Шингэрүүлсэн байгалийн хий ачсан 30 гаруй тээвэрлэгч хөлөг зах зээлийн эрэлт нэмэгдэхийг хүлээн Европын эрэг дагуу хөвж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Vortexa ачаа тээврийн судалгааны компанийн мэдээлснээр дээрх хөлгүүд нийтдээ $2 тэрбумын үнэ бүхий шингэрүүлсэн хий тээвэрлэж байгаа юм байна. Тэдгээр хөлгүүд одоо Европ тивийн баруун хойд эрэг, Иберийн хойгийн эрэг дагуу хөвж байгаа гэнэ.
Оросын байгалийн хийн нийлүүлэлт багассантай холбоотойгоор Европын орнууд өөр эх үүсвэрээс хий нөөцлөх ажлыг идэвхтэй зохион байгуулснаар бүх нөөцийн сав нь дүүрээд байгаа юм.
Үүнээс гадна энэ намар Европ тивд ердийнхөөс дулаан болж буй тул хийн хэрэглээ багасаж, нөөцийн сав дундрахгүй байна.
Тиймээс тэнгист хөвж буй хөлгүүд цаг агаар хүйтэрч, хийн хэрэглээ нэмэгдэх, үнэ өсөхийг хүлээн цаг нөхцөөж байгаа ажээ.
Энэ оны наймдугаар сард байгалийн хийн үнэ Европын зах зээлд оргилдоо хүрэхэд мегаватт/цаг нь 346 евро хүрч байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт энэ үнэ 120 евро орчимд байжээ.
Эх сурвалж: The Financial Times