Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,429 болсноос 896 хүн эдгэрч, 522 хүн эмчлүүлж байна.
Улаанбаатар хотод үүсээд байсан БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой томоохон голомтын тохиолдлын эрч буурч байгаа бол "Ачтан" эмнэлгийн голомт эмч, эмнэлгүүдийн ажилтнуудтай холбоотой болох нь тодорхой болж байгааг тэрээр хэллээ. Учир нь тус эмнэлэгтэй холбоотой хавьтлууд болох өвчтөн, хэвтэн эмчлүүлэгчид, амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй байна. "Мөнххада" компанийн тухайд шинээр илэрч байгаа тохиолдол 10 дотор байна.
PCR шинжилгээнд нийслэлийн 70 мянган иргэнийг "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээнд хамруулсан.
Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлэг, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.
Цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР