ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын дуулиан одоогоос гурван жилийн өмнө дэгдэж байв. УИХ-ын гишүүд, яам, Тамгын газрын сайд, дарга нар гээд эрх мэдэлтэй хүн бүр жирийн иргэдэд зориулсан зээлээс хүртсэн баримтууд олон нийтэд ил болсон.
Уг хэргийн мөрдөн шалгалт удаан хугацаанд үргэлжилж эхнээсээ шүүхээс ял сонсож эхэлсэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Дамба-Очир нар байв. Б.Ундармаа өөрийн эзэмшлийн "Доктор миек" компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хоригдохоор болсон. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт давж заалдах шатны шүүх хуралдаж, Б.Ундармаад оноосон хорих ялыг торгуулийн ялаар сольсон байдаг. Тодруулбал, Б.Ундармаа 2.6 жил хорих ялын оронд 40 сая төгрөг төлөхөөр болсон юм.
Тэгвэл Б.Ундармаатай хамт шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир мөн шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр анхан шатны шүүхээс 3 жил 6 сар хоригдох ял сонссон билээ.
Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 29-ний өдөр товлогджээ. Шүүх Б.Ундармаагийн адилаар Д.Дамба-Очирт өршөөл үзүүлэх үү?
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn