“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу үйлдвэрийн ажилчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээлтэй халуун хоолоор ханган үйлчилдэг бөгөөд тендерт шалгарсан хоол үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаанд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар болон ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Шинээр ашиглалтад орсон Ерөнхий захиргааны III байрны ажилтнуудын халуун хоолноос хүнсний эрүүл ахуйч нар сорьцын шинжилгээ авч, үйл ажиллагаа, үйлчилгээнд ээлжит хяналт хийлээ. Өмнө нь Ган бөөрөнцгийн цех, Цахилгааны цех, Барилга засварын цехийн ажилчид зөөврийн хоолоор үйлчлүүлдэг байсан бол шинэ байранд төвлөрснөөр 360 гаруй ажилчин тав тухтай орчинд халуун хоолны үйлчилгээ авах боломжоор бүрэн хангагджээ. Хоолны дээжээс авсан сорьцын шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна гэж хүнсний эрүүл ахуйч Ц.Оюунгэрэл мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажилчдынхаа халуун хоолонд тогтмол хяналт шинжилгээ хийснээр хоол үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа, үйлчилгээ сайжирч, хоолны нэр төрөл олширч, шим тэжээллэг чанар нэмэгдэж байна.