УИХ-ын Нэгдсэн чуулганаар өнгөрсөн баасан гаригт Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хэлэлцүүлэг ихээхэн халуун өрнөв. Гишүүд шударга ёс, хууль тогтоохын төлөөх энхийн цагаан тагтаа мэт аашлав. Гишүүн бүр л шүүгчдийн муу муухай талаар баримт сэлт, байр сууриа илэрхийлнэ лээ. Монголын шүүх булингартсан нь үнээн. Үүнийг батлах олон баримт бий. Гэхдээ энэ баримтыг гишүүд хэлэх нь ерөөс авцалдахгүй байна. Яагаад гэвэл шүүхийг булингартуулах, шүүгчид хэн нэгний эрх ашгийн төлөөх шийдвэр гаргах шийдвэрт улстөрчид өөрсдөө хамгийн гол нөлөөтөн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Салхитын мөнгөний орд, за тэгээд улстөрчдийн өдөөсөн хэргүүдэд парламентаас л гар хөл оролцож, шүүх булингартсан байдаг.
Гэхдээ бүгд биш. Монголын шүүхийн саарал байшингуудад үнэнч шударгаар, хүний эрхийг дээдлэн алхаа цохиж байгаа үйл олон шүүгчид бий. Нүүрс хөтөлбөрийн Л.Гансүхийн хэрэгт хамсаатан болсон нягтлан бодогч Мөнгөнтуяа гэх бүсгүйг мөрдөн байцаагч, прокурорын шатанд гэмт хэрэгтэн болгон яллаж байсан ч шүүхийн шатанд л цагаадсан шүү дээ. Хуулиа дагадаг олон шүүгч бий.
Гагцхүү саяны шинэ хуулийн төсөл дээр тэднийг өмөөрөх хүн гарсангүй. Уг нь энэ байгууллагын толгой болж, улсын төсвөөс ихээхэн тансаг үүссэн Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага бий. Тэдэн шударга шүүгчдээ хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь тэд таг дүлий байсаар, улстөрчдөд өөд уруугүй загнуулсаар баасан гаригийн хуралдаан өндөрлөсөн дөө.
УИХ-ын чуулганы индэр дээрээс гишүүдийн эгч өөдөөс хууль сануулан, өөрсдийнх нь булхайг дэлгэж байсан 2 хүн бий. Улсын Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан, нөгөөх нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар. Тэдний Монголын ард түмний нүүрэн дээр гишүүдийн булхай луйврыг баримттайгаар хэлж сануулж байсан дүрс бичлэг байдаг даа. Шүүхийн хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгээр яг л ийм дүр дутагдаж байлаа. Шүүгчид хэлэхгүй л болохоос улс төр, улстөрчидтэй холбоотой үй болон бусармаг баримт бий дээ!!!
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР