УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй зарим гишүүд өнөөдөр ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаараа мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулж байна. Үүнийг дэмжиж тусгай хяналтын дэд хороо дэмжиж, хамтарч ажиллах тогтоолын төсөл оруулсан. Түр хороо аливаа асуудлаар хяналт шалгах бүрэн эрхтэй. Түр хороонд ЖДҮ-чдийг оруулахгүй. Харин УИХ-ын гишүүн миний бие, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Ганболд, Н.Амарзаяа, А.Ундраа гишүүн байна. АН-аас Б.Пүрэвдорж гишүүнийг оруулах саналаа өгсөн" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хууль хяналтын байгууллага өргөн бүрэлдэхүүнтэй шалгаж байна. Гэтэл заавал Түр хороо байгуулах шаардлагатай юу?
-Хуульд эрх нь байна.
-Та бүхэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөнд автахгүй гэх баталгаа байна уу. ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дунд гурван ЖДҮХС-гаас зээл авсан гишүүн банйа?
-Ерөнхий сайд өөрөө нөлөөнд автсан байна. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан гэх ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга, дэд сайд нартайгаа л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад Я.Содбаатар, Н.Цэрэнбат гэх сайдуудтайгаа хариуцлага ярихгүй байгаа юм бэ. Тэгэхээр Түр хороо санал, дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй. Үүрэгтэй. Үүнийгээ УИХ-д оруулна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож чадахгүй байна.
-Хууль хяналтын байгууллага шударга шалгаж чадахгүй байна гэж үзэж байгаа юм уу?
-Нэг үндэслэл нь. Сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод байна. Яагаад гэхээр энэ асуудалд Засгийн газрын гишүүд холбогдсон байгаа. Бүлэг дээр хачирхалтай юмнууд яригдаж байна. ЖДҮ-чин гишүүд "Би авъя гээгүй байхад ав гэж шахсан. Ийм асуудал болох байсан юм бол хэрэггүй авдаг байж" гэдэг ч юм уу хачирхалтай үгийг ярьж байна.