БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг: “2019-2020 онд Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 850 гаруй сургуульд 645 мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилийнхээс 50 орчим мянгаар буюу 8.6 нэмэгдсэн үзүүлэлт аж. Цэцэрлэгт 275800 мянга буюу өмнөх жилийнхээс 15 мянгаар нэмэгдэж байгаа. Цэцэрлэг ЕБС-д нийтдээ 65 мянган хүүхэд элсэн суралцана. 44 мянга орчим багш цэцэрлэгт 10 мянга орчим багш ажиллана.
Харин их дээд сургуульд долоон мянга орчим багш 140 мянган оюутан суралцана. Энэ жил элсэлт бага авсан. Жилд 40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 мянга орчим оюутан их дээд сургуульд элсэж байгаа. Энэ нь хүн амын төрөлт, хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөнтэй холбоотой. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулсан. Зорилт тодорхой болж багш нар, хүүхэд , эцэг, эх рүү чиглэсэн зорилт тавьж, багш нарт голлох эрхийг өгсөн. Мөн хичээлийн бүтэц баталсан байгаа. Энэ хичээлийн жилд 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13 мянган хүүхдийн суудалтай 93 цэцэрлэг ашиглалтад орно.
"Нийслэлийн сурагчдыг өвөл урт амраах бол
орон нутгийн сурагчдыг мал төллөх үеэр урт хугацаагаар амраана"
Мөн энэ үеэр сурагчдын амралтын хуваарийг төлөвлөсөн талаараа танилцууллаа. 2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хэдийд амрах тухай бүтцийг батлан гаргалаа. Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ.Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх юм.
Тухайлбал, нийслэлийн сурагчид өвлийн цагт урт амрах бол орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулахаар төлөвлөсөн.
Тавдугаар сарын сүүлээр сурагчдын зуны амралт эхэлнэ" хэмээн мэдээллээ.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр манай яам анхаарч байгаа. Энэ хүрээнд БСШУС-ын сайдын тушаалаар Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг гаргасан.
Гэрээнд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог тодорхойлон гаргасан бөгөөд есдүгээр сард багтаан нийт эцэг, эх, асран хамгаалагчидтай гэрээг байгуулна гэдгийг хэллээ.