Инфляц, валютын ханшийг мөнгөний бодлогоор тогтворжуулна


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт баталсан. Монголбанкнаас 2018-2020 онд жилийн инфляцыг найм орчим хувьд тогтворжуулах, ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй уян хатан тогтоох зарчмыг баримталж байгаа юм. Түүнчлэн, эдийн засгийг эрүүл байлгах үндсийг бэхжүүлэх үүднээс санхүүгийн секторт эрсдэл хуримтлахаас сэргийлж, макро зохистой бодлогын арга хэрэгслийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зорилтыг тавьжээ.Тухайлбал, Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг ирэх онд 100 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж түүний эрх зүйн орчинг төлөвшүүлэх, зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлыг авч хэрэгжүүлэх юм.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж 5.8 хувьд хүрчээ. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглүүлж байгаа юм. Мөн ирэх жилүүдэд Төв банкны хараат бус байдлыг хангахын тулд 11 хуулийг УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна.

...Энэ оны эхний гурван улирлын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж 5.8 хувьд хүрчээ. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглүүлж байгаа юм...

ИНФЛЯЦЫГ НАЙМАН ХУВЬД БАРИНА

Инфляц энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 8.2 хувьд хүрч, сүүлийн саруудад эрчимжих хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, зарим төрлийн татвар нэмэгдэж байгаа нь инфляц өсөхөд нөлөөлж байгаа аж. Тиймээс Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг урт хугацааны тэнцвэрт төвшин болох найман хувьд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ. Ингэхдээ мөнгөний бодлогыг зөвхөн зах зээлд суурилсан арга, хэрэгслүүдийг ашиглан хэрэгжүүлж, хүүгийн нэгдсэн бодлого баримтлах аж. Нийлүүлэлтийн шинж чанартай инфляцад мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд харин хоёр дахь үеийн болон дам нөлөө нь өндөр үед мөнгөний бодлогын хэрэгслээр дамжуулан арга хэмжээ авахаар заажээ. Түүнчлэн мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын “Төсөөлөл, бодлого, шинжилгээний систем”-ийг нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх юм байна.

ВАЛЮТЫН ХАНШИЙГ УЯН ХАТАН, ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА

Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц гурван тэрбум болох төлөвтэй байгаа аж. Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байгаа гэнэ. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллах бөгөөд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтлахаар тусгасан байна. Үүний хүрээнд, банк хоорондын валют арилжааны цахим талбар, шаардлагатай тохиолдолд дуудлага худалдаа хийх хэлбэрээр валютын захад оролцоно. Банк хоорондын валют арилжааны цахим талбар (Bmatch)-т оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, улмаар банк хоорондын валютын захыг идэвхжүүлж, ханш зах зээлийн зарчимд нийцтэй, бодитой тогтох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн ханшийн уян хатан байдлыг тодорхойлохдоо, огцом хэлбэлзлийг бууруулах, экспортын болон импортыг орлох салбарын өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийн ирээдүйн төлөв зэргийг харгалзан үзэх юм байна.

МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний эрх зүйн орчныг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар болжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангах аж. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хөтөлбөр нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон эдгээрийг үйлдэж буй гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоо бий болгох, хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

М.ЭНХЦЭЦЭГ


Энэ мэдээ таалагдаж байвал: