
Арваннэгдүгээр сарын 19-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь буюу 92.3 хувь нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжсэн билээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төр, эрх зүйн нөхцөл бүрдээд байна. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн тэргүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой. Тиймээс сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар эсвэл гуравдугаар сард болох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.
Үндсэн хуулийн дагуу УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогийн парламентад МАН, АН, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэл суудалтай учраас эдгээр улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах боломжтой юм.
Тэгвэл ХҮН нам Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж, сонгуулийн штабаа байгуулсан гэх мэдээлэл байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгыг сонгуулийн штабын даргаар томилсон бөгөөд намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Т.Доржханд нь 1977 онд төрсөн бөгөөд 2027 онд 50 нас хүрнэ.
Тогмидын Доржханд нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн улстөрчдийн нэг. Тэрбээр 1995 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг, 1999 онд Монгол Улсын Их сургуулийг төрийн санхүүч мэргэжлээр төгсжээ. Улмаар Япон улсын Хитоцубашийн их сургуульд суралцаж, 2004 онд төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Мөн АНУ-ын Харвардын их сургуульд дэд бүтцийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр, Их Британийн Оксфордын их сургуульд санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагджээ.
Тэрбээр ажлын гараагаа 1999 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтнээр эхэлсэн бөгөөд 2003-2004 онд Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажиллаж байв. Үүний дараа Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын газрын орлогч дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажилласан байна.
2013-2015 онд АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын санд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж, олон улсын санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр туршлага хуримтлуулжээ. Т.Доржханд 2015 оноос ХҮН намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байв. Улмаар 2021 онд ХҮН намын даргаар сонгогдсон юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, анх удаа парламентын гишүүн болсон. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын жагсаалтаар дахин сонгогдож, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
2024 оны долоодугаар сард МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулснаар Т.Доржханд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон. Тэрбээр энэ албан тушаалд ажиллах хугацаандаа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын асуудалд түлхүү анхаарч ирсэн юм.
Т.Доржхандын улс төрийн замналын нэг онцлог нь уламжлалт хоёр том намын гаднаас улс төрд гарч ирсэн шинэ үеийн улстөрчдийн төлөөлөлд тооцогддог явдал юм. Түүний удирдсан ХҮН нам 2020 онд УИХ-д анхны суудлаа авч байсан бол 2024 оны сонгуулиар парламент дахь төлөөллөө өргөжүүлж, улмаар Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцох хэмжээнд хүрсэн билээ. Хэрэв ХҮН нам Т.Доржхандыг Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлбэл энэ нь түүний хувьд төрийн тэргүүний сонгуульд анх удаа өрсөлдөх улс төрийн томоохон сорилт болох юм.
Э.Солонго Sonin.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!