн ууснаа яг үнэнээр нь өчөөд, монголчуудын өмнө уучлал гуйсан нь өлзийтэй байх. Ниргэсэн хойно нь л хашгирдаггүй юм бол одоо энэ хүмүүст найдлага тун бага үлдсэн. Тэгэхээр зөвхөн бие даагчдаа гол биш. Монгол жудаг ёсоо дээдэлдэг, хэлсэн ярьсандаа байж чаддаг, төрт ёсоо эрхэмлэдэг, газар усаа хамгаалдаг ийм хүмүүс гарч ирэх нь л чухал юм. Ийм цаг үеийг бүх монголчууд хүсч байна шүү дээ.

-Сонгууль болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулиас наана улс төрд өөрчлөлт гарна гэж та харж байна уу?

-Монголчууд хэр хурдан сэрэхээс л хамаарна. Хүн нэг бүр дор бүрнээ “Би Монголын төрийн нэг хэсэг юм байна. Би эх орондоо жинхэнэ эзэн нь байж хичээхгүй бол надаас болоод байгаа юм байна” гэж гурван сая хүн ойлгож ухаарсан цагт энэ нь том өөрчлөлт болно. Үүнээс өөр гарц гаргалгаа байхгүй. Хэрвээ энэ чигээрээ төр, түмэн нь ч сэрэхгүй юм бол бид улс гэж хэлэх боломжгүй болно. Нөгөө талаасаа Монголчууд "төрт ёс" гэж ярьдаг болохоос "төрт жам, төрт хууль" гэж яридаггүй. Тэгвэл Жавхлан "ёс" ярьдаг үүнийг сэрээж сэргээх хүмүүсд ойлгуулах гэж олон жил цуцалтгүй зүтгэж байна. Энэ заншил ёсоо бид өөдөө өргөж байж, хийж чаддаг байсан бүх зүйлсээ улс орон даяараа хөдөлгөөн өрнүүлж өөрснөө бүтээдэг болж байж Монголоо мандуулна. Түүнээс дан ганц сонгууль харж, халамж хүсэж суугаад өөрчлөгдөхгүй. Үүнийг цугаараа л хангалттай харлаа, үзлээ.

 

-Таны эхлүүлсэн “Манай Монгол мандана” төсөл хэр явцтай байна вэ?

-Энэ хүмүүсийг юм ухаарч, сэхээрэх болов уу гээд танилцуулаад хэлсэн. Энэ төслөөр дамжуулж Монголоо нэгтгэж уриалах ёстой, зөв гарц шийдэл нь энэ байна гээд бүх гишүүд, төрийн гурван өндөрлөгт өгсөн. Даанч толгой нь төсөөлж урьдчилан харж дийлэхгүй, ухаан сэтгэл нь хүрэхгүй байх шиг байна. Дутуу ойлгосон нөхдүүд энд тэнд очиж улс амьтанд загнуулаад яваад байна. Хүний сэтгэсэн, санаачилсан ажлыг өөр хүн дутуу хийдэг юм шүү дээ. Энэ төслийн цаад амин чанарыг ухаж ойлгоогүй мөртлөө ийм орон зай байгааг харчихаад, ум хумгүй үр дүнгүй зүйл хийгээд яваад байна гэж харж байна. Энэ төсөл удахгүй маш төгс хэлбэрээ үзүүлж, "Хамаг Монгол" төсөл гэдэг шиг олон түмний зүрх сэтгэлд хүрч мандах болно. Жавхлан хурал дээр “Монголоо гэсэн сэтгэл зүрх хаана, яаж хүрэхийг та нар хараарай. Дараа нь харин та нар битгий шалчиганаарай” гэж хэлсэн. Энэ үгний ч учир зангилаа удахгүй хүмүүст тайлагдаж, ухаарагдах байх аа.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Medee.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • багш · [112.72.9.150] · 2018/02/15

    Жавхлангийн санаа нь зөв.Монголын төлөө цохилох зүрхтэй залуу.Жавхланд нэг сайн зөвлөх л хэрэгтэй байгаа юм даа.Алдааг нь засаад ,залаад чиглүүлээд өгөх тулхтай ,жинхэнэ Зөвлөх олж ав Жавхлаан.Хүн бүхнийг мэддэг чигээрээ төрдөггүй.Одоо нас нь залуу,балчирдах юм их байх шиг байна.


  • Зочин · [94.230.246.6] · 2018/02/14

    Жавхланд амжилт хүсье. Ардчилал анх Цэдэнбал тэргүүтэй хуучин засгийг идлээ уулаа ард түмэн ядарч өлсөж байна гэж гарч ирчихээд одоо өөрсдөө яаж идэж ууж байна байна.Насаараа идээд ч барахгүй их хөрөнгө, мөнгөтэй болчихоод ичдэг булчирхай гэж байдаггүй юм шиг ярьж хийх юм. Энэ их газрын баялаг, мал, газар нутагтай байж 3 сая иргэнийг яаж л бол яаж тэжээж болно доо 3 сая иргэний 1/10 хувь нь гадаадад ажиллаж махаа зулгааж байж ар гэрээ чүү чай тэжээж байна. Ардчилсан нам ч бай, МАН ч бай , МАХН ч бай аль аль нь бүгд худалчууд. Идсэн уусан хүмүүсийг илрүүлж хариуцлага тооцно л гэнэ.Хаана тооцож байгаан. Аль нэг намын гишүүн биш л юм бол хичнээн чадалтай ч байсан ажилд орно гэж байхгүй. Хаа нэг байвал мөнгө өгч байж хэдэн сарын дараа л нэг бол орно, эсвэл орохгүй. Ямар ч бичиг үсгийн чадваргүй, зөв бичгийн дүрэм мэдэхгүй тийм л хүмүүс хэн нэгэн хүний арын хаалгаар дээрээс ажилд ав гэсэн яаж ч болохгүй байна гээд л ажилд орж байх жишээтэй. Ийм л нийгэмд амьдарч байна даа.Ай хөөрхий.Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яана даа


  • Зочин · [66.181.165.36] · 2018/02/14

    Жавхлан гэж хоосон толгой монгол дээл өмсөж,морь унаж нэг их монгол хүн болох гэж дөвчигнөх юмаа дандаа хүний улыг шагайж явах юмдаа энэ нэг хоосон толгой дуучины үгэнд хууртдаг ард түмэн одоо байхгүй шүү дээ


  • zochin · [103.57.92.195] · 2018/02/13

    Manaixan ex zagnaj, ataaxaj chadan, terend bitgii saanaa zovooroi, zorigtoin exend n yavsan n zov, yuilsen butex boltugai.


  • зочин · [122.201.21.223] · 2018/02/13

    Жавхлаан идсэн хоолныхоо сав руу нулимадаг яасан тэнэг арчаагүй залуу вэ? Ямарваа нэг юмыг эхлээд дтэй гэрэл гэгээтэй талаас нь таньж харж сур эх оронч гэж хэлтгий захтай дээлийн гол тоорцог малгайн өлгүүр хоосон толгойтой чам шиг амьтныг хэлдгүй юм далан худалчаа


  • Зочин · [202.9.43.156] · 2018/02/13

    66.181 чи улс төрийн задлан мэдэхгүй новш хүмүүсийг хөдөлгөж ташуурын зангаагаар хөдөлгөж юу хийхийг нь хэлж эргэлзээд байгаа шударга улсад зориг өгч сэрээж бгааг ялгаж харахгүй нүдээ зоосоор тагласан хужаа вэ


  • Зочин · [66.181.165.91] · 2018/02/13

    Нэг д Монголоо гэж ярьсан хүн. Гишүүн болоод Монголынхоо төлөө яг юу хийж байнаа


  • Зочин · [202.72.245.206] · 2018/02/12

    Амжилт