Кобальт, литийн эрэлт хайгуулыг өдөөж байна


Литийн хамгийн том олборлогч SQM компани цаашид үнэ буурна хэмээн таамаглаж байна.

Литийн компаниудын хайгуулын төсөв 2017 онд хоёр дахин өсөж 157 сая ам.доллар болсон бол кобальтын компаниудын хайгуулын зардал дөрөв дахин өссөн хэмээн S&P Global Intelligence компани мэдээллээ.

Олборлогч гигант, хайгуулын бүхий л компани лити, кобальтын нөөцийн эрэлд гарч байна 

Өнгөрсөн жил цахилгаан машины батарейн гол түүхий эд лити, кобальтын үнэ огцом өссөн. Уг хоёр түүхий эд эрдсийн зах зээлийн шинэ трендийг эхлүүлсэн хэмээн судалгааны байгууллагууд онцлох боллоо. Лити, кобальтын нөөц, олборлолтын хэмжээ, хэрэглээ, борлуулалтын дүн нь уламжлалт нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэгтэй харьцуулахад өчүүхэн бага. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын гигант компаниудаас эхлээд хайгуулын жижиг компаниуд хүртэл лити, кобальтын нөөцийг шинээр нээн илрүүлэхийн төлөө чамгүй мөнгө зарцуулж байгаа нь тоо баримтуудаас бэлээхэн харагдана. Лити, кобальтын хайгуулд зарцуулсан мөнгөний өсөлт алт, зэс зэрэг бусад түүхий эдийн хайгуулын мөнгөний өсөлтөөс хамаагүй илүү байгаа юм.

Литийн компаниудын хайгуулд зарцуулсан 157 сая ам.долларын 128 сая нь жижиг дунд хэмжээний хайгуулын компаниудын хаялга. Хайгуулын компаниудын зардал 2016 онтой харьцуулахад 82 хувиар өсөөд байгаа нь энэ. 2005 онтой харьцуулбал бүр 332 хувиар өссөн дүн. Литийн хайгуул идэвхжсэн нь зах зээлийн үнэтэй шууд холбоотой. Литийн карбонатын үнэ энэ он гарсаар эхний хоёр сард бага зэрэг буурсан боловч тонн нь 20 мянган ам.доллараас үнэтэй хэвээр байгаа юм.

Литийн хайгуулд зарцуулсан 157 сая ам.долларын 128 сая нь жижиг, дунд компанийнх 

Литийн хамгийн том олборлогч SQM компани цаашид үнэ буурна хэмээн таамаглаж буйгаа мэдээлсэн. Компанийн тайланд дурдсанаар литийн үнэ энэ оны эхний хагаст 2017 оны дөрөвдүгээр улирлаас 20 хувиар өсөх бол харин хоёрдугаар хагасаас буурч эхэлнэ хэмээн онцолжээ. Литийн олборлолт энэ жил нэмэгдэх хандлагатай байгаа учир үнэ буурна хэмээн шинжээчид ч дүгнэж байгаа юм. Литийн шинээр тогтоогдсон нөөц нэмэгдэхийн зэрэгцээ шинээр олборлолт нь эхлэх ордууд ч олширч байна. Мөн Австрали, Чили, Аргентин улсын литийн уурхайнууд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж буйгаа мэдэгдэх болсон.

Харин кобальтын хайгуулын 52 компанийн зардал 2017 онд 36 сая ам.доллар болжээ. Хэдий бага мөнгө ч 2016 оноос дөрөв дахин өссөн дүн юм. S&P Global Intelligence компанийн тооцоолсноор 2017 оны дөрөвдүгээр улиралд ховор металлын 18 хайгуулын талбайд шинээр өрөмдлөг хийсний 14 нь кобальтын хайгуулын талбай байжээ. Мөн ховор металлын чиглэлээр идэвхтэй хайгуул хийж байгаа 59 компанийн 32 нь литийн хайгуул байна хэмээн S&P-ын тайланд дурджээ. Гуравдугаар сарын эхээр кобальтын үнэ Лондоны металлын бирж дээр тонн нь 84 мянган ам.доллар давж түүхэн дээд үнээ тогтоолоо. Энэ нь мөн оны өмнөх үеэс 64 хувиар өсөөд байгаа үзүүлэлт юм. 

П.Жамсран Шинжээч


Энэ мэдээ таалагдаж байвал: