Ази, Австрали, Хойд Америк болон Европ, Өмнөд Америкийн зарим хэсгээс өнөөдөр тохиох сарны бүрэн хиртэлтийг харах боломжтой гэнэ.
Сар хиртэлт Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 8-ны буюу өнөөдрийн 16:02 цагаас эхлэх бөгөөд 18:16 цагт бүтэн хиртэнэ. Бүтэн хиртэлт 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт дуусах бол хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ.
Сарны хиртэлт 5 цаг 54 минут үргэлжилж, 1 цаг 25 минут нь бүтэн хиртэх юм. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болох тул дараагийн гурван жилдээ харахгүй ховор үзэгдэл байх юм.
Сарны бүтэн хиртэлт Шинэ Зеланд, Япон, Аляск, Хавайн арлуудаас хамгийн тод харагдана хэмээн судлаачид тодорхойлжээ.
Сар хиртэлт гэдэг нь дэлхий саран дээр тусах нарны гэрлийг халхалж сарыг сүүдэрлэхийг хэлдэг. Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг учиртай. Энэ жилийн нарны хиртэлт аравдугаар сарын 25-нд болсон.
Эх сурвалж: Toim.mn