Ардын төлөөлөлгүй МАН-ын хувь заяа  


            Саяхан болж өнгөрсөн МАН-ын 28 дугаар Их хуралд нэг ч малчин, нэг ч барилгачин, нэг ч тариаланч оролцсонгүй нь та бүхэнд нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай. Зөвхөн хэн нэгний төлөө санал өгч илүү харж билүү долоох гэсэн том дарга нарын жижиг бүлэглэлүүд учрыг нь ололгүй оролцоод буцлаа. Ардын гэх тодотголтой энэ намын Их хуралд ард түмэн бус дарга нарын төлөөлөл оролцоод явсан гэхэд болно. Дийлэнх хэсэг нь У.Хүрэлсүх хэмээх нөхрийг дэмжээд шат шатандаа сэм сэмхэн хүлээлттэй гэр гэрийн зүг гэлдэрсэн нь ойлгомжтой. Энэ бүгдээс харвал “ардын” гэх нэрнээсээ ихэд хөндийрсөн бөгөөд МАН дотор задрал явагдах нь ойлгомжтой харагдана. Айсуй 2020 оны сонгууль энэ тэр бол ярихын ч хэрэггүй. Их хурлын үеэр МАН-ын нэгэн залуу төлөөлөл намын энэ эв нэгдэлгүй байдалд дүгнэлт хийгээд “Бид тусдаа нам байгуулна” хэмээсэн нь зүгээр нэг санаандгүй хэлчихсэн хэрэг биш болов уу гэж бодогдлоо.

            Их хурлын шилийг дарж болсон Бага хурал ч Их хурлынхаа загвараар явж өндөрлөсөн. Арга ч үгүй юм. Их хурлаас сонгосон 360 гаруй нөхдийн 70 орчим хувь нь У.Хүрэлсүхийн хайрцаглаад зангарагдаад оруулж ирсэн гишүүд учраас Бага хурлаас ямар нэг эрүүл үр дүн хүлээх хэрэг байсангүй. Өөрөөр хэлбэл, намынхаа эв нэгдлийг нэгэнт хуваачихсан У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн 70 хувийг өөрсдийнхөө гар хөлөөр бүрдүүлчихсэн нь бүхий л асуудлаа муйхраар шийдэж, 2020 онтой золгохыг зорьсон нь илт. Мөнхүү МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмэж 30 хүргэн батлав. Аанай л Удирдах зөвлөлийн 60 лавхан хувь нь У.Хүрэлсүхийн хүмүүс харагдана. Нэрсийг нь хараарай. Ц.Нямдоржоос эхлээд түүний засагт багтаж байгаа хэдэн сайд, түүнд эрт эдүүгээ харъяалагдах болсон залуусаас Т.Аюурсайхан, хөгшнөөс Ө.Энхтүвшин гэсэн хэдэн гишүүдийн нэрс бий.  Яахав, М.Энхболд, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Д.Хаянхярваа нарын цөөн гишүүд өөрийнхөө үзэл бодолд тууштай зогсох улстөрийн өндөр магадлалтай. Харин Ч.Улаан нарын хаашаа ч холбирч мэдэх цөөн нөхөд бас бий. Үүнээс харвал Удирдах зөвлөлийн лавтай 65 хувь нь У.Хүрэлсүхийн хүмүүсээс бүрджээ гэж харж болохоор. Тэгэхээр одоо  МАН-аас аятай тухтай бодлого, эерэг шийдвэр хүлээх нь илүүц хэрэг юм.

            Яагаад гэхээр У.Хүрэлсүх МАН-ын Удирдах албан тушаалд гарч ирэхээрээ энэ намд өстэй юм шиг эв нэгдлийг эвдэн бусниулдаг, хоёр хуваадаг зуршилтай. Тэр ч бүү хэл гадны бодлогоор энэ улстөрийн хүчнийг бусниулаад байна уу гэж хардаж болохоор. Өнгөрөгч 2012 оны сонгуульд орохын өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нар Соц-Интерний хуралд явж ирсэн даруйд МАХН хэмээх нэрнээс “хувьсгал” гэсэн үгийг авч хаясан. Үүнийг мөн л Их хурлын хэмжээнд авч хэлэлцсэн. Энэ нэр өөрчлөх процесс нь хэн нэгэнд хаяж өгч байгаа өгөөш мэт яагаад санагдахгүй байгаа юм. Хэдийгээр авлигачин, дарангуйлагч нэртэй ч Н.Энхбаярыг шахаж, түүнд дагаар очигсодын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр 2012 оны сонгуульд МАН 26 суудал авч ялагдал хүлээсэн. Ялагдсан шалтгаан нь У.Хүрэлсүхийн адалж явуулсан, Н.Энхбаярын тордсон МАХН 11 суудал авсан явдал байв. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн энэ үйл ажиллагаанаас болж, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд бие даан нэр дэвшээд УИХ-д ороод ирснийг та бүхэн мэднэ. Нөгөө талаар УИХ-д дэвшээд ороод ирэх боломжтой бүхнээ тэр хааж боосон гомдол өдгөө ч яригдсаар буй. Тэр ч бүү хэл үүнээсээ болж буу хүртэл тулгуулаад авсан гэдэг.

Ерөөсөө сонгуулийн босгон дээр хэргээр юм шиг нэр сольсон энэ ажиллагаа нь өрсөлдөгчдөд том боломж бүрдүүлж өгсөн юм. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар 2012 оны сонгуульд орохоос өмнө У.Хүрэлсүх “Нам ялагдвал сайхан амарна. Тэгээд л Ерөнхий сайд болохоор зүтгэнэ дээ” хэмээсэн маш ойрын эх сурвалжийн үг бий. Үүнээс үзвэл энэ явдал нь эртний төлөвлөгөө мэт. 2012 оны сонгуулиар намын жагсаалтад эрэмбэ эдлээд УИХ-д орж ирсэн ч тэрбээр хувийн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж одсон нь ч санаандгүй хэрэг биш болов уу. Ийм том зорилгын төлөө явж байсан эр хүн эхнэр өвдсөн төдийд бүрэн эрх түдгэлзүүлэхгүй нь ойлгомжтой. Шалтгаантай бол бүтэн жилээр ч явж болдог л алба шүү дээ. МАН-ын С.Баяр, АН-ын Б.Наранхүү гээд сонгодог жишээ байж л байна. Тэр тусмаа Б.Наранхүү шиг дөрвөн жилд дөрвөн удаа ирж суухад дөрвөн ч эхнэр эмчлэх хугацаа биз дээ. Тэгэхээр энэ бол шалтгаан биш ээ.

            Ийнхүү өнөөдөр У.Хүрэлсүх МАН-ыг бас л их үнээр авч байна. Үнээр гэдэг нь мөнгөн дүнгийн ямар нэгэн хэмжүүр биш шүү, МАН-ын мянга мянган гишүүдийн итгэл зүтгэлийг булшилж, энэ намын үнэ цэнийг шалан дээр унагааж, магадгүй хэтдээ тусгаар тогтнолд ч асуудал үүсгэж мэдэхээр үнэ цэнээр авсан. Тэр тусмаа өрсөлдөгч АН-тай үгсэн хуйвалдаж Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлэх хэмжээний хүнээр удирдуулж байж авсан нь их л үнэ цэнэ байж таарна. Дахин хэлэхэд одоо МАН-аас ямар нэг эерэг зүйл харахын ч хэрэггүй. Хэдэн жилийн өмнө МАН-д санаа тавьдаг эрх бүхий нөхөд нэг мэргэн түргэн хүнээр намын хувь заяаг үзүүлсэн гэх ойрын эх сурвалжийн яриа бий. Тэр мэргэн “Энэ намыг Сүх-ээр эхэлсэн нэртэй хүн үүсгэн байгуулсан. Одоо Сүх-ээр төгссөн нэртэй хүнээр төгсөх юм байна. 100 нсныхаа ойг бүтэн үзэх болов уу үгүй болов уу” гэсэн гэдэг яриа нам дотоодын учир мэдэх хүмүүсийн дунд ярьж л байдаг зүйл.

            МАН өнөөдөр дээд түвшиндээ хангалттай хоёр хуваагдсан. Мэдээжийн хэрэг дээдэхийн савлагаа дунд, бага шатанд нөлөөлнө гэхээр хоёр хуваагдсан нь ойлгомжтой. Нам байгуулах тухай яриа ч дэмий зүйл биш. Н.Энхбаяр нам байгуулаад УИХ-д арав гаруй суудал авч болдог юм чинь гал цогтой залуус салаад явахад МАН-ын буйр харладаггүй юм гэхэд эзгүйрч л харагдана.

С.Ууганбаяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.9.41.142] · 2017/11/27

    МАН-д шинэчлэл эхлэх, МАНАН-г саармагжуулах хурал боллоо. Цаашид төрдөө шударга, үнэнч хүмүүсээр бэхжүүлэх нь чухал. Амжилт хүсье.


  • ЗОЧИН · [202.9.43.227] · 2017/11/27

    УИХ-Д ЗААВАЛ УЛААНБААТАР ХОТОД БАЙГАА МӨНГӨТЭЙ ХҮН ДЭВШҮҮЛЭХ ЁСТОЙ БОЛСОН ТЭД ИХЭВЧЛЭН БАЯН АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ХООРОНДОО ИХ ӨРТЭЙ БАЙДАГ УЛС ТӨРИЙН ХЭДЭН ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ БОДЛОГООР ОРУУЛААД БУСДЫГ СОНГОХ ЧУХАЛ 20-30% ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХУРАЛД СУУХГҮЙ БОЛ СУМАНД ЧЕНЖ, ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ ХУДЛАА ИХ МЭДЭГЧ НАР АРД ТҮМЭН ДЭЛГҮҮРТ ӨРТЭЙГ ӨӨР НЬ БАРЬЦААЛААД СОНГОГДООД БАЙНА


  • зочин · [202.9.43.75] · 2017/11/27

    энэ нам өнгөрсөн шүү,бүх мэдэл женко,топор,херод очсон намын төлөөлөгч гэж толгой гүй албатууд байсан байна. их хурал тар