“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалтыг энэ сарын 22-25 хүртэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтын фото мэдээллийг хүргэж байна.
Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх, улс, орнуудад дэмжлэг үзүүлэх төдийгүй дэлхийн түвшний мэдээллийг НҮБ-ын Статистикийн комиссын чуулганд мэдээлэх үүрэгтэй.
Уулзалтад АНУ, Ангол, Аргентин, Дани, Унгар, Эквадор, Кени, Танзани, ӨАБНУ, Суринэм, Мьянмар, Их Британи, Мароккогийн Вант Улс, Шри Ланка, Итали, Палестин, Швейцарын Холбооны Улс зэрэг 20 гаруй улс орны статистикийн дарга, төлөөлөгчид оролцлоо.
Дээд түвшний бүлгийн даргаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа сонгогдон ажиллаж байгаа. Энэ удаагийн уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Дээд түвшний бүлгийн гишүүд, Олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл оролцлоо.
Дэлхийн Банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу Дэлхийн банкны 2019 оны онцлох арга хэмжээ болон статистикийн төв байгууллагууд, донор байгууллагын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбооны талаар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт Төрийн ордонд үргэлжилсэн бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, Монгол Улсад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт Төрийн ордонд үргэлжилж, зочид, төлөөлөгчид УИХ-ын үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцлаа.
Дээд түвшний бүлгийн уулзалт Үндэсний статистикийн хороон дээр Статистикийн чадавх бэхжүүлэлтийг зохицуулах, үүгээр юуг илэрхийлж байгаа, үндэсний, бүсийн, олон улсын түвшинд зохицуулалтыг хэрхэн бий болгох талаар илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман “Улсын хэмжээний зохицуулалтын онцлох зүйлс” сэдвээр илтгэлээ.
Дани Улсын Статистикийн газрын дарга Мацей Трущински өөрийн улсын бодлого болон статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын үйл ажиллагааны талаар танилцуулав.
Парис 21-ийн дэд нарийн бичгийн газрын менежер Эль Иза 21-р зууны статистикийн хөгжлийн түншлэлийн талаар танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, амжилттай болж өндөрлөлөө.