Өнгөрсөн оноос Монгол Улсын мэдэлд бүрэн шилжсэн “Монголросцветмет” төрийн өмчит компанитай холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэж эхэллээ. Улсын мэдэлд шилжээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус үйлдвэрийн төлөвлөгөө тасарч үйл ажиллагаа доголдсон тоон баримтуудыг хэвлэлүүд мэдээлсэн байна. Тодруулбал “....“Монгол-росцветмет” ТӨҮГ-ын 2019 оны борлуулалтын орлого 13.3 тэрбум төгрөгөөр тасарсан. Энэ нь өөрсдийнх нь тайлбараар ФФ-95 флотацын баяжмалын гол худалдан авагч болох ОХУ-ын “Галополимер” компанитай 2019 оны гэрээ хийгээгүй гэсэн албан ёсны тайлбар байна. Тиймээс ФФ-95 баяжмалын борлуулалтын орлого 14.4 тэрбум төгрөгөөр тасарч 57.3 хувийн гүйцэтгэлтэй болжээ. Мөн бүхэллэг жонш ФК-75 нь ФФ-95 маркийн флотацын баяжмалын үйлдвэрлэлийн технологийн явцад үйлдвэрлэгддэг тул мөн дээрх хүчин зүйлсээс хамаарч борлуулалтын орлого 1.9 тэрбум төгрөгөөр тасарч 11.6 хувийн биелэлттэй болсон байна. Алтны борлуулалтын орлогын төлөвлөгөө нь 8.6 сая төгрөгөөр тасарсан” гэжээ.
2019 онд гэхэд борлуулалтын орлого нь 13.3 тэрбум төгрөгөөр тасарна гэдэг асар том алдагдал. Гэтэл үйл ажиллагаа нь доголдож, борлуулалт тасарсан төрийн өмчит үйлдвэрийн данснаас эрх мэдэлтнүүд хувьдаа ашиглаж байжээ.
Тэдний нэг бол Уул уурхайн сайд Г.Ёндон. Тэрээр Г.Ёндон 2018-2020 оны зургаан сар хүртэл төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан нэгэн. Яг л үйл ажиллагаа доголдсон цаг хугацаанд. Тэрээр Гёте бүрэн дунд сургуульд суралцдаг өөрийнхөө хоёр хүүхдийн төлбөрт 11.2 сая төгрөг шилжүүлсэн баримт энэ байна.
Тодруулбал,
-2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр 5.600.000 төгрөг “Сургалтын төлбөр 2А анги Ёндон овогтой Амира” гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн байгаа юм.
-2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр 5.600.000 төгрөг “Сургалтын төлбөр 6А анги Ёндон овогтой Арвис” гэсэн утгатайгаар Гёте сургуулийн дансанд шилжүүлжээ.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын дансыг хувийн мэтээр ашигласан нь сайд Г.Ёндонгоор тогтохгүй. Тус үйлдвэрийн ерөнхий инженер П.Машбат гэхэд “Шинэ Монгол Харүмафүжи” охин М.Номингийн сургалтын төлбөрт 6 сая 480 мянган төгрөг шилжүүлсэн баримт байна.
Мөн “Монголросцветмет”-ийн Бор Өндөр дэх уулын баяжуулах үйлдвэрийн уурхайн захирал Б.Магсаржав охин М.Энхмаагийнхаа сургалтын төлбөрт 12 сая 166 мянган төгрөгийг сургалтын төлбөр нэрээр шилжүүлжээ.
Хүүхдийнхээ сургалтын төлбөрт ингэж шилжүүлсэн дарга нарын хэрэглээ үүгээр дуусаагүй нь гарцаагүй.
Төрийн өмчит компани дарга нарын амьдралыг угждаг "Эрдэнэт"-ийн дараагийн том жишээ энэ ажээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn