Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Байнгын хорооны гишүүд ч энэ саналыг дэмжсэн юм. Мөн өчигдрийн чуулганы хуралдаанаар энэ саналыг дэмжсэн билээ. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн зөрчилтэй заалтууд орж ирснийг анхааруулаад зарим заалтыг эргэж харах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга өгсөн чиглэлээ сануулсан юм. Улмаар чиглэлийн дагуу ажлын хэсэг эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 11 саналыг оруулж ирж хэлэлцүүлэв. Үүнд дунд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг ажлын хэсэг оруулж иржээ.
Дээрх заалтыг хасъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Үдээс хойших чуулганы хуралдаанаар уг заалтыг хуулийн төслөөс бүр мөсөн хасах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрвээ хасвал МАХН-ын Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй болох нь.