fbpx

Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө


Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

Амьдрал ялна

Коронавирусын паник дор жам ёс мартагдаад байна. Хүн төрөхтэй хамт амьдрал, үхэл хоёр хамт эхэлдэг. Агшин тутамд хүн алгуур үхэж байдаг. Зарим агшин илүү сайхан, гэхдээ илүү эрсдэлтэй. Хүн осолдох эрсдэлээ үүрээд аян замд гарч, хавдар тусах эрсдэлээ бас шингээгээд амттай хоол идэж, тухайн агшнуудыг амьдарч мэдэрч, тэр агшиндаа бас үхэж байдаг.

Төр хэмээх дундын үйлчлэгч эдгээр эрсдэлийг багасгах үүрэгтэй болохоос тэг болгох эрхгүй. Учир нь үхэл амьдрал нэг бүхэл учраас нэгийг нь тэглэнэ гэдэг нөгөө нь бас тэг зогсохын нэр. Тиймд төр аюулгүй зорчих зам татаж, жолооны хууль дүрэм баталдаг болохоос замд гарахыг хорьдоггүй. Хоол хүнсний стандарт тогтоож, агаарын бохирдолтой ажилладаг болохоос идэж уухыг, агаар амьсгалахыг хорьдоггүй. Төр үүссэнээс хойш хаа хүртэл эрсдэлийг багасгаж, хаа хүртэл амьдралыг хянах вэ гэсэн чухам энэ балансыг л хайж янз бүрийн дэглэмүүд үүсч иржээ.

Ковид-19 зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий даяар энэ балансын эрэл хайгуулд асар том шок болсон. Учир нь амьсгалын замаар халддаг, чиний сонголтоос үл хамааран тархах шинжтэй, хоёрт нас баралтын хувь бусад томуу, хатгаанаас өндөр.  Тиймд улс улсын засгийн газар урд хожид оролцоогүй хэмжээнд амьдралд оролцож, аль болох хянах, зогсоох арга хэмжээнүүд авч хэрэгжүүллээ. Гэхдээ эдгээр арга хэмжээнд хоёр дилемма зайлшгүй дагалдав. Нэгд, хөдөлгөөн зогсохоор нэг эрсдэлийг багасгаж, ядуурал зэрэг нөгөө эрсдэлийг нэмнэ. Хүмүүсийн харилцаа ба хөдөлгөөн дээр тогтож буй комплекс дэлхийд гарсан анхны том тахал, шинэ туршилт учраас энэ өгөө авааг тооцох амаргүй. Хоёрт, дээр дурдсанчлан эрсдэлээ шингээгээд амьдрах хүний хүсэл, жам ёсонд төрийн захиргаадалтаар урд хожид байгаагүй хэмжээнд оролцсон нь хаа сайгүй хэлэлцүүлэг өдөөж, зарим газар жагсаал эсэргүүцэл гарахад хүртэл хөтлөв.  

Жам ёс хэзээд дийлдэг. Амьдрал аяндаа анх үүссэн шокыг бага багаар шингээж, глобал түвшинд бодлогын хатуу арга хэмжээнүүд зөөлрөх хандлагатай байна. Төрийн арга хэмжээнүүдийг хамгийн нягт, дэлгэрэнгүй мөрдөж байгаа Оксфордын датабэисээс харахад “stringency index” буюу бодлогын хатуу чанд шинж олон улсын дундажаар энэ оны 4 сарын сүүлээр оргилдоо хүрч 80% орчим болоод тэндээсээ буурах хандлагатай 60% орчимд явж байна. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын энэ индекс 85,19 буюу хамгийн хатуу, энэ тахалд хэдэн зуун мянган хүнээ алдсан орнуудаас ч хатуу дэглэм дор ажиллаж байна.

Монголд бол төр ялна

Богино хугацаанд хатуу дэглэмээр хумьж авахыг иргэд дэмжсэн. Гэхдээ ялангуяа Монголд аливаа зүйл амархан хөл толгойгоо алддаг тул энэ зуур үхлээс хамгаалах гээд байгаа юм уу, эсвэл зүгээр л амьдралтай тэмцэх гээд байгаа юм уу ойлгомжгүй болж ирээд байна.

Нэн тэргүүнд гадаадад гацагсад золиос боллоо. Нэг хэсгийн эрсдэлийг багасгахын төлөө нөгөө хэсгийнх нь хуулийн өмнө эрх тэгш амьдрах Үндсэн хуулиар дархлагдсан эрхэнд дэндүү бүдүүлэг халдсан. Энэ нь Монголын Засгийн газрын хүний эрхийн түүхэнд хийсэн шившиг, иргэн төрийн харилцаанд үлдэх гутамшиг, бидний амиа хичээсэн байдлын ноён оргил болж түүхэнд үлдэв. Хоёрт, амьдралыг тэжээгч үндсэн институц болох зах зээлд мөн л дэндүү бүдүүлэг халдах боллоо. Жилээр үйл ажиллагаа нь доголдож, дөнгөн данган тэсч байгаа хувийн хэвшлийг хэчнээн 10 саяар нэмж торгох зэрэг нь өвдсөн хүн нэмж өшигчих мэт зэрлэг бөгөөд жигшүүртэй. Гуравт, тахалд хамаагүй хувь хүний амьдрах хэв маягт хүртэл халдлага нэвтэрсэн. Согтууруулах ундаа зарах худалдан авахыг хориглож байгаа нь архи гэж юу болохоос илүүтэй манай төр гэж юу болохыг тусган харуулж буй. Дуртай үедээ зах зээлд халддаг, дуртай үедээ хувь хүний амьдралд, бүр аманд нь гар дүрдэг тийм төр.

Ийм байдалтай авирлаж байгаа нь дор хаяж гурван шалтгаантай.

  1. Чадамжийн: Хатуу, хөлдүү хоригоос өөр уян хатан бодлогын чадамжгүй
  2. Үзэл санааны: Иргэнд итгэх биш иргэнийг дарамтлах инстинкттэй, коммунист уламжлалтай
  3. Улстөрийн: Эдийн засаг, боловсрол зэрэг олон талын бус зөвхөн эрүүл мэнд, халдварын үр дүнгээр амжилтаа тооцуулах хэрэгцээ, сонгуулийн цикл. Ийм улстөрийн сэдлийг олон нийтийн сэтгэлзүй бүрдүүлж, тэрхүү олон нийтийн сэтгэлзүй нь төрийн өөрөө цацаж байгаа мэдээ, контентоос тэжээл авах цикл үргэлжилж байна.

Энэ зуурт хувийн аж ахуйн нэгжийн 72%-ийн борлуулалтын орлого 91%-с дээш хувиар буурсан,  тал нь цаашид нэг сар л ажиллах нөөцтэй гэсэн судалгаа гарлаа. Амьдралын нэг л эрсдэлийг хяналтдаа авахын төлөө хүүхдүүдийн сурах цаг хугацаа, бизнесийн эрүүл мэнд гэх мэт амьдрал бүхэлдээ золионд гарч,  энэ нь цаашлаад зээлийн эргэн төлөлт, банкаар дамжаад нийт системдээ нөлөөлөх эрсдэл ч үнэртэж эхэллээ. Ядуурал, эдийн засгийн хямралын нэг аюул бол нэг хүний эрүүл мэнд, амь бие төдийгүй нэг улсын дэглэм, улстөрд нөлөөлдөг урт замтай. Бүс нутагтаа хамгийн тайван шилжилт хийсэн, хамгийн ардчилсан Монголд эрүүл мэндээс гадна хамгаалах үнэт зүйлс өөр бий.  Түүнчлэн онцгой нөхцөлд онцгой зээл хойшлуулалт, онцгой хүүгүй хадгаламж гэх мэт ямар нэг онцгой тэнэг юм хүсэх дуу хоолой улам чангарч, аж ахуйн төдийгүй оюун санаа, сэтгэлгээний “тахал” газар авах шинжтэй болж ирээд байна.

Төгсгөлд нь

Монголд жил тутам зүрх судас, хавдар нийлээд 10 мянга гаруй хүн нас бардаг. Энэ нь нас баралтын зонхилох шалтгааны бараг 60 хувь гэсэн үг. 10 амь тутмын зургааг энэ хоёр өвчинд өгсөөр ирсэн ч үхлээс зайлсхийхийн тулд амьдралыг зогсоолгүй явж ирснээ эргэн санах болжээ. Хүн амын 10 хувьд халдвал 1480 хүн нас барах тооцоолол хийсэн тахлын аюул дор төрийг хүний амьдралын хэр гүнд нэвтрүүлж, хаа хүртэл хязгаарлах эрх өгөх вэ? Үүнийг төр дангаар шийдэх биш иргэдийн хүсэл бодлыг сонсож шийдмээр байна. Төрөөс захиргаадсан хөл хорио биш эрсдэлээ мэдсэн иргэд сайн дураар хөл хорих хувилбарт шилжиж болох юм. Би ч энэ тахлаар үхэж мэднэ, гэхдээ би төрөөр дарамтлуулж амьдаараа үхэхээс илүү өөрөө сонгоод үхэх эрх чөлөөг захиалж байна. Өнөөдөр Бүгд найрамдах улсаа зарласан өдөр. Өвдөвч, амьдравч, үхэвч тэр нь төрөөс биш өөрөөс болсон байдаг тэр эрх чөлөөний төлөө “бүгдээр найрамдсан” гэдгээ битгий мартаарай, тахал дэгдэж дажин болж байсан ч.

Эх сурвалж: Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ https://www.trends.mn/n/9620


Энэ мэдээ таалагдаж байвал: