Нийгэм / 2019/11/13 / 1

"Математик, статистик загварчлалын улсын II уралдаан"-д 12 дугаар сургуулийн “шинжээч” баг шилдгээр шалгарлаа



Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн багш нарын академи хамтран зохион байгуулдаг “Математик, статистик загварчлалын улсын II уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 119 багийн 600 гаруй сурагч оролцохоор бүртгүүлсэн. Эдгээрээс эхний шатанд 10 багийг шалгаруулсан бөгөөд уралдааны II шатны шалгаруулалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулж, 11-ний өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов.

Уралдааны тэргүүн байранд Нийслэлийн ЕБ-ын лаборатори 12 дугаар сургуулийн “Шинжээч”, дэд байранд Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн “Тэмүүлэл”, гутгаар байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн “Ирээдүйн статистикчид” баг тус тус шалгарсан.

Статистикийн үндэсний хорооны нэрэмжит шагналаар Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн “Титан”, Монголын Математикийн багш нарын академийн нэрэмжит шагналаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЕБС-ийн “Эрчим”, Математикийн өвөрмөц загвар санал болгосон баг математик сэтгүүлийн нэрэмжит шагналаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн “Шинийг сэтгэгчид” баг тодорсон юм.

Түүнчлэн тус уралдаанд идэвхитэй оролцсон нийт сурагчдад шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан их дээд сургуулиудаас ирэх хичээлийн жилд хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг гардууллаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг ҮСХ болон Монголын Математикийн багш нарын академи, МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС, СЭЗИС, ОТИС, МИС зэрэг сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн комисс 9 шалгуур үзүүлэлтээр шүүж дүгнэсэн. Үнэлгээг бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, дүн шинжилгээ хийсэн байдлыг харгалзан дүгнэжээ.

Математик, статистик загварчлалын улсын II уралдаан”-ы гол зорилго Ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршиж байгаа ба ирэх жилүүдэд нийгэмд хамгийн ихээр тулгамдаж буй сэдвийг сонгох аж.

Тэргүүн байр-Нийслэлийн ЕБ-ын лаборатори 12 дугаар сургуулийн “Шинжээч" баг

Дэд байр- Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн “Тэмүүлэл” баг 

Гутгаар байр- Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн “Ирээдүйн статистикчид” баг 



  • B BATTUGS · [103.11.192.34] · 2019/11/13

    MNI OHIN BAGIIN AHLAGCH TERGYYN BAIRAND ORSON 12R SURGUULIIN BAGIIN AAW N BAHARHAJ BNA