Хятад руу тэмүүлэх иргэдийн цуваа эцэстээ маргаан дагуулав


БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа өчигдөр виз хүсэхээр цугласан иргэд маргалдаж, бөөн бужигнаан болов. Учир нь БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойг тохиолдуулж Элчин сайдын яам нь энэ сарын 1-8-ны өдрүүдэд амарчээ. Энэ хугацаанд виз хүсэгчид Элчин сайдын яамны гадаа олон өдөр хонон, өнжин дараалал үүсгэсэн байна. Гэвч тэдний урдуур хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хүмүүс орж ирээд Элчингээс өгдөг шар хуудсыг нь авчихжээ.

 

Ингээд л маргаан эхэлсэн байна. БНХАУ-ын их, дээд сургуулийн оюутан болон ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчид виз мэдүүлэх ёстой гэсэн журам гарсан. Энэ журмын дагуу виз мэдүүлэх гэсэн оюутан, сурагчдын хөл сүүлийн хэдэн cap тасраагүй. Олон cap дугаарласан иргэд цагдаа нартайгаа тохирч, фэйсбүүкээр бүртгэлтэй болж, дугаарлаж байсан ч сүүлийн үед яаралтай визэнд орох нэрээр дугаар дайрах үзэгдэл их болж байгаагаас маргаан үүссэн гэдгийг ч, хэлэх иргэд байлаа. Тэдгээр иргэдийн дунд бараг 3-4 баг бүрджээ.

Баг багаараа талцан хэн нэтийхээ өмнүүр орохоор хичээж буй нь илт. Ингээд Хятадад хүүхдүүдээ сургадаг эцэг, эхийн бүлэг дээр очиж санаа бодлыг нь сонссон юм.

М.Батцэцэг “Бид Хөх хотын олон улсын сургуульд хүүхдүүдээ бүртгүүлсэн. 62 хүүхэд визэнд орох ёстой юм. Xятадын баярын өмнө буюу энэ сарын 1-нээс өмнө орох гээд чадаагүй. Энэ сарын 8-нд ажил нь эхэлнэ гэхээр нь 3-наас эхлээд өдөр шөнөгүй, ээлжлээд хоносон юм. Тэгээд энэ даваа гаригаас ажил нь эхлээд визэндээ орох гэтэл фэйсбүүкийнх гээд хэсэг хүмүүс дайраад ороод ирсэн. Манайхаас арав нь ороод 52 хүүхэд үлдсэн юм. Мягмар гарагт Элчин ажилладаггүй учраас дахиад хоносон. Тэгээд орох гэсэн чинь урдуур баахан хүмүүс дайрч орж ирээд шар хуудсыг нь авчихсан. Одоо хаашаа хандаж яах аа мэдэхгүй байна.

Есдүгээр сараас эхлээд хичээлдээ явах хүүхдүүд одоо болтол визэндээ орж чадахгүй байж байна. Энэ талаар Гадаад харилцааны яаманд хандаад бидэнд ямар ч хариу өгөөгүй. Энд 6-15 насны хүүхдүүд байгаа. Даваа, лхагва, баасан гарагт визэнд ордог. Хаанаасаа ямар хүмүүс нь эгнээ дараалалгүй ороод байгааг ойлгохгүй байна” гэв.

Түүнтэй ярилцсаны дараа нөгөө талд бөөгнөрсөн хүмүүс дээр очив. Нэрээ хэлэхээс цааргалсан нэгэн эмэгтэй “Хятад Улсад сурч байгаа бүх хүүхдүүд визтэй болсон. Онлайнаар бүртгэл явагдаад шигшигдээд орж байсан, Хятадын Элчин найм хоног амарсан. Ингээд фэйсбүүк дэх бүртгэл нь цуцлагдаад хувь хүмүүс өөрсдөө дарааллаж орно гэсэн. Ингээд хүмүүс хонож эхэлсэн. Гэтэл нөгөө онлайн нь нээгдсэний дараа хүмүүс бүртгүүлсэн юм билээ. Тэд бидний урдуур шууд дайрч байгаа юм. Үүнийг нь цагдаад өргөдөл гаргаад очоод асуулаа.

Гэтэл манайд Хятадын Элчингээс онлайнаар бүртгэнэ гэж мэдэгдсэн албан ёсны бичиг байхгүй гэж байгаа юм. Би гэхэд хоёр хүүхдээ визэнд оруулах гээд машиндаа дөрөв хоносон. Нэг нь нэгдүгээр анги, нөгөө нь тавдугаар ангийн хүүхэд. Эрээн хотод сурдаг. Виз авахын тулд хүүхэд заавал биеэрээ байх ёстой гэсэн учраас хичээлийг нь таслуулаад ирсэн. Тэгээд хонон өнжин дарааллаад байж байтал гэнэт хүмүүс урдуур ороод ирж байгаа юм. Энд 200 гаруй хүн байна. Бидний хажууд арав орчим европ хүн байсан.

Тэднийг “Та нар босоцгоо яв. Энэ Монголын нутаг” гээд хөөгөөд байсан. Нөгөө хэд нь яахав дээ гүрийгээд л хэвтээд байсан” хэмээн ярилаа. Цаашид Хятадын Элчин сайдын яам албан ёсоор цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, иргэдийг олон хоног гаднаа уях шаардлагагүй мэт санагдав. Монголчууд болсон хойно учир зүйгээ олохын оронд хэдэн хэсэг болон маргалдаж, ухаан мэдрэлгүй зүтгэцгээж байх. Хятад руу явах гэж тэмүүлэх залуус, хүүхдээ явуулахаар улайрсан эцэг, эхчүүдийн дараалал ийнхүү эцэстээ маргаан дагуулжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [220.248.63.44] · 2018/10/13

    Хятад хүүхдүүд үнэхээр мундаг. Маш их ачаалал дунд их юм сурдаг, сахилга баттай. Оюутнууд нь бол яг л робот шиг, хэзээ ч баар сав, амралт зугаалга хөөцөлддөггүй, хичээлдээ л анхаардаг юм шүү. Сургах нь зөв. Хятад хэл ч хэрэгтэй. Харин элчин сайдын яам бүтэн 7 хоног амарч байгаад 3наас ирж оочирлох гэдэг хайран цагаа барсан хэрэг байж.


  • Эх · [103.206.195.166] · 2018/10/11

    Хятадад юу бодож хүүхдээ сургадаг байна аа,,,,


  • Зочин · [119.40.99.30] · 2018/10/11

    Нэртэйгээр нь Хятадын иргэд болцгоод тэндээ амьдраад хүүхдээ сургуульд нь явуулмаар юм уудаа.