Япон улс цэргийн зардлаа нэмжээ


Японы Засгийн газар 2018 оны батлан хамгаалах бодлогын чиг шугам болох цагаан номоо хэлэлцэн баталлаа. Тус номд “Япон улсын үндэсний аюулгүй байдалд гаднын нөлөө ихэссэн төдийгүй Умард Солонгосын зүгээс цэргийн заналхийлэл үзүүлэх болсон. Тиймээс Умард Солонгосын баллистик пуужингийн аюул болон Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын цэргийн ажиллагааг сөрөн зогсохын тулд ирэх оны батлан хамгаалах салбарын төсвийг нэмлээ” хэмээжээ. Шинзо Абэгийн Засгийн газар батлан хамгаалах төлөвлөгөөний хөтөлбөрийг энэ онд шинээр боловсруулж, цэргийн хүчээ хурдтай өргөжүүлэх зорилго тавьсан билээ. “Киодо” агентлагийн мэдээлснээр, Японы батлан хамгаалах зардал тав дахь жилдээ ийнхүү дараалан өсч байгаа аж. Японы Засгийн газар 2017 онд 5.1 их наяд иен буюу 44.6 тэрбум ам.долларыг энэ салбарт зарцуулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Шинзо Абэ албан тушаалаа авснаас хойш цэргийн зардлаа тасралтгүй нэмж иржээ. Энэ жилийн төсвийн зардлын ихэнх хувийг Хятад улстай маргаантай байгаа газар нутаг дахь хамгаалалтыг сайжруулах, Умард Солонгосын харвасан пуужинг замд нь барьж устгах, мөн кибер аюулгүй байдлын хамгаалалтад зориулах аж.

ПХЕНЬЯНЫ ТАЛААРХ БОДЛОГОО ӨӨРЧЛӨХГҮЙ

Япон улс урьдын адил Умард Солонгосын зүгээс цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл учирч болзошгүй гэдгээс болгоомжилж байгаагаа мэдэгджээ. Мөн Солонгосын хойгийн байдлын талаар “АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын явцад Пхеньяны тал цөмийн зэвсэггүй болох санаагаа бичгээр тодорхой илэрхийлсэн ч манай улсад чиглүүлсэн цэргийн бодлогоо үргэлжлүүлж байна. Иймээс бид БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн заналхийллийн талаарх байр сууриа өөрчлөхгүй” гэжээ. Японы батлан хамгаалах салбарын тайланд дурдсанаар, Солонгосын хойгоос Японы аль ч нутагт тусах чадвартай “Нодон” загварын хэдэн зуун пуужин Пхеньяны талд байгаа нь ийнхүү болгоомжлоход хүргэж байгаа гэжээ. Нөгөөтэйгүүр, Умард Солонгосын удирдагчид цөмийн байгууламжаа буулгаж, пуужингийн хөтөлбөрөө эргэж харна гэсэн ч үнэн хэрэгтээ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хүссэн цагтаа сэргээдэг. Үүнд олон улсын хяналт байхгүй, тогтоох боломжгүй зэрэг нь ийнхүү Пхеньяны зүгээс ирж болзошгүй аюул заналхийллээс болгоомжлох үндэслэл бий болгож байгааг онцолжээ.

“ХЯТАДЫН ЗАНАЛХИЙЛЭЛ” ҮЗЛИЙГ ДЭВЭРГЭСЭН ГЭВ

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Японы Засгийн газрын цагаан номд "Хятадын заналхийлэл" гэсэн үзлийг хамруулсан байна. Тодруулбал, Хятадын хөлөг онгоц Дяо Юйдао арал орчмын тэнгист эргүүл хийсэн, Хятад улс Японы арлын ойролцоо тэнгисийн цэргийн сургуулилт явуулсан хэмээжээ. Оросын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны төвийн захирал Валерий Кистанов, Япон батлан хамгаалах салбарын цагаан номдоо Хятад улсын тэнгисийн асуудлаарх байр суурь нутаг дэвсгэрийн маргааныг хурцатгаж, дэвэргэсэн гэв. Харин Японы Засгийн газар Дяо Юйдао арлыг "худалдан авсан" үйлдэл нь асуудлыг хурцатгасан гэж тайлбарлажээ. Японы Засгийн газар улсынхаа цэрэг армид Дорнод тэнгист орох эрх олгосон бөгөөд Өмнөд тэнгисийн маргааныг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахгүй байгааг шинжээчид онцоллоо. “Киодо” агентлагийн мэдээлснээр, цагаан номд "Хятад улс аюултай" ба Японы аюулгүйн хамгаалалтын орчин нөхцөл хүндрэлтэй байна гэсэн ойлголтыг лавшруулжээ. Японы бодлогыг Хятадын тал шүүмжлэлтэй хүлээн авч Токиогийн эрх баригчдыг цэргийн номлолоо эргэн харахыг сануулжээ. “БНХАУ бусад улс орны хувьд түрэмгийлсэн бодлого хэзээ ч явуулахгүй. Харин стратегийн батлан хамгаалах бэлэн байдлыг чухалчилж, тактикийн довтолгоонд анхаарал хандуулснаа илтгэж "Бид түрүүлж халдахгүй, харин хариуг нь эргэлзээгүй барина" гэж улсынхаа цагаан номд онцлон дурдсан. Хамгаалалтаа өндөржүүлж, хүчирхэг армитай болсноор улс орноо энхтайван замаар хөгжүүлэх цэргийн шинэчлэлтийн стратеги зорилт хэмээн гол чиг шугамаа тодорхойлсон цагаан номд цэргийн гадаад харилцааг бэхжүүлэх, армийн зорилтын хүрээг өргөжүүлэх гэсэн хоёр чиг баримжааг онцолсон байна” гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Х.Эрдэнэзаяа


Энэ мэдээ таалагдаж байвал: