ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энхийн яриа хэлэлцээг дахин эхлүүлэх саналыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд тавихдаа Гвиней-Биссау улсын ерөнхийлөгчөөр дамжуулсан тухай мэдээ саяхан цацагдсан юм.
Тэгвэл уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч өчигдөр няцаажээ. Гвиней-Биссау улсын ерөнхийлөгч Умаро Сиссоко Эмбало өнгөрсөн Мягмар гарагт Москва хотноо айлчлахдаа ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан юм.
“Африкийн түнш маань Путиний байр суурийг Украины талд дамжуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ бид энэ санааг хэрэгжүүлээгүй, ямар нэг захиа дамжуулаагүй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.
Уулзалтын үеэр Путин талуудын энхийн гэрээний явц ямар шатанд хүрээд мухардсан, Украины тал тохиролцоонд хүрэх сонирхолгүй байгаа зэргийг Гвиней-Биссау улсын ерөнхийлөгчид тайлбарласан гэнэ.
“Украины талын хэлэлцээ хийх хүсэлгүй байдал, өмнөх тохиролцооноосоо буцсан зэрэг нь Вашингтоны заавраар хийгдсэн үйлдэл болохыг ерөнхийлөгч зочиндоо тайлбарласан” гэж Песков энэ үеэр мэдээлжээ.
Орос улсын байр суурь анхнаасаа өөрчлөгдөөгүй ба хэлэлцээ хийх эсэх нь цэвэр Украины талын хүсэл сонирхол болоод буйг тэр бас онцолсон байна.
Эх сурвалж: ТАСС