Өнгөрсөн 2017 онд ашиг орлого, татвар, хөрөнгөөрөө тэргүүлсэн эхний 100 компанийг танилцууллаа. Жил бүрийн энэ өдөр Ерөнхий сайд шилдэг 100 ААН-ийн захирлуудад Төрийн ордонд өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.
2016 онтой харьцуулахад ТОП 100 ААН-ийн цэвэр ашиг 2017 онд 81 хувиар өсөж, 269 тэрбум төгрөгт хүрснийг ҮСХ мэдээлсэн юм. Өнгөрсөн оны жагсаалтыг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлж, “ЭТТ”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “МАК”, “Тийсс Монгол”, ТТ ХК зэрэг уул уурхайн компаниуд араас нь жагсжээ. "Эрдэнэт" үйлдвэр 5 дахь жилдээ энэ жагсаалтын эхэнд бичигдэв. Харин "Оюутолгой" ерөнхий эрэмбэд нэг байр ухарсан байна.
Өнгөрсөн оны дундаас уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь энэ салбарынхан ашигтай ажиллах нөхцөл бүрдэж ашиг орлог нь ийнхүү нэмэгдсэн байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр татвар, ажиллагсдын тоогоор тэргүүлж, борлуулалтын орлогоор 2-т, ашгийн хэмжээгээр 3 дугаарт байна. “ЭТТ” ХК ашиг, хөрөнгийн үзүүлэлтээр тэргүүлэн, улс, орон нутагт төлсөн татвараар 3 дугаарт, борлуулалтаар 4-т, харин ажиллагсдын тоогоор 37 дугаарт жагсав.
Энэ нь тус компани Баруун, Зүүн Цанхид туслан гүйцэтгэгч компаниудаар олборлолт явуулдагтай холбоотой. “Оюутолгой” компани борлуулалтын орлогоор тэргүүлсэн ч татварын дүн хэмжээгээр “Эрдэнэт”-ийн дараа жагслаа. Мөн ашгийн эрэмбэд уул уурхайн бусад компаниудтай харьцуулахад хойгуур буюу 10 дугаарт байна. Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” компани борлуулалтын орлогоор улсын хэмжээнд буюу 3 дугаарт байгаа ч татварын дүнгээр 43-т буюу хойгуур жагссан нь анхаарал татлаа.
Тус компани өмнөх онуудын алдагдлаа нөхсөн тул төлсөн татвар нь бага байх магадлалтай. Нүүрсний үнэ унахад тус компанийн Хонконгийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш буурсан ч сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байгаа юм. МАК ашгаараа дөрөвдүгээрт, хөрөнгийн хэмжээгээр 5, татварын дүнгээр долдугаарт жагсжээ. Гаднын хөрөнгө оруулалттай, “Тийсс Монгол” компани татвараар 6-д, ашгийн хэмжээгээр 6-д, борлуулалтын орлогоор 8 дугаарт тус тус жагссан байна. Дашрамд дурдахад ашиг орлогоор тэргүүлэгч байгууллагын эхний 10 жасаалийг гаргахал сүүлийн жилүүдэд 20 хүрэхгүй комдпаний дунд энэхүү өрсөлдөөн болдог аж.