Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан эхнэр, хүүхдүүд болон өөрсдийнхөө нэр дээр бүртгэлтэй компаниудаар дамжуулан жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авч, нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр тансаглан жинхэнэ бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхэлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн эгэл жирийн олон зуун иргэдийг хясан боогдуулсан УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргийн дуулиан шуугиан мөддөө тасрахгүй юм байна. Тэдгээр хорь гаруй улс төрчдийн дунд хувьдаа Банк бус санхүүгийн байгууллагатай хүн цөөнгүй бөгөөд түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй ажээ. Өнөөгийн Банк бус санхүүгийн байгууллагууд нь 30-40 хувийн хүүтэй мөнгө эргэлдүүлж хүүлдэг нь нууц биш юм. Иймээс хууль хяналтынхан тэдгээр хүмүүсийг нэгбүрчлэн шалгаж байна. Юун түрүүнд одоо УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ж.Энхбаяр, Л.Энхболд мэтийн хүмүүсийн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг онилон мөрдөх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Б.Ундармаа нь Катитал банкыг өөрийн нөхрийн хамт байгуулаад олон жил болж буй төдийгүй 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Капитал премиум” гэдэг Банк бус санхүүгийн байгууллагатай гэж мэдүүлж байжээ. Гэтэл өнгөрсөн оны 7 дугаар сард тэрхүү “Капитал премиум” Банк бус санхүүгийн байгууллагынхаа нэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөг төгрөг зээлдсэнээс гадна хоёр жил гаруйн өмнө бас Капитал банкиндаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 40 гаруй тэрбум төгрөгийг татаж аваад эргэлдүүлж байжээ. Б.Ундармаагийн зуун хувийн эзэмшлийн “Капитал премиум” Банк бус санхүүгийн байгууллагын хадгаламжийн жилийн хүү нь 36 хувьтай байгаа юм. Иймд Авлигатай тэмцэх газрынхан түүний гэр бүлийн “Капитал” банк болон “Капитал премиум” банк бус санхүүгийн байгууллагынх нь баримтуудыг хураан авчээ.
Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум 950 сая төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь “Газар капитал”, “Газар партнес” гэдэг хоёр ч Банк бус санхүүгийн байгууллагатай аж. Түүний эдгээр банк бус санхүүгийн байгууллагууд нь жилийн 26-30 хувийн хүүтэй зээл олгодгоороо бусдаас арай өгөөмөр, нүнжигтэй гэгддэг тул эрх мэдлээ ашиглаж авсан их хэмжээний мөнгөө эргэлдүүлж байгаад хэдэн зуун саяар өсгөж авахыг хүсэхгүй баячууд гэж үгүй биз. Бас Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины ноцтой хэргийн дараагаар тус яамны сайдын суудалд залраад удаагүй байсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар гэхэд “Тэнүүн капитал” хэмээх Банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм. Тэрбээр хоёр удаагийн үйлдлээр нийтдээ хоёр тэрбумын зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан илэрч, сүүлдээ улайгаад ирэхээрээ давхар дээлийнхээ нэгийг тайлахаас аргагүй болжээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” гэдэг Банк бус санхүүгийн байгууллага нь ч мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 950 сая төгрөгийн зээлээр тогночиж байв. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувь эзэмшдэг “Ирээдүй инвест” хэмээх Банк бус санхүүгийн байгууллага нь Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад салбартай юм байна. Энэ мэтээр тоочоод байвал одоогийн УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь ялангуяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авч эргэлдүүлэн мөнгө угаасан байж болзошгүй улс төрчдөөс арваад нь лав Банк бус санхүүгийн байгууллагатай байгаа ажээ.
Илэрхий бүлэг дээрмийн шинжтэй ийм хэргийг анх сэдэж, Засгийн газрын тогтоол гарган Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмыг нь өөрчилж, эрх мэдэлтнүүдэд мөнгө угаах боломжийг бүрдүүлж өгсөн хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат юм билээ. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх түр журам гэгчийг батлан нэн яаралтайгаар 36 тэрбум төгрөгийг тус санд шилжүүлэн, зээл олгох эрхийг нь тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Сэргэлэнд олгосон байв. Тэгээд Засгийн газрын тэрхүү тогтоолын дагуу 2016 ондоо багтаагаад сайд П.Сэргэлэн нь УИХ-ын баахан гишүүд, томоохон албан хашиж буй намынхаа нөхдөд тараагаад дууссан байлаа.
Дараа нь харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нь эхнэрийнхээ нэр дээр байдаг, өөрөө хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авч өгөөд, УИХ-ын бусад гишүүддээ ч бас найр тавин зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гаргасан луйврын жимээр эрх мэдэлтнүүд нь усны үхэр шиг цувж очоод зээл аваад яваад байжээ. Одоогоор энэ хэрэгт тус сангийн ажилтан голцуу зургаан хүн нь цагдан хоригдоод байгаа бөгөөд удахгүй УИХ-ын дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхлэх нь тодорхой болоод байгаа аж. Харин хэргийн эзэн хэнгэрийн дохиур Ж.Эрдэнэбат нь сүүлийн үед энэ талаар А-ч гэж дуугарах сөхөөгүй, хумсаа нуусан муур шиг харьчихаад чимээ аниргүй сууж байна.
О.Баяр
Шуурхай.мн