Орифлэйм Монгол компани цар тахлын үед УОК-т 100 сая төгрөг өнөөдөр хандивлалаа. Олон улсын Улаанзагалмай эмзэг бүлгийн 1000 өрхөд хүнсний багцаар өнөөдрөөс тусалж эхлээд байна. 10 кг гурил, талхнаас эхлээд чадах чинээгээр тусламжийн аян өрнүүлж байгаа иргэд 100, 100-гаараа байна.
Харин манай улсад хүнд хэцүү аль ч цагт гэдийж л байдаг нэг л салбар байна. Тэр нь банк. Банк бол Монголын санхүүгийн зах зээлийг бүрэн атгасан салбар. Банкны ашиг ямар байдгийг монголчууд хангалттай мэднэ. Энэ хатуу хөл хорионы үед хамгийн ихээр хөндөгдөж байгаа асуудал бол ард иргэдийн банкнаас авсан зээлийн хүү. Тэг зогсолт зарлаж ажил үйлчилгээ эрхэлж орлого олж чадахгүй байгаа иргэдийн банкны зээлийн хүү өдөр өдрөөр нэмэгдээд л явж байгаа.
Гэтэл банкууд гэдийсээр л байна. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар банкны зээлийн хүүг багасгах, тэглэх асуудлыг гишүүд бүр Монголбанкнаас лавлалаа. Гэвч Монголбанк “Боломжгүй” гэдэг хариулт л өгсөөр байв. Засгийн газраас 2020 оны долдугаар сарын 1 хүртэл банкны зээлийг хүүг хойшлуулсан хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ бол ард иргэд, аж ахуйн нэгжид тийм ч их тустай ажил биш юм. Тэдэнд ийм хэцүү үед зээлийн хүү 7 сарын сараа бөөнөөр төлөх бус, багасгах ажил л чухал.
Цар тахал 2019 оны сүүлчээр яригдаж эхлэх үеэс л банкны зээлийн хүүг ярьж эхэлсэн. Монгол Улсад гадаадаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж дотоодод хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож эхлэх үеэс иргэд, аж ахуйн нэгжид банкны зээлийн хүү дарамт болж эхэлсэн. Харин өнөөдөр бүр тэг зогсолт зарлаад байна. Бүтэн жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд амь тавин бухимдаж байгаа зээлийн хүүн дээр Монголын банкууд дүлий дүмбий оргисоор л байна.
Нэгэн ч гарч ирээд “Манай банк нийгмийн хариуцлагын хүрээнд зээлийн хүүгээ тэдэн хувиар багасгалаа” гэж хэлэх зоригтой, хариуцлагатай банк алга. Уг нь зээлийн хүүг багасгах бүрэн боломжтойг банкирууд хэлсээр байгаа.Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин цалин болон бизнесийн зээлийн дундаж хүүг ядаж 16.4-21.6 хувиас 11 хувь болгож бууруулах саналыг Монголбанк, Засгийн газарт хүргүүлжээ. Ядаж л Монголбанк эх үүсвэрээр арилжааны банкуудыг хангаж хүүгийн орлогын дутагдлыг багасгах боломжтой гэж тэрээр мэдэгдэж байна.
Харин банкууд таг л байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР