С.Батсүх: Аав минь 50 нас хүрч байж тал дунд нь очоорой гэж захисан


Энэ удаагийн дугаарын зочноор гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийг урилаа. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

 –Сайн байна уу. Сайхан шинэлэв үү та?

 

–Сайхан шинэллээ. Би ойрын жилүүдэд ихэвчлэн цагаан сарын үеэр гадаадад байсан. Харин энэ жил эх орондоо байж, золгуут хийлээ.

 

–Төрсөн нутагтаа очсон уу?

 

–Энэ жил нутагтаа очиж амжсангүй. Хоёр эгч болон хадмын талынхан бүгд хотод бий. Тэдэндээ хүндэтгэл үзүүллээ. Бусад дүү нар минь надад ирж золгосон. Сонирхуулахад, манайд 130 гаруй хүн ирсэн байна лээ.

 

–Цагаан сар гэдэг холыг уулзуулдаг, бэлгэ­дэлтэй сайхан баяр юм аа?

 

 –Шинийн нэгэн гэ­дэг ахмадынхаа тохойг өргөж, нялх балчи­руу­дынхаа алгыг тэнийлгэж баяр­луулах өдөр. Энэ өдөр амнаас нь дандаа цагаан үг ундарч, хүн бүхний буян заяа дэлгэрдэг. Нэг ёсны ямар ч хир буртаггүй хайрын баяр гэж би ойл­годог.

 

–Таны хувьд “Завханы Батсүх” гэж түмэндээ хүндлэгдсэн. Тэр сайхан нутгийн уул ус, мөнх цаст Отгонтэнгэр хайрханы ивээ­лээр нутгийн хүүгийнх нь урлагийн зам дардан байдаг байх даа?

 

–Би Отгонтэнгэр хайрханы өвөрт өссөн хүү­хэд. Манай гэрийн өвөл­жөөнөөс их тод харагддаг юм. Харин аав минь 50 нас хүрч байж тал дунд очих ёстой шүү гэж захисан нь ердөө ч санаанаас гардаггүй юм.

 

–Аавынхаа захиасыг биелүүлсэн үү?

 

–Одоогоос хоёр жилийн өмнө Даян дээр очсон. Харин жил бүр өвөрт нь очиж, залбирдаг. Бас дуугаа дүрс­жүүлэх гэж хэд, хэдэн удаа ойрхон очиж байсан юм байна.

 

–Та хэр шүтлэгтэй хүн бэ?

 

–Өөрийгөө айхтар шүтлэгтэй хүн гэж хэл­мээргүй санагддаг. Учир нь би шүтлэгтэй биш шүт­­дэг хүн юм билээ. Харин төрсөн нутаг, уул усныхаа дэргэд очоод дуу­лах бүртээ сэтгэлдээ ажил үйлс, амьдралаа даатгаж залбирдаг даа.

 

–Таны уран бүтээлд Монголын тал нутаг тэр дундаа Завханы үзэсгэлэнт байгаль зон ардын тухай дуу багагүй хувийг эзэлдэг. Тэр сайхан нутаг энэ олон жил онгод хүслийг тань хөглөсөөр ирэв үү?

 

–Зөвхөн Завхан аймаг төдийгүй Монголын хөдөө бүхлээрээ жар­галын орон. Миний уран бүтээлд энэ сайхан үзэсгэлэнг үг, аялгуу, сэтгэлээрээ мөнхөлсөн бүтээл цөөнгүй бий. Тухайлбал, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, “Бадар хундага” гээд олон сайхан уран бүтээл бий.

 

–Та гитар их сайхан тоглодог юм билээ?

 

–Би Завхан аймгийнхаа Хөгжимт драмын театрт оро­хоос өмнө тухайн үеийн алдарт­­нууд болох Д.Банзрагч, В.Оросоо нарын дууг гитартай дуул­­даг байлаа. Нэг ёсны өөрийнхөө стилийг то­дор­­хойлж байсан нь тэр байж.

 

–Нутгийнхаа театрт багагүй хугацаанд ажил­ласан. Энэ үеэс л дуучин болохоор шийдсэн үү?

 

–Би 1983 онд Хөгжимт драмын театрт орсон. Аливаа зүйлийн эхлэл бүхэн бэрхшээлтэй, сурах зүйл олонтой байдаг. Энэ замыг би ч ялгаагүй туулсан. Үзэг­чид намайг хэрхэн хүлээж авч байна, надад зориулж алга таших нь уу үгүй юу гэдгийг их удаан ажигласан. Бүр урлагийн замналаа орхиод барил­гачин болдог ч юм билүү гэж бодож байсан үе бий.

 

–Хэрэв барилгачин болчихсон бол…?

 

–Тухайн үед шантарч хойшоо ухарсан бол магадгүй өдийд өөр мэр­гэжлийн хүн болчихсон байх биз. Гэхдээ эхлээд өөрийгөө олох ёстой юм байна гэж бод­сон. Тиймээс зүтгэсэн, улам хичээсэн.

 

–Хичээл зүтгэлийн үр дүнгээ үзэж одоо та ард түмнийхээ хүндлэлийг хүлээж сууна. Энэ л уран бүтээлч, дуучин болсны хамгийн сайхан үе байх даа?

 

–Эхлээд гурван жил өөртэйгөө ажиллая гэж шийдсэн. Тэгээд “Завхан гол”, “Дуут нуур” дууг дуулахад сонсогчид их сайхан хүлээж авсан нь уран бүтээлчийн хувьд их урам болсон доо. Тэр үеэс хойш тэдгээр хүмүүсийн хүндлэл, итгэлийг дааж явахсан гэсэн бодлоо өнөөдрийг хүртэл мартаж, гээсэнгүй.

 

–Яагаад хот руу ирэх болсон бэ. Энд ирээд таны уран бүтээлийн сэдэв, агуулга өөрчлөгдсөн болов уу?

 

–Аав минь Орост бо­ловс­­рол эзэмшсэн сэхээ­тэн хүн байлаа. Тиймээс хаана зах зээл байгааг, хэр­хэн яаж амьдрахыг на­дад сургасан. Бид ч ял­гаагүй сэтгэл хан­га­луун амьдрахын тулд уйгагүй уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тий­мээс театртаа 10 гаруй жил ажилласныхаа дараа хотод суурьшиж, уран бүтээлийн замналаа үргэлжлүүлэх сонголтыг хийсэн дээ.

 

–Энэ сайхан билэгт өдрүүдэд та ая дуугаараа сонсогч олонтойгоо мэндчилэхгүй юм уу?

 

–Өнөөдөр орой “АСА” циркэд сонсогч түмэнтэйгээ ая дуугаараа зол­гоноо. Шинийн наймны билэгт сайн энэ өдөр “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын тоглолт болох гэж байна. Манай нутгаас төрсөн алдартнууд уран бүтээлээ өргөхөөс гадна хамба лам нар засал ном айлдах юм. Уран бүтээл­чийнхээ хувьд нөхөрсөг нохой жилийн анхны ая дуугаа энэ өдөр өргөх бол­сондоо бэлгэшээж байна.

 

–Бяцхан дуучин Б.Бат–Энэрэл хамт дуулах уу?

 

–Энэ удаагийн тог­лолтод оролцохгүй. Энэ жилээс аль болох биеийг нь даалгахыг зорьж байна. Миний хүү ирэх сард тоглолтоо хийх гээд их завгүй байгаа. Саяхан шинэ байрандаа орж, нэвтрүүлгээ хийлээ. Хэв­лүүхэн ярих хүүгээ хараад нулимс дуслуулж л суулаа. Нэг талынхаа ханыг Отгон­тэнгэр хайрхны зурагтай ханын цаасаар бүрчихсэн нь сэтгэлд их сайхан санагдсан.

 

–Та хоёрын хувьд шинэ уран бүтээлийн олз омог хэр арвин байна?

 

–Тоглолтдоо зориу­лаад хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажил­лаж байна. Гэхдээ Б.Бат–Энэрэлийн хувьд нэг дуугаа олон давтдаггүй. Нэг, хоёр удаа бэлдээд бичүүлчихдэг онцлогтой. Харин миний хувьд “Дэндэрийн үлгэр” гэсэн кино концерт хийлээ. Энэ бүтээлд миний нэрийн хуудас бол­сон “Дуут нуур”, “Завхан гол”, “Бүүвэй ээж” гээд хит дуунууд багтсан.

 

–Нэрний хувьд содон юм. “Дэндэрийн үлгэр” гэдэг нь юу гэсэн үг вэ?

 

–Хуучин манай нутагт Дэндэр гээд үлгэр ярьдаг хүн байсан юм. Тэр хүний ярьсан үлгэр, хууч домгоос сэдэвлээд кино концерт хийх санаа төрсөн. Удахгүй үзэгчдийн хүртээл болгоно. Мөн “Хаан заяатай орчлон” цомог гараад удаагүй байна. Өн­гөр­сөн онд ихэнх цагийг жаа­хан шавьтайгаа сту­дид өнгөрөөсөн учир шинэ дуу олонтой болжээ. Түүнээс өмнө уран бүтээл хийхээрээ ихэвч­л­эн шинэ, залуу уран бүтээл­чидэд өгчихөөд, өөрөө тэр бүр дуулахгүй байсан юм. Харин Б.Бат–Энэрэлийнхээ буянаар эргээд уран бүтээл минь ундарч байна.

 

–Их хэвлүүхэн эг­дүүтэй хүү шүү. Хүүхэдтэй ажиллах таны хувьд хэр хүндрэлтэй байв?

 

–Хүүхэдтэй ажиллах их хэцүү юм билээ. Найз шиг, үеийнх нь юм шиг өөртэй нь тоглож, наадаж байж ойлголцолно. Ер нь сод авьяастан, хутагт хувил­гаадыг олонд таниу­лж, авьяасыг нь хөгжүүлсэн хүн нь ихэвчлэн гэр бүл, ойр дотныхон нь байдаг. Тэднийг шүтэж, өөрт нь үнэмшүүлж өөрийг нь таниулдаг юм билээ. Б.Бат–Энэрэлийн хувьд ч ялгаагүй.

 

–Тайзан дээр хамт дуу­л­а­­хад эхлээд хэцүү байсан уу?

 

-Жаахан хүүхэд учир аянаасаа зөрнө, үгээ мартана гээд бэрх­шээлтэй зүйл олон бай­сан. Одооноос л эвээ олж байна. Өнгөрсөн онд тоглолт бүрт дуулуулаагүй. Харин энэ жил олон газраас дуулуулаач гэсэн санал тавьж байна. Өвөр­­монголоос гэхэд л өдөрт хоёр, гурван удаа залгах юм. Нөгөөдөр Өвөрмонголд очиж, хоёр газар дуулахаар болсон. Ирээд тоглолтынхоо бэлт­гэлд орно гэсэн төвөв­лөгөө гаргачихсан байна лээ.

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал: