
Монголын e-sports буюу цахим спортын ертөнцөд түүхэн хуудас бичиж буй “The MongolZ” баг өнөөдөр зөвхөн нэгэн багийн амжилтаар зогсохгүй, улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй бахархал болжээ.
2013 онд “Dota 2”-ын бүрэлдэхүүнээр байгуулагдаж, 2015 оноос Counter-Strike төрлөөр өргөжин, өдгөө дэлхийн тайзнаа өрсөлдөж буй тус баг олон жилийн туршлага, уналт босолтоор дамжин 2023 оноос одоогийн бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн. Тамирчид Б.Гарьдмагнай (“bLitz”), М.Содбаяр (“Techno4K”), Б.Өсөхбаяр (“910”), Б.Аюуш (“mzinho”), М.Азбаяр (“Senzu”), мөн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (“maaRaa”) нарын хүчирхэг бүрэлдэхүүн Монголын цахим спортын “Алтан үе”-ийг эхлүүлээд байна.