Сэрэмжлүүлэг: 10 биеэ үнэлэгч тутмын зургаа нь БЗХӨ-тэй байна


Сэрэмжлүүлэг: 10 биеэ үнэлэгч тутмын зургаа нь БЗХӨ-тэй байна

 

Биеэ үнэлэлт аюулын харанга дэлдэж, гамшигийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Үүнийг илтгэх сэтгэл эмзэглүүлэм тоон баримтуудыг хүргэж байна. 

Гадаадын улс орнуудад л гэхэд БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуур хотод 30, Хөх хот 50, Бээжин хотод 120, Чиндао хотод 60, Тяньжин 30, Гуанжоу 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэйчүүд биеэ үнэлж байна гэсэн албан бус судалгаа байдаг. 

Гэвч эдгээр бүсгүйчүүд хүний наймааны золиос болж ихэвчлэн бэлгийн мөлжлөгт өртдөг. Ийм хэргийн золиос болсон бүсгүйчүүдийг 2014 онд Филиппин улсаас 1, БНХАУ-ын Эрээн хотоос 3, 2015 онд БНТУ-аас 1, 2016 онд БНХАУ-ын Манжуур хотоос 1, Эрээн хотоос 1, БНСУ-аас 1, Малайз улсаас 1, 2017 онд БНХАУ-ын Эрээн хотоос 2, Хөх хотоос 1, Шанхай хотоос 3, Бээжин хотоос 1 иргэнийг эх оронд нь аюулгүй авч ирсэн байдаг.

 

 Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 112 биеэ үнэлэгчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.  Тэгвэл эдгээр биеэ үнэлэгчдийн 60 хувь нь БЗХӨ-тэй гарсан байна. Бэлгийн замын халдварт өвчинтэй биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн 70 хувь нь тэмбүү, 14 хувь нь заг хүйтэн зэрэг өвчинтэй байсан. Хамгийн аймшигтай нь БЗХӨ-тэй эмэгтэйчүүдийн 9 нь жирэмсэн. 
Мөн үзлэгт хамрагдсан 112 эмэгтэйгээс дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь бие үнэлэлт улам залуужиж байгааг илтгэж байгаа юм. Тиймээс биеэ үнэлэлтийг зохицуулах хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. 



Цагдаагийн байгууллагаас он гарсаар  нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор  42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад 16-17 насны насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, дөрвөн удаагийн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, дөрвөн  үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байгаа юм. Хуулийн хүрээнд энэ шалгалтууд байнга хийгдэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

10 биеэ үнэлэгч тутмын зургаа нь БЗХӨ-тэй байгаа нь үндэсний хэмжээний гамшиг гэж хэлж болно. Тиймээс иргэн бүр ухамсартай байж, БЗХӨ-өөс өөрийгөө болон өрөөлийг хамгалах шаардлагатай байна.